ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

АВТОБУСНЫ ТАСАЛБАР 500 ТӨГРӨГ БОЛНО!

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Энэ сарын 23-наас нийтийн тээврээр зорчих тасалбарын үнийг 500 төгрөг болгоно” гэж Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Пүрэвсамбуу өнөөдөр мэдээллээ.

Шалтгаан нь автобус компаниуд нэг хүнд 400 төгрөгөөр үйлчилснээр 146 төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар 23 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа аж.

260 орчим мянган хүн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог

Иймд зорчих тасалбарын үнийг 500 болгож нэмэгдүүлэхээс аргагүй тухай Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дэд тэргүүн Н.Доржготов дурдлаа. Уг нь бол 600 төгрөг болгох шаардлага байгаа ч ард иргэдийнхээ нөхцөл байдлыг харгалзан үзэж, ийнхүү 500 төгрөгт тогтжээ.

Хэдийгээр 100 төгрөг нэмж байгаа ч энэ нь алдагдал нөхөх хэмжээний үр дүнд хүрэхгүй гэдгийг тэд онцолсон юм. Түүнчлэн Нийслэлийн тээврийн газартай хийсэн гэрээнд “Том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр тээвэрлэнэ” гэж тусгасан бөгөөд уг заалт нь 2013 оны 12 дугаар сарын 23-нд дуусгавар болсон гэнэ.

  • 1999 онд дизель түлш 270 төгрөг - Автобусны үнэ 200 төгрөг
  • 2009 онд дизель түлш 1000 төгрөг - Автобусны үнэ 300 төгрөг
  • 2011 онд дизель түлш 1300 төгрөг - Автобусны үнэ 400 төгрөг
  • 2014 онд дизель түлш 1750 төгрөг - Автобусны үнэ 500 төгрөг болгоно гэв.

ТОАҮЭХ-ны тэргүүн Т.Пүрэвсамбуугаас зарим асуудлыг тодрууллаа.

-Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоонд яг хэчнээн аж, ахуй нэгж харьяалагддаг вэ. Үнэ хэмэх асуудлыг бүгд дэмжсэн үү?

-24 аж, ахуй нэгж байдгаас гурав нь улсынх. Нийтийн тээврээр зорчих тасалбарын үнийг нэмж байж л бид ажилчдынхаа цалин хөлсийг нэмнэ. Саяхан “Автобус-1” компанийн ажилчид цалин нэмэгдүүлэх шалтгаанаар ажил хаялт хүртэл хийснийг та бүхэн мэдэж байгаа.

-Тасалбарын үнэ хэмэх асуудлыг ННТГ-д мэдэгдсэн үү?

-Мэдэгдсэн байгаа. Засгийн газар, Зам тээврийн яам, Нийслэлийн удирдлага, ШӨХТГ-т ч мэдэгдсэн.

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дэд тэргүүн Н.Доржготов

 -Өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог хэчээн хүн байна вэ. Том оврын нийтийн тээврийн компаниуд хэр хэмжээний алдагдалд орчихсон юм?

-260 орчим мянган хүн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог. Өөрөөр хэлбэл, нэг хүн өдөрт 2000 орчим төгрөгийн үйлчилгээ үнэгүй авч байгаа. Гэтэл улсаас нөхөн олговор олгохдоо нэг хүнд 1000 бодож өгдөг.

500 төгрөгөөр яваад жигдрээд ирэхээр зайлшгүй 500 төгрөгийн тасалбар хэвлүүлэх нь мэдээж байх

Жилдээ 53 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог ч түүнийг 20 гаруй компани хувааж авахаар хэр хэмжээний мөнгө ногдох нь тодорхой шүү дээ. 

-Одоогийн алдагдлыг нөхөн олговол цаашид 400 төгрөгөөр үйлчилэх боломжтой гэж Хотын захиргаанд хандсан гэсэн. Ямар хариулт авсан бэ?

-Хотын захиргаанаас “Боломжгүй” гэж мэдэгдсэн.

-Иргэдээс 500 төгрөг авах хэрнээ 400 төгрөг гэж бичсэн тасалбар тараана гэж байна. Үүнээс болж иргэд, кондукторын хооронд маргаан их гарах юм биш үү?

-Нэгэнт хэвлүүлчихсэн тасалбарыг тарааж дуусгахаас аргагүй. Түүнчлэн тасалбарын хэвлэлтийг Нийслэлийн нийтийн тээврийн газар хариуцдаг болохоор бид шууд л 500 төгрөгийн тасалбар хэвлүүлэх эрхгүй.

Аан харин нэгэнт 500 төгрөгөөр яваад жигдрээд ирэхээр зайлшгүй 500 төгрөгийн тасалбар хэвлүүлэх нь мэдээж байх.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг