Уншиж байна ...

Сергей Лавров: Би Рубиотой уулзахад бэлэн байна

Т.Давааням, ikon.mn
2025 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Украины дайныг зогсоох асуудлаар АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар Будапешт хотод өнгөрсөн сард уулзахаар тохиролцож байсан ч ерөнхийлөгч Дональд Трампын санаачилгаар гэнэт цуцлагдсан билээ.

Уг уулзалтыг зохион байгуулах асуудлаар хоёр улсын гадаад хэргийн сайд нар урьдчилж уулзах үеэр ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын гаргасан ааш авир үүнд нөлөөлсөн тухай Өрнөдийн хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор түүнийг ерөнхийлөгч Путиний “итгэлийг алдаж, ивээлээс нь гарсан” байж болзошгүй тухай таамаг яригдаж эхэлсэн юм.

Сүүлийн үеийн олон улсын арга хэмжээнүүдэд Лавров оролцоогүй нь энэ таамгийг улам үнэмшилтэй болгож байв.

Баасан гарагт Кремлийн хэвлэлийн алба Өрнөдийн хэвлэлүүдэд нийтлэгдсэн мэдээллийг няцааж, Лавров албан тушаалаа хашсан хэвээр байгааг баталсан юм.

Тэгвэл өчигдөр буюу Ням гарагт тэр Оросын РИА Новости агентлагт АНУ, ОХУ-ын харилцааны асуудлаар ярилцлага өгчээ.

2004 оноос хойш гадаад хэргийн сайдаар ажиллаж буй 75 настай Лавров “Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бид хоёр тогтмол харилцаа холбоотой байх шаардлагатайг ойлгож байна. Украины асуудлыг хэлэлцэх, хоёр талын харилцааг урагшлуулах нь чухал юм. Тийм учраас түүнтэй утсаар ярьж, шаардлагатай үед нүүр тулан уулзахад би бэлэн байна” гэж ярьжээ.

Ингэхдээ тэр Украины дайныг зогсоох үндсэн нөхцөлүүдээсээ Орос улс татгалзах боломжгүйг илэрхийлсэн байна.

Тухайлбал Украиныг НАТО-д элсүүлэхийг хориглох, Донбассыг бүрдүүлдэг дорнод Украины Донецк, Луганск мужууд болон өмнөд бүсийн Херсон, Запорожье мужуудыг ОХУ-ын газар нутгийн нэг хэсэг болохыг хүлээн зөвшөөрөх зэрэг нөхцөлүүдийг Москвагийн эрх баригчид тулгаж байгаа.

Орос улс одоогоор 2014 онд нэгтгэсэн Крымийн хойг, Луганскийн бараг бүх хэсэг, Донецкийн 80 орчим хувь, Херсон, Запорожье мужуудын 75 орчим хувь, Харьков, Сумы, Николаев, Днепропетровск мужуудын зарим хэсгийг хянаж байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эзлэгдсэн газар нутгийнхаа зарим хэсгийг түр хугацаанд “дефакто эзлэгдсэн” гэж хүлээн зөвшөөрч болох ч “de jure хүлээн зөвшөөрөх”-ийг эрс эсэргүүцэж байгаагаа өмнө нь мэдэгдсэн.

Наймдугаар сарын 15-ны өдөр Аляскийн Анкориж хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн “ойлголцол” нь 2024 оны зургаадугаар сард ерөнхийлөгч Путиний тавьсан дээрх үндсэн нөхцөлүүд дээр үндэслэсэн болохыг Лавров өчигдөр баталжээ.

“Бид одоо Анкорижийн яриа хэлэлцээ хүчин төгөлдөр хэвээр байгааг АНУ-ын талаас баталгаажуулахыг хүлээж байна” гэж тэр хэлсэн юм.

Оросын битүүмжлэгдсэн 210 тэрбум еврогийн хөрөнгийг Украины тусламж дэмжлэгийг санхүүжүүлэхэд ашиглах талаар Европын Холбоо төлөвлөж байгаа.

Энэ талаар асуултад Лавров хариулахдаа үүнийг хууль бус үйлдэл гэж үзэж байгаа мэдэгдээд хэрвээ төлөвлөгөө хэрэгжвэл Орос улс хариу арга хэмжээ авахыг анхааруулжээ.

 

Эх сурвалж: Reuters