Өнөөдрийн ярилцлагын эзэн бол Оюу толгойн уурхайд 12 жил ажиллахдаа гагнуурчнаас ахлах мэргэжилтэн болтлоо дэвшиж, үйл ажиллагааны шат бүрд орж ажиллаж үзсэн Мөнхбаатарын Энх-Амгалан.
Энх-Амгалангийн бага насны дурсамжийн кадрууд автомашин, багаж хэрэгслээр дүүрэн. Геологийн өрмийн машины техникч аавынхаа хажууд суугаад хөдөө гадаа явна, тээвэрт явахад нь хань болно. Өвөө нь болохоор үйлдвэрийн механикч, тээврийн жолооч, мөн адилхан өдөржин машин техниктэй ажилладаг хүн байв. Машин тэрэг эвдрэхэд засварын газар очоод засуулчихна гэж байх биш, машиныхаа хамрыг сөхөөд, эсхүл доогуур нь шурган ороод засаж эхлэхэд нь хүү анхааралтай дагуулж ажиглана. Энгийн үед дэггүйтэж загнуулах нь барагдахгүй хэр нь яг энэ үед бол ясны хянамгай, нямбай зан нь гараад ирдэг. Багаж хэрэгслийг нь эмхэлнэ, дөхүүлж өгнө, хурааж янзлахад нь тусална. Өвөө, аав хоёр нь ч аливаад эмх цэгцтэй, дэг журамтай байх ёстой гэж сургажээ.
Ийнхүү бага ахуйгаасаа түлхүүр багаж барьж өссөн Энх-Амгалан машин, тоног төхөөрөмжид ордог эд ангиудыг яаж хийдгийг мэдэх хүслээ даган ШУТИС-ийн машин үйлдвэрлэлийн технологийн ангид оров. Өдгөө өвөө, аавынхаа сургасан ёсоор ажлаа яс, цаг тухайд нь дуусгахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг, хамт олондоо хүндлэгдсэн инженер болжээ.
***
Энх-Амгалан 2012 онд их сургуулиа төгсөөд гагнуурчнаар ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны олон улсын зэрэглэлтэй сургалтад суун барилгын компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохицуулагч хийж эхэлсэн нь цааш цаашдын аюулгүй ажиллагаатай холбоотой олон ажлын эх болов. Ийн жил орчим ажиллаад 2013 оны намар Оюу толгойн уурхайд анх очсон түүхтэй.
“Шинээр ажилд орж байгаа хүмүүст зориулсан сургалтуудад суухад аюулгүй ажиллагааны сургалтад явж байгаагүй хүн битгий хэл би хүртэл гайхахаар өндөр стандарт мөрдөж ажиллах юм байна гэдгээ мэдэж авч билээ. Оюу толгой энэ дүрэм журам мөрдөхгүй бол ийм нөхцөл байдал үүсэж болно гээд эрсдэлүүдийг маш сайн ойлгуулсан. Бие эрхтнээрээ хохирно, ар гэрийнхэн маань хүнд байдалд орно гэх мэтээр нэг бүрчлэн нухацтай бодоход хүрч байгаа юм.”
Ингээд ил уурхайн эрсдэл өндөртэй ажлын нэг болох тэсэлгээний бодис бэлтгэх үйлдвэрээс ажлын гараагаа эхлүүлэв.
Энд үйлдвэрийн оператор, гагнуурчин, механикийн инженерээр гурван жил орчим ажиллах хугацаандаа тэсэлгээний бодис материалтай харьцах, тэсэлгээний бодисын үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр хэрхэн аюулгүй ажиллах талаар мэргэшиж, тэсэлгээний бодис орц найрлага, ажиллагааны талаар сайтар мэдэж аваад байтал хүний нөөцөөс гүний уурхайд тэсэлгээний ажил хариуцах уу гэдэг санал орж ирлээ.
Урьд нь ажиллаж байгаагүй гүний уурхайд хүмүүсийг ахалж ажиллана, тэр дундаа тэсэлгээний бодистой харьцах өндөр хариуцлагатай ажилд орно гэхээс эмээж байсан ч өөрийгөө сорихыг хүссэн учир шуудхан зөвшөөрөв. Тэр үед “Red Path” компани тэсэлгээ хийж, хонгил гарган малтдаг, харин Энх-Амгалангийн харьяалагддаг “Maxam Explosives” гэдэг компани тэсэлгээний бодис, цэнэглэгээний тоног төхөөрөмж нийлүүлж, “Red Path”-ийн операторуудтай хамтран тэсэлгээний бодис цэнэглэдэг байв.
Ил уурхай дээр анх ирээд авсан бахдах, сүрдэх мэдрэмжийг гүний уурхайд ороод дахин мэдэрлээ. Кейж буюу өргүүрийн системээр газрын гүн рүү буухаас эхлүүлээд алхам тутам шинэлэг, сонирхолтой. 6 метрийн өндөртэй аварга хонгил дотор шанагатай хутгуур мөргөцөг цэвэрлэж байгааг харсан нь одоо ч ой тоонд нь тодхон. Энгийн нэг хүн ороход магад тэр техник төхөөрөмжүүд хоёр гурав дахиасаа ялгаагүй санагдаж мэдэх ч инженер хүний нүдэнд бол бүгд л маш соньхон, шинэ ертөнц байлаа.
Ингээд гүний уурхайн хүн болов. Өрмийн машин мөргөцгийг өрөмдөж дуусахад цэнэглэгээний баг ороход бэлэн эсэхийг шалгадаг байлаа. Үүнд, агааржуулалтын хоолой мөрөгцөгт хангалттай агаар өгч байгааг шалгах, усанд автаагүй, дээрээс хад чулуу унахааргүйг баталгаажуулж байж тэсэлгээний багаа оруулж цэнэглэгээг эхлүүлдэг байлаа. Тэсэлгээний бодистой болон цэнэглэх машинтай холбоотой мэдлэг, туршлагаа гүний уурхайн шинэхэн операторуудад зааж сургах, тэсэлгээний ажлыг аюулгүйгээр зохион байгуулах ажил дээр хоёр жилийг үдэв.
Аюулгүй ажиллагааны тухай ярьснаас, хотод ажиллаж байгаад ирсэн залуусын уурхайн талбарт ирээд удаагүй гэдэг нь илхэн харагддаг гэнэ. Оюу толгойн уурхайн талбарт ажиллаад удсан хүмүүс аюулгүй ажиллагааг яс хэвшүүлж, аливаа ажлыг гүйцэтгэхийнхээ өмнө шаардлагатай бичиг баримтуудаа бөглөөд дадчихсан байдаг учраас тэр. Жишээлбэл, 1.5 метрээс дээш өндөрт гарахаас өмнө өндрийн бүсээ зүүнэ, тухайн даалгаврын эрсдэлийг үнэлж, аюулыг тодорхойлж тэмдэглэх гэх мэтээр яг л дэс дарааллаар нь ажлаа гүйцэтгэнэ. Гэтэл шинэ ажилтнууд урьд нь аюулгүй ажиллагааны мэдээлэл авсан байлаа ч хэвшүүлээгүй, тиймээс шууд л гүйж гарчих гээд, юм доогуур орчих гээд, бэртэж гэмтчих гээд байх нь бий. Үүнээс сэргийлэх нь Энх-Амгалангийн ажлын томоохон хэсэг байв.
Харин 2018 оноос гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн багаас гарч, өөрийн үндсэн мэргэжил болох механикийн чиглэлийг барьж ажиллахаар шийдэн олон улсад инженерчлэлийн цогц үйлчилгээ явуулдаг “Jacobs” (одоогийн “Worley”) компанид оров. “Өмнө нь миний тэсэлж дэлбэлээд л яваад байсан туннель дээр яг ямар тоног төхөөрөмж сууж, ямар бүтээн байгуулалт явагдаж байгааг Jacobs-д ороод л яг сайн харж авч байгаа юм. Өмнө нь бол мэдэхгүй л урдах ажлаа хийгээд явдаг байлаа. Их сургуулиа төгссөнөөс хойш туршлага хуримтлуулахыг чиглэл болгон олон шийдэмгий шилжилт хийсэн дээ.”
2019 онд материал зөөвөрлөх систем 1 буюу анхдагч бутлуур, туузан дамжуургын системийг багтаамж чадлаараа бүрэн ажиллаж байгаа эсэхийг туршиж, ашиглалтад оруулах томоохон төслийг механикийн талаас нь хариуцан ажиллах болоход яаж энэ ажлын ард гарна даа гэж зүрхшээсэн удаатай. Ковид-19 цар тахал дэгдэж, гаднын мэргэжилтнүүд ирж чадахгүй болсноор видео дуудлагаар холбогдож тодорхой тохиргоог асуухаас бусдаар бүхий л ажлыг өөрсдөө бие даан хийх хэрэгтэй болов.
Гэхдээ багаараа гар нийлж ажилласны хүчинд амжилттай ашиглалтад оруулж чаджээ. Туузан дамжуургыг шалгахаар ачаатай үед нь системийг унтрааж асааж үзтэл саатал гарсныг удаан асаалтын горим гэдэг санаачилгаар шийдсэн нь тоног төхөөрөмжийг аюулгүй асаах, хамгаалах, ажилчдыг аюулгүй байлгах чухал шийдэл болж одоо ч ашиглагдаж байгаа аж.
Ийнхүү идэвх санаачилгатай, хариуцлагатай ажилласаар ахлах ажилтнаас ахлах мэргэжилтэн болтол дэвшиж, удирдах ажил ихсэв. Энэ дагуу ахлах ажилтнуудынхаа ажлыг хуваарилахдаа тохирох хүнд тохирох үүрэг даалгаврыг оноохыг хамгаас чухалчилна.
“Талбай дээр яг ажиллаж байгаа хүмүүсийнхээ санаа бодлыг асууж, өөрийнхөө санаа бодлыг хэлээд, ингэж явбал яахаар байна гээд зөвлөлддөг. Тухайн нөхцөлд миний олж хараагүй талуудыг, эрсдэлүүдийг, эсвэл санааг ажилтнууд маань харсан байж болно. Бүгдийг мэддэг хүн гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хамтдаа ярилцаж хэлэлцэж байгаад хамгийн тохиромжтой шийдлийг гаргах нь л чухал.”
Ашиглалтын багт таван жил ажиллаж, дэлхийн жишиг болсон компаниуд тоног төхөөрөмжийг ямархуу шат дараалал, шалгуураар ажиллагаанд оруулдгийг мэдэж авсны дараа өөртөө тавьсан удаах сорилт нь дизайн байв. Ингээд 2023 оноос Оюу толгойн инженерингийн багт механикийн ахлах инженерээр ажиллах болсон нь үндсэндээ 180 градус эргэсэн гэсэн үг. Ашиглалтын баг үйл ажиллагааны эрэмбээрээ хамгийн сүүлд байсан бол одоо бүр анх дизайн гаргах үйл явцад оролцдог болсон хэрэг. Загварчлагдаж байгаа байгууламж олон улсын стандарт, Монгол Улсын хууль, дүрэм журмуудад нийцэж байгааг эсэхийг нягталж, тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал уурхайн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг бататгах нь түүний ажил боллоо. “Оюу толгой” дэлхийн жишиг стандартыг мөрддөг талаар бид олонтоо сонсдог, тэгвэл үүний цаана тэрхүү стандартуудыг хангаж ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулдаг Энх-Амгалан шиг хэдэн арван хүний хүч хөдөлмөр явдаг ажээ.
Энх-Амгалан энэ их ажлын хажуугаар, өглөө гүн рүү орж, орой 6 хүртэл ажилладаг мөртлөө долоо хоногт гурван удаа фитнесээр хичээллэж, бас болоогүй заал авч амждаг нь үнэхээр анхаарал татам. Монголын маань залуус түүнээс үлгэр дуурайл авч, завгүй ч байсан эрүүл мэнддээ анхаарал тавьдаг байгаасай гэж өөрийн эрхгүй бодогдов. “Хотод бол сарын хугацаа нэлээн биз? Гэтэл уурхайн талбарт ажиллахаар хурлаа хийх, асуудлаа ярилцаж шийдэх, гүний уурхай руу орох гээд л яг хуваариараа явсаар сар жил маш хурдан өнгөрдөг.” Амьдрал нэг хэвэнд цутгачихсан мэт санагдаж эхлэх үеүдэд сэтгэл зүйг хамгийн сайн өргөдөг, тархи толгойг амраадаг юм бол дасгал хөдөлгөөн.
Харин гэртээ харихаараа гарын хоол хийж, хүүхдүүдтэйгээ тоглох дуртай. Ээж нь хоол сайтай, багаасаа амттай хоол идэж өссөн болоод ч тэр үү, хоолны суваг үзэж, жор харж байгаад гараа гаргаж хоол хийнэ. Түүний багад ээж нь талхны цех ажиллуулдаг байжээ. “Ээжийнхээ ажил дээр яваад очихоор гурван өрөөнд дөрөв, таван эгнээ шинэ талх өрчихсөн, үнэр нь хачин гоё. Яг одоо үнэрлэж байгаа юм шиг тод санаж байна. Одоо дэлгүүрээс талх авахаар шинэ хуучныг нь дор нь мэднэ шдээ.”
Харихаараа бас элдэв ажил аялуулна. Энэ “ажил” гэдэгт машин, гэр орныхоо эд хогшлыг засахаас өгсүүлээд их юм багтдаг. Аяны мах шарагчаа гагнаад өөрөө хийчихнэ, гараашаа барина, гэрийнхээ засварыг хийнэ. Өрхийн тэргүүнд засаж сэлбэх юм мундахгүй. Байшин барих төлөвлөгөөтэй байгаа ч ростерын ажилтай үед тэр тийм амар бүтчих төлөвлөгөө биш аж.
Энх-Амгалан эхнэртэйгээ Оюу толгойд танилцжээ. “Иймэрхүү төрх байдалтай эмэгтэйтэй суух байх гэсэн нэг төсөөлөл байсан л даа. Эхнэрийгээ хараад яг л мөн дөө гэж бодож байсан.” Тэд ийнхүү долоон жилийн тэртээ танилцаад тун удалгүй нэг гэрт орж, охинтой болов.
“Намайг хүмүүс хараад даруухан хүн гэж боддог бололтой юм билээ. Гэтэл дотор хүн минь нэлээд хурц төлөвийн, ажил дээр ч, амьдрал дээр ч их шийдэмгий. Анх уурхайн ирээд ажлын явцад дүрсхийх, түргэдэх гэх мэт хандлага гаргадаг л байлаа. Олон хүний дунд ажилласаар зан араншны хувьд төлөвшиж, сэтгэл хөдлөлөөр хандахгүй байхад суралцсан. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй орны хүмүүстэй ажилласан байна. Тэр бүгдээс, төсөл бүрээсээ суралцсаар маш ихийг хуримтлуулжээ. Ер нь би өөртөө байнга дүгнэлт хийж явдаг төрлийн хүн. Хүний гаргаж байгаа хандлага, хүний гэлтгүй өөрийнхөө ч гэсэн хандлагын дутагдалтай болон давуу талыг нь ажиглаж дүгнээд л шингээгээд явдаг.”
Хүүхдүүд нь ч том болоод олны дунд, янз бүрийн зан авиртай хүмүүсийн дунд орж явах учраас биеэ даасан, хүчтэй, үг даадаг хүн болоосой гэж бодож хүмүүжүүлдэг гэнэ. Өдгөө хоёр настай хүүгээ жаахан том болохоор нь өвөөд нь өгөөд тээвэрт явуулчихна гэж байв. Тариа будаагаа хураахаар навчис алагласан намрын талаар давхиж явсан бага насны сайхан дурсамжууд шиг нь “бодь” дурсамжууд хүүд нь бас үлдээсэй гэж хүссэнийх. Ажилсаг аав ээжийн хүүхдүүд ажилсаг болдог жамтай.
***
Тэдний баг хамт олон гүний уурхайгаас хүдэр гаргах системийг өнгөрсөн аравдугаар сард улсад хүлээлгээд өгчихсөн учраас одоо баяжуулах үйлдвэрийн савлах хэсгийн өргөтгөлд төвлөрч буй. Энэ ажлаа удахгүй дуусгаад, он гармагц баяжуулах үйлдвэрийн дахин бутлах бутлуур суулгах, мөн босоо ам 3, 4-ийн ган бүтээцийг дараагийн хорин жилд ашиглахад асуудалгүй байлгах үүднээс зохих сайжруулалтуудыг хийхээр төлөвлөжээ. Энэ мэтээр ажлууд ар араасаа ундарна. Гэхдээ тал бүрийн туршлага хуримтлуулж амжсан учраас одоо бол эмээх зүйл үгүй.
Жишээ нь, өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр материал зөөвөрлөх систем 2-ыг ажиллагаанд оруулахад өмнөхтэйгөө харьцуулшгүй амархан байжээ. Аливааг нүдээр үзэх, ажлыг биеэрээ хийж үзэж, туршлага хуримтлуулахын ач тус энэ. Түүнтэй адил мянга мянган залуус уул уурхайн мэргэжлийн чиглэлүүдийг ингэж гартаа оруулж байгаа нь Оюу толгойн уурхайгаас үлдэх гол үнэ цэн юм шиг.
“Оюу толгой бол маш шинэлэг, залуу уурхай. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн, дэвшилт технологи, тоног төхөөрөмжийг энд ашиглаж байна. Энэ болгоноос монгол залуус маань асар их эрдэм мэдлэг, туршлагыг хуримтлуулж чадаж байгаа гэж боддог. Сүүлд жолоочгүй тоног төхөөрөмж хүртэл нэвтрүүлэхээр туршаад эхэллээ. Тоног төхөөрөмжөө хамгаалах, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс маш олон мэдрэгч суулгасан байдаг гээд л бодохоор гайхалтай байгаа биз? Энэ уурхай маань дэлхийд Монголыг харуулж байгаа том бүтээн байгуулалт гэж боддог.”
Энх-Амгалан сүүлд гэр бүлээрээ Австралид аялахдаа уул уурхайн чиглэлээр мэргэжил эзэмшүүлдэг хэд хэдэн их сургуулиар зочлоод, судлаад амжжээ. Гүний уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл дуусахаар Австрали, АНУ зэрэг өндөр хөгжилтэй, уул уурхай сайн хөгжсөн газар магистрт сурахыг зорьж буй.
Боломж бүрдвэл бас гаднын уурхайд мэргэжлээрээ ажиллаж туршлага хуримтлуулаад буцаж ирэх хүсэл бий. Энэ мэтчилэн ирээдүйгээ хэд хэдэн хувилбараар төлөвлөжээ. Яг одоо бол ажлынхаа хажуугаар боловсролоо аль болох ахиулж, өөртөө хөрөнгө оруулалт хийхийг хичээн төслийн менежментийн (PMP) сургалтад сууж байгаа аж. Уурхайд доороос нь эхлээд өдгөө дунд түвшний удирдах албан тушаал эрхлээд явж байгаа түүний ойрын хугацааны зорилт нь карьераа түвшин ахиулж, менежмент тал руугаа ажиллахад чиглэж буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!