Уншиж байна ...

Хүний өсвөр нас 30 гартлаа үргэлжилдэг гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хүний тархи амьдралдаа таван үе шатыг туулдаг бөгөөд 9, 32, 66, 83 насанд тэдгээрийн гол эргэлтийн цэгүүд байдаг гэсэн дүгнэлтийг судлаачид гаргажээ.

Үүнийг тогтоохын тулд Кэмбрижийн Их сургуулийн хэсэг эрдэмтэд 90 хүртэл насны 4,000 орчим хүний тархины үйл ажиллагааг тусгай техникээр “сканердах” замаар харьцуулан судалсан юм байна.

Судалгааныхаа үр дүнг хүний сэтгэцийн эмгэг, зөнөх эрсдэл амьдралын туршид яагаад өөрчлөгддөгийг ойлгоход тус болно гэж тэд үзэж байгаа гэнэ.

Судалгаагаар тогтоосон хүний тархины таван үе шат нь:

  • Хүүхэд нас, төрөхөөс эхлээд 9 нас хүртэл
  • Өсвөр нас, есөөс 32 нас хүртэл
  • Насанд хүрэгч, 32-66 нас
  • Хөгшрөлтийн эхлэл, 66-83 нас
  • Хөгшрөлтийн төгсгөл, 83-аас хойш

“Тархины эсүүд амьдралын туршид дахин дахин холбогдож байдаг. Өөрөөр хэлбэл тархины эсүүдийн холболт нэг бэхжиж, нэг суларч байдаг. Энэ нь тогтвортой шинж чанартай биш бөгөөд тодорхой үе шатуудад хэлбэлзэлтэй явагддаг” гэж  судалгааг удирдсан доктор Алекса Мусли тайлбарлажээ.

Тэдний багийн хийсэн судалгааны ажлын тайлан саяхан “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Дээр дурдсан тархины хөгжлийн үе шатуудыг дараах байдлаар тайлбарлажээ.

Хүүхэд нас. Энэ үед тархины хэмжээ хурдтай нэмэгддэг. Үүнтэй зэрэгцэн амьдрал эхлэхэд үүссэн “synapses” гэж нэрлэдэг тархины эсүүдийн хоорондох хүчтэй холболт суларч эхэлдэг гэнэ.

Энэ үед тархины ажиллагаа оновчгүй, замбараагүй байдаг. Хүүхэд А цэгээс Б цэгт шууд хүрэхийн оронд замдаа элдэвт сатаарч, тоглож наадаж явдагтай энэ үе ижил байдаг гэнэ.

Өсвөр нас. Энэ шатанд тархины холбоосууд огцом өөрчлөгдөж, хамгийн оновчтой, үр дүнтэй ажиллах горимдоо шилждэг байна. Үүнийг доктор Мусли “асар том өөрчлөлт” гэж тодорхойлжээ.

Нөгөө талаар энэ шат нь сэтгэцийн эмгэгийн суурь тавигдах хамгийн эрсдэлтэй үе гэнэ.

Өмнө нь судлаачид өсвөр насыг бэлгийн бойжилттой зэрэгцэн 20 нас гартал үргэлжилдэг гэж үздэг байсан. Гэтэл тархины ажиллагаа талаасаа энэ нь 30 гартал үргэлжилдэг болохыг сая баталжээ. Доктор Мусли тархины хөгжлийн энэ үе шат есөөс 32 нас хүртэл үргэлжилдэг нь “маш сонирхолтой” нээлт болсныг онцолсон байна.

Насанд хүрэгч. Энэ нь тархины ажиллагаа тогтворждог, 30 орчим жил үргэлжилдэг хамгийн урт үе шат гэнэ.

Өөрчлөлт удааширч, тархины үйл ажиллагааны оновчтой байдал аажмаар суларч эхэлдэг байна.

Доктор Мусли үүнийг хүний тархины хөгжил оргилдоо хүрэх үе шат гэж нэрлэжээ.

Хөгшрөлтийн эхлэл. 66 наснаас эхэлдэг энэ шатанд тархины үйл ажиллагаа огцом буурдаггүй гэнэ. Харин холболтын хэв маяг өөрчлөгддөг ажээ. Тухайлбал тархи нэг бүтэн систем болж ажиллахын оронд хэсгүүд нь тус тусдаа ажиллаж эхэлдэг тул хамтлагийн гишүүд салж, ганцаарчилсан уран бүтээл туурвиж эхэлдэгтэй адилхан гэнэ.

Энэ үеэс зөнөх, цусны даралт нэмэгдэх зэрэг тархины эрүүл мэндэд нөлөөлдөг сөрөг хүчин зүйлс ажиглагдаж эхэлдэг байна.

Хөгшрөлтийн төгсгөл. Энэ шатанд тархины үйл ажиллагаа өмнөх шатныхтай ижил байдаг ч бууралт нь илүү тод ажиглагддаг ажээ. Эрүүл мэндийн шалтгаанаар энэ насныхны тархины үйл ажиллагааг “сканердахад” хэцүү байсан тул бусад шатныхнаас бага мэдээлэл цуглуулсан байна.

Кэмбрижийн Их сургуулийн энэхүү ажлыг хөндлөнгийн судлаачид өндрөөр үнэлжээ.

Эдинбургийн Их сургуулийн тархи судлалын төвийн захирал, профессор Тара Спайрс-Жонс “Энэ бол бидний тархи амьдралынхаа турш хэрхэн өөрчлөгддөгийг харуулсан маш сонирхолтой судалгаа юм” гэж дүгнэсэн байна.

Тэрбээр судалгааны үр дүн тархины хөгжлийн талаарх ерөнхий ойлголттой нийцэж байгаа ч өөрчлөлтүүд хүн бүрд яг ижил насанд ажиглагдахгүй байж болохыг анхааруулжээ.

 

Эх сурвалж: BBC