Сүүлийн өдрүүдэд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын "суудал ганхсан" байж болзошгүй тухай мэдээлэл цацагдах болсон.
Тухайлбал түүнийг Москва, Вашингтоны хооронд төлөвлөгдөж байсан Украины асуудлаар яриа хэлэлцээнд саад учруулсан шалтгаанаар ерөнхийлөгч Путиний “итгэлийг алдсан” гэлцэж байна.
Өчигдөр буюу Баасан гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ асуудлаар сэтгүүлчдэд тодруулга өгчээ.
“Эдгээр мэдээлэлд үнэн зүйл алга. Лавров гадаад хэргийн сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хашиж байгаа нь эргэлзээгүй” гэж тэр хэлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхийлөгчтэй Будапешт хотод уулзах гэж байснаа гэнэт больсон.
Уг уулзалтыг зохион байгуулах асуудлаар Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзахдаа таагүй ааш авир гаргасан талаар Файнэншл Таймс сонин мэдээлжээ.
“Албаныхан Лавровын эвлэршгүй байр суурьт цочирдсон. Лавров илт залхсан байсан бөгөөд АНУ-ын талтай уулзахаас илүү дээр хийх зүйл өөрт нь байгаа мэт аашилж байсан” гэж уг асуудалд ойр эх сурвалж дээрх сонинд ярьсан байна.
Будапештын уулзалт цуцлагдсаны дараа болсон НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хуралдаанд байнгын гишүүдээс ганцхан Лавров оролцоогүй нь анхаарал татаж байв.
Үүнээс гадна Их 20-ын уулзалтад Оросын төлөөлөгчдийг Лавров тэргүүлэхээ больж, түүнийг ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Максим Орешкин орлохоор болсон байна.
Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо буюу ASEAN-ий уулзалтад Оросын төлөөлөгчдийг Лавров тэргүүлдэг байсан бол өнгөрсөн сард болсон уулзалтад шадар сайд Алексей Оверчук орложээ.
400,000 дагагчтай Незыгарь Телеграм суваг Рубиотой утсаар ярьсныхаа дараа Путин “ноцтой яриа” Лавровтой өрнүүлсэн тухай нэрээ нууцалсан эх сурвалжаас уламжлан мэдээлсэн байна.
“Лавров уулзалтад бэлтгэлгүй оролцож, Рубиотой маш ширүүн уур амьсгалтай ярьж байсан” гэж уг эх сурвалж хэлжээ.
Одоо 75 настай Сергей Лавров нь 2004 оноос хойш ОХУ-ын гадаад хэргийн сайдаар, бас НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүнээр ажиллаж байгаа.
Тэрбээр Украины дайн эхэлснээс хойш АНУ, Европын Холбоо, Канад, Австрали болон бусад улсуудын хориг арга хэмжээний хар жагсаалтад орсон юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!