Хүмүүс 400,000 жилийн өмнө санаатай гал гаргаж, ашигладаг байсныг батлах баримтыг Их Британиас илрүүлснээ хэсэг эрдэмтэд өчигдөр зарлажээ.
Ингэснээр хүн төрөлхтөн галыг анх ашиглаж эхэлсэн хугацаа олон дахин урагшилж байгаа юм.
Өөрсдөө гал гаргаж сурсан нь хүн төрөлхтний түүхийн хамгийн том дэвшлүүдийн нэг болж, нийгэмших, дулаан тухтай орчинд амьдрах, хоол хүнсний чанар сайжрах, улмаар тархины хэмжээ томрох хүчин зүйл болсон гэдэг.
Африк тивд хүмүүс сая гаруй жилийн өмнө гал ашиглаж байсан шинж тэмдэг олдож байсан ч үүнийг өөрсдөө асаагаагүй, аянга цахилгаан гэх мэт байгалийн гаралтай байсан гэж үздэг юм.
Хүний өвөг дээдэс гал түлж байсан гэх баттай баримт ховор олддог нь үүнд ашигладаг багаж хэрэгсэл урт удаан хугацаанд бүрэн бүтэн хадгалагдаж үлддэггүйтэй холбоотой гэдэг.
Британийн Музейн судлаачдын удирдсан баг Английн зүүн хэсэгт орших Суффолк гүнлэгийн Барнхэм тосгоны ойролцоо газраас 400,000 жилийн өмнө ашиглаж байсан задгай зуух олжээ.
Үүнээс өмнөх гал түлж байсан хамгийн эртний нотолгоо Францаас олдож байсан ба энэ олдворын нас 50,000 орчим жил байсан юм.
“Энэ бол миний 40 жилийн ажил хөдөлмөрийн замналын хамгийн гайхалтай нээлт юм” гэж Британийн Музейн судлаач, дээрх судалгааг ахалсан Ник Эштон өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Сонирхолтой нь түүний баг энэ зуухыг хүний удам угсааны мөхсөн нэг салаа мөчир болох Неандертальчуудынх байх магадлалтай гэж дүгнэсэн байна.
Барнхэмийн археологийн талбайг анх 1800-аад оны сүүлээр нээж, эртний зааны ясаар хийсэн багаж зэвсэг илрүүлж байжээ.
Харин зуух байж болзошгүй зүйлийн ул мөрийг 2021 онд анх илрүүлсэн байна. Энд түлдэг гал байгалийн гаралтай биш байсныг батлахын тулд дөрвөн жилийг зарцуулжээ.
“Эндээс төмрийн пирит илэрсэн нь нээлтийн эргэлтийн цэг болсон” гэж Эштон тайлбарласан юм.
Энэхүү эрдэс бодис нь хавирахад оч үүсгэх чадвартай бөгөөд тухайн газарт ховор байдаг гэнэ. Тиймээс эртний хүмүүс үүнийг зориуд ашиглахаар өөр газраас энд авчирсан гэж үзсэн байна.
Гал гаргаж сурсан хүмүүс харанхуйд хамт байх боломжтой болсноор хоорондоо харилцаж, нийгэмших зам нээгдсэн гэдэг.
Бас илүү хүйтэн газар орныг нээх, суурьшлын хүрээгээ тэлэх боломжтой болжээ.
Гэхдээ хамгийн чухал дэвшил нь хоол хүнсэнд гарсан өөрчлөлт гэж үздэг.
“Бид бол дэлхий дээр амьдарч байгаа бүх амьтдаас чанаж болгосон хүнс хэрэглэдэг цорын ганц төрөл зүйл” гэж дээрх судалгаанд оролцоогүй АНУ-ын Мэрилэнд мужийн Гэгээн Мэригийн Коллежийн пироархеологич Сара Хлубик тайлбарлажээ.
Хоол хүнс, ялангуяа махыг болгож сурснаар түүнийг шингээж боловсруулахад зарцуулдаг байсан их энерги чөлөөлөгдөж, тархины хэмжээг томруулахад зориулагдсан гэдэг.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!