Уншиж байна ...

Лавров хааччихав. Гэтэл гэнэт гараад ирлээ

Редакцын бус нийтлэл
2025 оны 11 сарын 13
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Photo Credit: REUTERS

Би Польшид уран зургийн боловсрол эзэмшсэн зураач хүн. Лондонгийн монгол иргэн. Бичихээ боль, зургаа зур гэх шаардлага их ирэх боллоо. Украинд явуулж байгаа энэ утгагүй дайныг эсэргүүцээд, за Украинаа больё гэхэд, энэ сайхан орос залуусын амийг егүүтгэж сүйтгэж үүрдийн эрэмдэг болгож байгаад нь дургүйцээд бичээд байгаа хэрэг шүү дээ. Зүгээр л тун энгийн үгээр ойлгуулъя. Хоёр логик байна.

  1. Орос нь тусгаар тогтносон Украин улсын нутаг дэвсгэрт түрэмгийлэн орчхоод байлдаж, тэнд үхэцгээж, сүг болж, хамаг зэвсэг техникээ Украины нутагт сөнөөлгөж байна. Украины нутаг дэвсгэр дотор шүү! ТҮРЭМГИЙЛЭЛ гэдэг юм, үүнийг.
  2. Украин нь Оросын нутаг дэвсгэрт түрэмгийлж ороогүй, тэвчээртэйгээр бүтэн хоёр жил эх нутагтаа хориглон хамгаалах дайн хийгээд цөхрөхдөө Оросын нефть, хангамж, баазуудыг Оросын нутагт нь устгаж байна. Цөхрөхдөө шүү. Аагаа багтааж ядсандаа биш. АРГАГҮЙ ХАМГААЛАЛТ, ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ДАЙН гэдэг юм, үүнийг.

За энэ ч яахав, ойрын үеийн сенсаац руу оръё. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хааччихав, амыг нь барьчхав уу, амийг нь хороочхов уу, амралтад явуулсан юм болов уу, ажлаа тасалсан гээд “Хөдөлмөрийн хууль”-аараа шийтгэв үү, Антарктидын нөгөө айхавтар газар руугаа аччихав уу, Америкт байна уу, одоохондоо тодорхойгүй байна гээд ид шуугилдаж байтал Лавров юу ч болоогүй юм шиг гараад ирлээ. Косыгин 1979 оны сүүлээр хэсэг алга болсноо 1980 эхээр гэнэт гараад ирдэг шиг. Нийгэмд “тайвшруулах тариа” хийж байна гэж би бодож байна. Манай үеийнхэн санаж л байгаа байх. Тэртээ 1979, 1980 онд нэг ийм явдал болж байсан санагдах юм.

1979.12.24. Зөвлөлтийн ялгуусан арми Афганистанд халдан довтоллоо. Үүнээс хэд хоногийн өмнө Зөвлөлт Холбоот Улс гэдэг хүчирхэг гүрнийг удирддаг хамгийн дээд байгууллага Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны 20 гаруй гишүүдээс онцгой их эрх мэдэлтэй таван хүн болох

  1. Ерөнхий нарийн бичгийн дарга, Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга, СССР-ийн Батлан хамгаалах зөвлөлийн дарга маршал Л.И.Брежнев;
  2. ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга (Ерөнхий сайд) А.Н.Косыгин;
  3. Батлан хамгаалахын сайд маршал Д.Ф.Устинов;
  4. Гадаад яамны сайд А.А.Громыко;
  5. Улсыг аюулаас хамгаалах хорооны дарга армийн генерал Ю.В.Андропов (КГБ) нар “түүхэн” шийдвэр гаргахаар хуралдаж гэнээ.

Гэтэл ЗХУКН-ын “түүхэн” шийдвэр-тушаалыг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй Засгийн газрын тэргүүн А.Косыгин шууд татгалзах нь тэр. Энэ бол нэгэнт “боож баглаад” орж ирсэн санал, санал нэгтэй ярсхийн гар өргөн баталдаг “хууль”-тай Зөвлөлтийн коммунист системд байж боломжгүй “гаж үзэгдэл” юм. Хариуд нь хэзээнээсээ түүнтэй тааруухан харьцаатай Брежнев түүнд эцсийн цохилт өгч, оронд нь “Днепропетровскийн баг”-ийн нэг тоглогч, аль тэртээ 1930-аад оноос хойш Брежневтэй “хөтлөлцөн” явсан, түүний амин найз, ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга 1-р орлогч дарга Н.Тихоновоо түүний суудал руу түлхэв. Ийнхүү буланд шахагдсан Н.Косыгин нэг хэсэгтээ олны нүдэнд харагдахаа больжээ.

Хаалттай Зөвлөлтийн нийгэмд мэдээж цуурхал тарж түүнийг нэг хэсэг нь гэрийн хорионд оруулсан, нэг хэсэг нь хүнд өвчтэй, хэзээ мөдгүй болсон гэлцэж байтал гэнэт 1980 эхээр гэнэт гараад ирэв. “Тэр, зүгээр л ажлаа хийж байна. Өвдөө ч үгүй, огцроо ч үгүй. Бүх зүйл хэвийн” гэж ойлгуулав. Нийгэмд “тайвшруулах тариа” хийжээ. Хожим, Горбачёв-Ельциний ил тод байдлын үед бүх зүйл тодорхой болсон. Тэр бие нь муудсан нь үнэн байсан. Түүнийг de facto огцруулчихсан нь үнэн байсан. Брежнев түүний ажлыг тэр намартаа Н.Тихоновтоо “булааж” авч өгсөн нь үнэн. Угаасаа тааруухан байсан бие нь ийм гадуурхалт дарамтыг тэсэлгүй улам муудсаар байсан ч эрүүл мэнд нь арай ч үхчихгүй хэмжээний байсан тухай эмчийнх нь тэмдэглэл хожим тодорхой болсон.

Косыгин тэгж гажсаныхаа яг нэг жилийн ой дээр Брежнев даргынхаа төрсөн өдөр 1980 оны сүүлчээр “өвчний” учир нас барж таарав. Түүний бурхан болсон тухай мэдээг гурав хоног нууцалсан. Сэжигтэй хэрэг. КГБ оролцоод Андропов, Тихонов хоёр хордуулчихсан гэдэг цуурхал хожим тарсан. Үнэн байж мэднэ. Угаасаа КГБ-гийн шалгарсан арга л даа.

Тэгвэл өнөө цагт түүх давтагдах уу? Орост магадгүй. Ер нь ах нар удирдагчдаа егүүтгэсэн шилдэг түүх, туршлага арвинтай л даа. Энэ бол миний хар ухаан, цөлх бодлоор хийж байгаа “дүгнэлт” таамаг биш Орос-Зөвлөлтийн түүхэнд бичээтэй байгаа юм чинь. Ленинийг, Троцкийг, Сталиныг, Берияг, Молотовыг, Маленковыг, Хрущевыг... Нойрны эм өгч унтуулсаар байгаад цааш нь харуулсан Брежнев? Зөвлөлт, Чехословакийн БХЯ-ны сайд нар–Устинов, Мартин Зур нар нэгэн зэрэг хатгаа аваад хоёул бараг нэг өдөр үхсэнийг хааш нь хийх гээв? Би бичээд байх уу? Путинээ ийм болгочихсон байхад би л лав гайхахгүй!

ОХУ-ын ҮАБЗ-ийн (Совет Безопасности Российской Федерации) хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гарагт Кремльд болдог юм байна. Тэр журмаараа 2025.11.05-ны Лхагва гарагт Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Гадаад хэргийн сайд Лавров хуралдаанд оролцоогүй цорын ганц гишүүн болж таарав. Тэрбээр энэ хуралд эзгүй байсан нь яг одоо дэлхийн чихийг дэлдийлгэх шиг л боллоо. Би хардаад хэрэг болгон “Совет Безопасности Российской Федерации” сайтаар нь орж үзлээ. Тэр үнэхээр алга.

зураг
 

CNN 2025.11.06-ны “World” буландаа ийм тайлбартайгаар нийтэлжээ. Russia's President Vladimir Putin chairs a Security Council meeting at the Kremlin in Moscow on Wednesday, at which Lavrov did not attend. Энэ хуралдааны тэмдэглэлийг уншиж байхад, хэлэлцэх асуудлын нэгдүгээрт зам тээврийн асуудал байсан боловч Төрийн Думын дарга В.Володиний хүсэлтээр Америкийн цөмийн зэвсгийн туршилтын тухай яриа өрнөжээ. Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Шойгу, Жанжин штабын дарга армийн генерал В.Герасимов, Холбооны тагнуулын албаны захирал С.Нарышкин, Холбооны аюулгүй байдлын албаны захирал А.Бортников нар үг хэлсэн байна. Гэтэл яг гол хүн болох Лавров байдаггүй. Түүнийг энэ хурлыг зориуд тасалсан гэж хардаж байгаа юм шиг байна. Үүнээс өмнөх 2025.10.24 болон 31-ний өдрүүдийн ээлжит хуралдаануудад Лавров оролцоогүй байна. Гурван ч удаа хурал “тасалжээ”. Харин түүний хамгийн сүүлд оролцсон 2025.10.17-ны өдөр 16:35 цагт эхэлсэн хуралдааны мэдээлэл байна.

Тэнд Засгийн газрын дарга Михаил Мишустин, Төрийн Думын дарга Вячеслав Володин, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу, Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Холбооны Аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников, Ерөнхийлөгчийн Байгаль хамгаалал, экологи, тээврийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Сергей Иванов, Аж үйлдвэр худалдааны сайд Антон Алиханов болон Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов нарын хамт оролцсон байна. Нэр ус, цаг минуттайгаа дээрх сайтад дурайж байна.

Түүгээр ч зогсохгүй, энэ жоготой мэдээллийг батлах мэт Гадаад хэргийн сайд Лавров энэ сарын сүүлээр Йоханнесбургт болох "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох Оросын төлөөлөгчдийг ахлахгүй нь тодорхой болсон. Путин 2025.11.04-нд энэ зарлигт гарын үсэг зурж, төлөөлөгчдийн ахлагчаар гадаад ертөнцөд бараг танигдаагүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга (бодвол эдийн засгийн гадаад харилцаа эрхэлсэн байх) Максим Орешкин гэгчийг томилов. Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев 2016.11.15-нд авлигын хэргээр шоронд ороход 34 настай энэ залуу түүнийг орыг залгаж байв. Оросууд тэнд очиж “Орешкин”-дох гэж байгаа юм байх даа.

Үнэндээ “хөгшин чоно” Лавров явахаа байжээ. Холбоотнууд нь Оросыг ээлж дараалан хаяж явж байгааг дэлхий нийтээрээ харж байна, үнэн биз? Сириэс ноднин гарч явсан Оросын цэрэг буцаж очсон ч нөгөөдүүл нь шал тоохгүй зөрөөд Америкт оччихсон хамтарч ажиллах тухай хэлэлцээ хийсэн шигээ (лалын террорист явсан нөхөр Цагаан ордны хүндэт зочин!) явж байх жишээтэй. Иран НАТО-той далдуур гар барьж ч байх шиг. Хятад, Энэтхэг хоёр нүүр буруулж Оросоос газрын тос, байгалийн хий худалдан авалтаа танаж эхэлсэн. Бүр тэглэж балрах вий. Венесуэл үндсэндээ бууж өглөө. Нөгөө “автобусны жолооч” чинь гараа өргөж, хэлээ унжууллаа. Дундад Азийн “Стан”-ууд Москвад хоёр нүүр гарган цаагуураа АНУ, НАТО-той улам дотносож байна. Оросоос нууж хаагаад, айж эмээгээд байгаа юм алга. Зүгээр л дипломат ёсыг барьж байна. Өөр юмгүй. Армен, Азербайжан хоёр дашийн шог. Одоо Орос руу хандардаг нь Беларусь, Хойд Солонгос, Унгар, Словак, Серби?, Гүрж, Африкаас ганц нэг дуулддаг, энэ хэд л байх шив дээ. Гэхдээ Унгар энэ өвлийн хүйтэнд “гал алдах” гээд сандарч байгаа учир нэг жилийн хугацаанд Оросоос байгалийн хий энэ тэрээ авч байхыг Трамп саяхан Орбаныг Цагаан Ордонд очиход зөвшөөрчээ. Жилийн дараагаас Америкаас түүнийгээ авахаар болж бэлтгэл ажилдаа орж 500 сая долларын гэрээ байгууллаа. Ингээд Унгар Европын Холбоондоо эргэж ирж байх шиг байна. Жижигхэн Словак хаашаа зайлах вэ? Европтоо ирж л таараа. Гүрж ч тун удахгүй биз. Сөрөг хүчин нь ширүүн байна.

Геополитикийн том ялагдал хүлээж байгаа Путин саяхан Трамптай Будапештад уулзах байснаа цуцлагдсанд хилэгнэж одоо “хөгшин чоно"-доктор “Но”-гоо (Лавров) зайлуулах болсон гэж үзээд орных нь залуу сайд Максим Орешкиныг гаргаж ирж байх шиг байна. "ОХУ-ын Гадаад хэргийн сайд Максим Орешкин” гээд гараад ирвэл бүү гайхаарай.

1979-1989 оны дэлхийн түүхэнд “Зөвлөлт-Афганы дайн” гэж тэмдэглэгдсэн тэр дайн эцэстээ 15 улсаас бүрдсэн, 300 гаруй сая хүнтэй Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс (СССР) гэдэг хүчирхэг гүрнийг 1991 онд нурааснаар өндөрлөсөн. Ийм дайн хэрэггүй ээ гэж “хэлсэн” Косыгинийгээ “нухсан”. Одоо Лавровыг уу? ЗСБНХУ-ын гунигт түүх өнөөгийн ОХУ-д уу?

Түүхээс сургамж авсан Лавров "Одоо энэ дайнаа зогсооё, өмнөх алдаагаа давтах гээд байна, болохоо байлаа” гэж хэлсэн юм биш байгаа? Тэр хүн юутай ч уян хатан байх учиртай дипломатч хүн. Путин бол ясны цэргийн гүргэр хүн. Амьдрал дээр ч харж байхад энэ хоёр мэргэжлийн хүмүүс эсрэг хандлагатай байх нь түгээмэл. Тийм ч учраас “Дайныг улс төрчид, генералууд өдөөж, дипломатчид зогсоодог” гэсэн утгатай үг гарсан байх шүү.

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков, ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч М.Захарова нар “Наадхи чинь Fake News-хуурамч мэдээлэл шүү. Тэр ажлаа хийж байгаа” гэх маягтай уралдан мэдэгдлээ. Тэгж ярихдаа хүрвэл харин ч манай орос “ах” нар “Fake News-Русская Пропаганда”-гаар жонглёрдох шиг л болдог доо. Мэдэхгүй биш дээ, энэ дэлхийн хүн зон. Манайхны зарим нь мэддэггүй болохоос мэддэг нь ч зөндөө бий л дээ. Өнөөгийн Орос бол Зөвлөлтийн залгамжлагч. Тэгэхлээр КГБ-ийн хошууч Путин тэр уламжлалаа дагаад түүнийг “Андроповдвол” би лав гайхахгүй. Андроповдоно гэдэг нь цааш нь харуулна гэсэн үг.

Гэхдээ энэ бол миний л хар ухаан, цөлх бодлоор хийж байгаа “дүгнэлт” таамаг ухаантай юм шүү. Ойлгоорой. За, ойлгохгүй байсан ч яахав дээ, Let It Be. Би геополитик ч биш, түүхч биш. Зүгээр л сонирхогч. Том аналитикууд юу гэж хэлэхийг би мэдэхгүй. Миний өчүүхэн ухаан, боловсрол үүнд хүрэхгүй. Би уншиж сонссоноо л түүхчлээд биччихлээ. Уучилна уу.

Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)

2025.11.11. London

зураг