Улаанбаатар хотын арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт дэх эко парк руу нүүлгэхээр болоод буй. Үйлдвэрүүдийг нүүлгэсний дараа тухайн бүсийг хэрхэн ашиглах талаар төлөвлөжээ.
Энэ тухай Хот төлөвлөлт, судалгааны институтийн ерөнхий инженер Б.Лхагвасүрэн "Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн эко парк руу нүүхээр тухайн бүсийг хэрхэн ашиглах талаар үйлдвэр, ААН-үүдийн саналыг тусгасан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргалаа.
Тус үйлдвэрийн бүсэд оршин сууж байгаа 500 орчим айл өрхөөс дөрвөн асуумжтай судалгаа авахад сургууль, цэцэрлэг болон нийгмийн дэд бүтцийн зориулалтаар хөгжүүлэх, ногоон байгууламж, автомашины зогсоолтой болгохыг дэмжсэн саналыг өгөөд байна. 20 дугаар хороог дахин төлөвлөхдөө сургууль цэцэрлэг, ногоон байгууламж, авто замын шийдлүүдийг тусгана. Судалгаанд оролцсон иргэдийн 99% нь арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэхийг зөвшөөрсөн" гэж өнөөдөр мэдээллээ.
Хоёр жилийн хугацаанд арьс ширний үйлдвэрүүд барилгаа барьж, 2027, 2028 оноос Эмээлтэд жигдрэх аж.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо нь урд талаараа Туул голын хойд эрэг, баруун хойд талаараа гуравдугаар хороо, зүүн талаараа 19 дүгээр хороотой заагладаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!