Уншиж байна ...

Талибаны дэглэм “Peaky Blinders” цувралын хэв маягаар хувцасласан афган залууст анхааруулга өгчээ

Т.Давааням, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Талибаны засгийн газрын ёс суртахуун, ариун уламжлалын газар “Peaky Blinders” алдарт телевизийн цувралын хэв маягаар хувцасласан дөрвөн афган залууд анхааруулга өгч, засан хүмүүжүүлэх арга хэмжээ авчээ.

Дээрх цуврал нь Афганистаны соёлд харш, Исламын шашны үнэт зүйлстэй зөрчилдөж байгаа тул ийм арга хэмжээ авснаа Талибаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Англид болсон үйл явдлыг үзүүлдэг “Peaky Blinders” цувралын баатруудтай ижил хэв маягаар хувцасласан залуусын дүрс бичлэгүүд саяхан интернэтэд тарсан юм.

Хорь гаруй насны эдгээр залуус Афганистаны Херат мужийн Жибраил хотын оршин суугчид юм байна.

Талибаны ёс суртахууны цагдаагийн албаныхан тэдэнд Ням гарагт зарлан дуудах мэдэгдэл өгчээ. Маргааш нь залуус мужийн төв Херат хотод ирж, байцаалт өгсөн байна.

Дараа нь тэднийг баривчлаагүй, харин зөвлөгөө өгч, “засан хүмүүжүүлэх” хөтөлбөрт хамруулаад буцаасныг Талибаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

“Бид өөрийн соёлын болон шашны үнэт зүйлстэй улс. Ялангуяа хувцасны хувьд бидэнд өвөрмөц уламжлалт хэв маяг бий” гэж тэр ярьсан байна.

Сүүлд Талибаны засгийн газар дээрх залуус зөвлөгөө өгсөн албан тушаалтнуудад талархал илэрхийлж, буруу зүйл хийснээ ухаарсныг ярьж буй дүрс бичлэгийг тараажээ.

Гэхдээ байцаалт өгөхөөсөө өмнө арваннэгдүгээр сарын сүүлээр Herat-Mic нэртэй YouTube сувагт өгсөн ярилцлагадаа тэд өөрсдийнх нь хэв маягийг маш олон хүн таалж, гудамжинд тааралдсан хүмүүс хамт зургаа авхуулж байгаа тухай өгүүлж байсан байна.

 

Эх сурвалж: BBC