Уншиж байна ...

“Жилийн ₮1.5 тэрбум хүртэл орлоготой аж ахуйн нэгжүүд нэг хувиар татвар төлдөг”

ikon.mn
2025 оны 11 сарын 10
IKON.MN
Зураг зураг

ЗӨВЛӨН ТУСЛАХ ТАТВАРЫН АЛБА

ТЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн Татварын Улсын Байцаагч Л.Батцэнгэлтэй татварын төрөл хэлбэр, татвар ногдуулах арга зүйн талаар ярилцлаа.

- За танд өглөөний мэнд хүргэе.

- Өдрийн мэнд.

- Өнөөдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн талаар мэдээлэл хүргэхээр байгаа билүү?

- Тийм.

Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж орсон. Үүнтэй холбоотойгоор 1992 онд орчин цагийн татварын алба үүсэн бий болсон. Ингээд 5 төрлийн татварын хуулийг анхлан боловсруулж, 1993 оноос эхлэн мөрдсөн. Эдгээр 5 хуулийн нэг нь одоогийн ААНОАТ-ын тухай хууль, тухайн үедээ Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хууль гэсэн нэртэй байсан.

ААНОАТ-ын тухай хууль өнгөрсөн 30 гаран жилийн хугацаанд хугацаанд 2 удаа шинэчлэгдсэн. Эхнийх нь 2006.06.29-нд шинэчлэгдэн батлагдаж, 2007.01.01-ээс мөрдсөн, дараа нь 2019.03.22-нд шинэчлэгдэн батлагдаж, 2020.01.01-ээс одоог хүртэл мөрдөж байгаа. Мөн 2025 оны эхнээс ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж, нэмэлт өөрчлөлтийн төсөл нь өргөн баригдаад, олон нийтийн санал авах процесс үргэлжилж байгаа. Өнөөдөр бид нар яг одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа буюу 2020.01.01-ээс мөрдөж эхэлсэн ААНОАТ-ын тухай хуулийн талаар товч тайлбарлая гэж бодож байна. Энэ 2020 оны шинэчлэлээр ААНОАТ-ын тухай хуульд ямар гол өөрчлөлтүүд орсон юм бэ гэхээр жижиг дунд ААН-үүдийг дэмжихэд чиглэсэн маш томоохон зохицуулалтууд орж өгсөн.

Тухайлбал, бид нар хялбаршуулсан горим гэж нэрлээд байгаа ААН нийт орлогоосоо нэг хувиар татвар төлөх зохицуулалт бий болсон. Дээр нь 300 сая хүртэл татвар ногдох орлоготой жижиг дунд ААН-үүд нэг хувийн татвар төлөх, 300 сая төгрөгөөс 1.5 тэрбумын төгрөг хүртэл орлоготой ААН 10%-аар ногдуулж татвараа төлөөд, төлсөн татварынхаа 90%-ийг нь буцааж авах зохицуулалтууд орсон. Өмнө нь буюу 2007 онд оруулсан өөрчлөлтөөр гаднын хөрөнгө оруулалтуудыг татахын тулд бизнесийг идэвхжүүлэхийн тулд бүх татварын хувь хэмжээг 10% болгож тогтмол татвартай болсон байсан.

Харин 2020 оны өөрчлөлтөөр шаталсан татвартай, тухайлбал татвар ногдуулах орлого 6 тэрбум хүртэл бол 10%-аар ногдуулах, 6 тэрбумаас дээш бол 6 тэрбум хүртэл дүнд 10%-аар ногдуулаад 600 сая төгрөг, үүн дээр 6 тэрбумаас давсан дүнд 25%-аар татвар ногдуулдаг болсон.

- Та сая хэллээ жижиг дунд үйлдвэрлэгчид гэж. Энэ хэсэг маань татварын тодорхой хувийг бүрдүүлж байгаа хүмүүс шүү дээ? Энэ хүмүүст зориулсан хөнгөлөлт гэсэн үг үү?

- Тийм. Татварын хуулиудад үүнээс гадна хөнгөлөлт, чөлөөлөлтийн олон заалт бий.  Жишээлэхэд ААНОАТ гэхэд л 33 төрлийн хөнгөлөлт байдаг. Эдгээр хөнгөлөлтийн ихэнх нь жижиг дунд ААН-дэд чиглэсэн. Мөн дээр нь Монгол Улсын санхүү төсвийн бодлогын хүрээнд, эдийн засагт чухал нөлөөтэй салбаруудыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлт чөлөөлөлтүүд байдаг.

- За ойлголоо. ААНОАТ-ыг хэн төлөх билээ?

- ААНОАТ-ын тухай хуульд заасны дагуу албан татвар төлөгчийг 2 ангилж байгаа. Нэгд, Монгол Улсад байрладаг байрладаг албан татвар төлөгч. Хоёрт Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч.

Монгол Улсад байрладаг гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, удирдах дээд байгууллага нь Монголд байрлаж байгаа ийм ААН-дийг ойлгоно. 2 дахь нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч гэдэг нь удирдах дээд байгууллага нь Монгол Улсад байхгүй, төлөөний газраар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсаас орлого олж байгаа тохиолдол юм.

Жишээлбэл Японы Тоёота компанийн дистрибьютер нь манайд байдаг. Яг үүнтэй адилхан төлөөний газраар дамжуулаад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсад байрладаггүй ч гэсэн Монгол Улсаас орлого олж байгаа ААН-үүд олон. Эдгээрийг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч гэж байгаа юм. Татвар төлөгчдийг Монгол Улсад байрладаг, байрладаггүй гэж ангилаад байгаа гол шалтгаан нь юу байна вэ гэхээр эдгээр аж ахуй нэгжүүдийн ямар орлогод нь Монгол Улс албан татвар ногдуулах юм бэ гэдэг тухай асуудал байгаа юм.

- Ялгаатай байдаг гэсэн үг үү?

Тийм. Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн хувьд бол Монгол Улсад олсон орлого, Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, дээр нь гадаадад олсон орлогоос нь Монгол Улс татвар авна. Харин Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчөөс бол зөвхөн Монгол Улсад олсон орлого болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогоос нь л татвар авна.

За үүнтэй холбоотойгоор татварын хууль тогтоомжийн хүрээнд 2 үндсэн зохицуулалт байгаа. 1 дүгээрт нь Давхар татварын гэрээ гэсэн ойлголт байдаг. Давхар татварын гэрээ нь уг гэрээ байгуулсан 2 улс нэг төрлийн орлогоос татварыг давхардуулан авахгүй байх үндсэн зохицуулалтыг агуулж байдаг. Хэрэв Монголд татвар ногдуулсан бол энэ орлогоос Давхар татварын гэрээтэй нөгөө улс татвар авахгүй. Эсрэгээрээ бусад улсад татвар ногдуулаад авчихсан байх юм бол Монгол Улсад төлөх татвараас нь гадаад улсад төлсөн татварыг нь хасаж тооцно гэх зэргээр татварыг давхардуулахгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улстай давхар татварын гэрээтэй 26 улс байна. 2 дугаарт нь татварын асуудлаар харилцан мэдээлэл солилцох эрх зүйн боломжтой улс гэсэн ойлголт байдаг. Үүнийг давхар татварын гэрээтэй бас хольж ойлгоод байдаг. Энэ нь татвартай холбоотой мэдээллийг харилцан солилцох боломжтой улсууд л гэсэн үг. ААНОАТ-ын тухай хуульд заасны дагуу Татварын ерөнхий газраас жил болгон татварын мэдээлэл харилцан солилцох боломжтой улсын жагсаалт гаргадаг. 2024 оны эцсийн байдлаар энэ жагсаалтад 143 улс байна. Тэгэхээр Монголын татварын алба эдгээр 143 улстай татварын мэдээллийг харилцан солилцоод, эдгээр улсуудад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын иргэн, ААН-ийн мэдээлэл манай татварын мэдээллийн санд бүртгэгдээд явж байдаг гэсэн үг.

- Олсон бүх орлогоос нь татвар авна гэж ойлгож болох уу?

- Тийм. ААНОАТ-ын тухай хуульд заасны дагуу ААН-ийн олж байгаа орлогыг дотор нь 4 ангилдаг. 1 дүгээрт нь үйл ажиллагааны орлого.

- Яг одоо тэр бараагаа зараад орж ирж байгаа орлого гэсэн үг үү?

- Тийм. ААН бүрийн хувьд үйл ажиллагааны чиглэл өөр байж болно. ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэж байдаг. Тэр улсын бүртгэлийн гэрчилгээ дээр заагдсан үйл ажиллагааг явуулаад олсон орлого нь үйл ажиллагааны орлого болно. Энэ нь ААНОАТ ногдох орлогын үндсэн хэсэг байна. Үйл ажиллагааны орлогод татвар ногдуулахдаа нийт олсон орлогоос нь тухайн үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарсан зардлыг хасаад үлдсэн дүнгээс нь буюу ашгаас тооцдог. Өөрөөр хэлбэл ААН үйл ажиллагаа явуулаад 10 төгрөгийн орлого олсон, энэ 10 төгрөгийн орлого олохын тулд 8 төгрөгийн зардал гаргасан гэвэл ашиг буюу 10-аас 8-ийг хасаад үлдсэн 2 төгрөгт албан татвар ногдуулна.  

За татвар ногдох орлогын дараагийн төрөл нь хөрөнгийн орлого.  Өөрөөр хэлбэл ААН тодорхой хөрөнгө өмчлөөд, тэр хөрөнгөө ашиглаад орлого олж болно. Энд хөрөнгийн түрээсийн орлого байж болно, мөн эрхийн шимтгэлийн орлого байна. Дээр нь ААН-ийн худалдан авч эзэмшиж байгаа хувьцаа үнэт цаас байх юм бол ногдол ашгийн болон хүүгийн орлого зэрэг орлогууд энд багтана. Энд эрхийн шимтгэлийн орлого, хувьцааны ногдол ашгийн орлого, бонд болон үнэт цаасны хүүгийн орлогын хувьд нийт дүнгээс нь буюу олсон орлогоос нь шууд 10%-аар тогтмол татвар авдаг. Харин түрээсийн орлогын хувьд түрээсийн гэрээний дагуу олсон орлогоос түрээсийн хөрөнгийн ашиглалттай холбоотой зардлыг хасаад зөрүүгээс татвар авна. Ер нь энд нэг зүйлийг нэмж хэлэхэд нийт дүнгээс нь авч байгаа татварууд бол ихэвчлэн тогтмол хувь хэмжээгээр бодогддог, дээр нь тухайн орлогыг олгож байгаа этгээд нь татварыг суутгаж аваад цааш нь төлж байдаг.

- Тухайн ААН өөрөө төлөхгүй байх нь тийм үү?

- Тийм. Суутгаж авсан ААН энэ дүнгээрээ цааш нь дамжуулан төлөх үүрэгтэй байдаг. Харин татвар ногдуулах орлогын дүнг тодорхойлдог буюу олсон орлогоос холбогдон гарсан зардлыг хассаны дараа ногдуулан төлж байгаа татварыг бол ААН өөрөө тодорхойлж төлнө. Яагаад гэхээр ААН өөрөө зардлаа нотлох шаардлагатай. Манайх ийм орлого олсон энэ орлогыг олохын тулд ийм зардал гаргасан. Зөрүү тэдэн төгрөгийн ашгаас нь тэдэн төгрөгийн татвар төлнө гэдгээ ААН өөрөө л тодорхойлох боломжтой. Тэгэхээр ААН өөрөө тодорхойлж татвараа төлдөг хэд хэдэн төрлийн орлогууд байдаг. Тэр бүгдийг нийлүүлж байгаад дүн нь өмнө хэлсэн 6 тэрбум төгрөг хүртэл байна уу, эсвэл 6 тэрбум төгрөгөөс дээш байна уу гээд шаталсан татварын хувь хэмжээгээр татвар ногдуулна.

Татвар ногдох орлогын 3 дахь төрөл нь хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого байна. Хөрөнгийн орлого бол өмчилсөн хөрөнгөө ашиглаад олсон орлого. Иймээс хөрөнгийг өмчилсөн хэвээрээ байгаад байх юм бол энэ төрлийн орлогыг тайлант хугацаа бүрд олно. Гэтэл хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого бол нэг удаагийн шинжтэй. Жишээ нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого гэхэд нэг удаагийн орлого байна. Учир нь үл хөдлөх эд хөрөнгөө борлуулсны дараа манай өмч биш болчихно. Тэгэхээр нэг л удаа тайлагнана гэсэн үг.

Харин үл хөдлөх эд хөрөнгөө  түрээслүүлэх тохиолдолд тайлант үе бүрд түрээсийн орлого тайлагнах боломжтой. Энэ нь хөрөнгийн орлого болно. Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого гэсэн энэ ангилалд 4 төрлийн орлого хамаарна. Үүнд, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого, төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсны орлого, мөн хувьцаа үнэт цаас борлуулсны орлого, дээр нь бусад хөдлөх хөрөнгө борлуулсны орлого хамаарна. Энд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод нийт борлуулалтын үнийн дүнгийн 2%-аар татвар ногдуулна. Бусад 3 төрлийн орлогын хувь татвар ногдуулах орлогыг нь тооцдог. Өөрөөр хэлбэл борлуулсан үнээс холбогдох өртөг, зардлыг тооцож хассан дүнд татвар ногдуулна гэсэн үг.

- Ямар дүнгээр татвар ноогдуулах юм бэ гэдэг нь ялгаатай байх юм байна. Тийм үү?

- Тийм. Төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсны орлогод татвар ногдуулахдаа тэр эрхийг анх авахын тулд төлсөн, баримтаар нотлогдож байгаа зардлыг тодорхойлох шаардлагатай. Үүнийг бид нягтлан бодох бүртгэлд анхны өртөг гэж нэрлэдэг. Ингээд борлуулсан үнээс анхны өртгийг хассан дүнд буюу үндсэндээ ашигт нь 10%-аар татвар ногдуулдаг. Дараа нь хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого байна. Мөн адилхан борлуулсан үнээс анхны өртгөө хасаж, шаталсан хувиар татвар ногдуулах дүнг тодорхойлно.

Эцэст нь бусад биет бус хөрөнгүүд болон хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын хувьд борлуулсан үнээс энэ тохиолдол бол харин дансны үнийг хасаж, татвар ногдуулах дүнг тодорхойлно. Учир нь эдгээр хөрөнгүүд элэгдэл тооцдог хөрөнгүүд байдаг. Тиймээс ААН нягтлан бодох бүртгэлдээ тухайн хөрөнгийн ашигласан хугацаанд ногдох элэгдлийг нь тооцоод явж байдаг. Ингээд анхны өртгөөс худалдан борлуулсан өдөр хүртэл хуримтлагдсан нийт элэгдлийг хасаж дансны үнийг тооцдог. Тэгэхээр хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдолд борлуулсан үнээс дансны үнийг хасаад зөрүүг нь шаталсан хувиар татвар ногдуулах дүн гэж үзнэ.

ААНОАТ ногдох дараагийн орлогын төрөл нь бусад орлого. Энд хүү, торгууль, алдангийн орлого, мөн эд мөнгөний хонжворт сугалааны орлого багтана. Эд мөнгөний хонжворт сугалааны орлогын хувьд нийт дүнгээс нь шууд 40%-ийн татвар төлнө. Дээр нь Монгол Улсад байрладаггүй ААН төлөөний газраараа дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад, төлөөний газраас толгой компани руугаа ашиг шилжүүлсэн бол шилжүүлсэн дүнгийн 20%-аар ААНОАТ төлнө. Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гэж үзнэ. Мөн гадаад валютын ханшийн зөрүүгийн орлого нь бодит бус орлогод хамаарна. Ханш ямар их өөрчлөгддөг билээ дээ. Тэгэхээр ханшийн зөрүүгээс ААН-д олз үүсэж болно, бас гарз үүсэж болно. Иймээс цэвэр дүнгээр тооцоод валютын ханшийн бодит орлого тооцогдсон тохиолдолд шаталсан хувиар татвар ногдох орлого болно. Мөн бусад орлого гэдэгт хуулийн дагуу олгосон нөхөн олговор болон даатгалын нөхөн олговрыг мөн хамруулан авч үздэг. 

Шаталсан хувиар төлж байгаа татварыг аж ахуйн нэгж өөрөө тодорхойлж төлнө.  Яагаад гэхээр хасагдах зардал тооцдог. Хасагдах зардал нь дансны үнэ байж болно, анхны өртөг байж болно, мөн холбогдон гарсан зардлууд байж болно. Үүнийг ААН  өөрөө тодорхойлох боломжтой. Харин нийт дүнгээс нь тогтмол хувиар авч байгаа татварыг тухайн орлогыг олгож байгаа ААН суутгаж аваад, холбогдох татварын албанд төлж байдаг.

- За энэ дээр ганцхан юм асуучихъя. Үл хөдлөх хөрөнгө дээр энэ 2%. Яагаад гэвэл энэ дээр 100 мянган хүн цахим гарын үсэг цуглуулаад, энийг байхгүй болгоно гээд яриад байсан. Энэ шийдвэр ерөнхийдөө нэг талдаа гарсан уу?

- Хүмүүсийн гарын үсэг цуглуулсан Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2%-ийн татварыг цуцлах асуудал бол яг өнөөдрийн ярьж байгаа ААНОАТ-ын тухай хуульд бол шууд хамаарахгүй. Иргэд ХХОАТ-ын тухай хууль дээр байгаа иргэн өөрийн өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан тохиолдолд төлөх 2%-ийн татварын хувьд, үүн дотроо бүр орон сууц борлуулсны татварын хувьд асуудал тавьсан гэж ойлгосон. Үл хөдлөх эд хөрөнгө гэдэгт орон сууцаас гадна бас газар ордог. Нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллээс энэ асуудал нь УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэгдэх шатандаа байгаа гэж ойлгосон. Одоогоор ХХОАТ-ын тухай хууль дээр үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2%-ийн татварыг нэмэгдүүлье, эсвэл бууруулъя гэсэн ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй, хуульд нэмэлт өөрчлөлт бол ороогүй байгаа.

- За баярлалаа. Хуулийн процесс явж байгаа л гэж ойлгож байгаа. Тэгэхгүй бол бид хэд чинь 100 мянган гарын үсэг цуглаад ер нь болчихлоо доо гэдэг төсөөлөл буучихсан байсан. Дээр нь ХХОАТ болон ААНОАТ гээд 2 хуулийн ялгааг бас анхаарах ёстой юм байна. Тийм үү?

- Тийм. Бид өмнөх дугаарууд дээр ярьж байсан татварыг зөвхөн хуулиар тогтооно, хуульгүйгээр ямар нэгэн татвар байхгүй гэж. Нөгөө талаас хуулийг зөвхөн хууль тогтоох байгууллага буюу Улсын Их Хурал батална. Тэгэхээр одоогоор хувь хүн үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар 2% дээр эцсийн шийдвэр гаргаагүй, хуулийн процесс үргэлжилж байгаа гэж ойлгож байна.

- За одоогоор ямар нэгэн эцсийн шийд бол гараагүй юм байна. За хоёулаа мэдээллээ үргэлжлүүлье.

- ААНОАТ-ын тухай хууль дээр анхаарах дараагийн гол асуудал бол хасагдах зардалд тавигдах шаардлага гэж байгаа. ААН-ийн нягтлан бодогчдын гол анхаарах зүйл нь ерөөсөө энэ. Хуульд заасан шаардлагыг хангасан зардлыг хасагдах зардлаар бүртгэж байна уу гэдэг асуудал. Хасагдах зардлын шаардлага хангахгүй зардлууд нь цаашлаад санхүүгийн тайлан болон татварын тайлангийн хувьд байнгын зөрүүг үүсгэж гэж байдаг. Учир нь эдгээр зардал нь санхүүгийн тайлангийн зорилгоор бол зардал мөн, харин татварын тайлангийн хувьд зардал биш болно.

Хасагдах зардалд тавигддаг олон шаардлага байдаг. Үүнээс үндсэн шаардлага нь гэвэл 1 дүгээрт тайлант хугацаанд хамаарч гарсан байх, 2 дугаарт нь орлого олох үйл ажиллагаатай холбогдон гарсан байх, 3 дугаарт нь төлбөрийн баримтаар баталгаажсан байх, мөн энэ дүнгээр нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн байх зэрэг нийтлэг шаардлагууд байна. Энд элэгдлийн зардал дээр товчхон нэмэлт тайлбар өгье гэж бодож байна. Яагаад гэхээр зэрэг ААН-ийн нягтлангууд их асуугаад байдаг. Элэгдэл тооцох хугацаа заавал татварын хуульд зааснаар байх ёстой юм уу. Бодит байдал дээр ялгаатай байна, яах вэ гээд. ААНОАТ-ын хууль дээр элэгдэл тооцдог хөрөнгийг татварын зорилгоор хэдэн жилд элэгдүүлэхийг, дээр нь элэгдэл тооцохдоо зөвхөн шулуун шугамын аргыг ашиглана заагаад өгчихсөн.

Татварын тайлан бол хуулийн дагуу л бэлтгэгдэнэ. Харин ААН санхүүгийн тайлангийн зорилгоор элэгдэлд тооцох арга болон ашиглалтын хугацааг өөрөөр тогтоож болно.

Энэ тохиолдолд дахиад л татварын тайлан болон санхүүгийн тайлан дээр зөрүү үүсдэг. Элэгдлийн зардалтай холбоотой зөрүү нь татварын түр зөрүүг үүсгэдэг. Түр зөрүү гэдэг нь тодорхой хугацааны дараа залруулагдаад нөлөөлөл нь тэг болчихдог учраас түр зөрүү гэж нэрлэдэг. Мөн элэгдэл тооцдог хөрөнгө дээр анхаарах дараагийн зүйл нь үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ. Дахин үнэлгээ хийгээд үндсэн хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдсөн тохиолдолд дахин үнэлгээний зөрүүг татварын зорилгоор элэгдүүлэхгүй. Энэ нь бас татварын түр зөрүү үүсгэнэ. Түр зөрүүгийн хуваарилалт болон тохируулга нь тусдаа нэмэлт тайлангаар зохицуулагддаг. Хасагдах зардалд тавигдах шаардлагуудыг ААНОАТ-ын тухай хуулийн 13, 14, 15, 16, 17 дугаар зүйл дээр дэлгэрэнгүй тусгасан.

За дараагийн анхаарах зүйл бол татварын шаталсан хувь хэмжээ. Бид татвар ногдох орлогын төрлүүд дээр заримд нь тогтмол хувь хэмжээгээр, заримд нь шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулна гээд орхичихсон. Шаталсан хувь хэмжээгээр ногдуулах татварын дүнг тооцохдоо эхлээд шаталсан хувиар татвар ногдуулах орлогуудын дүнг нэмнэ. Дараа нь татвар ногдох орлогын дүн 300 сая төгрөг хүртэл байх юм бол 1%-аар татвар ногдуулна, мэдээж орлого нь 300 сая төгрөг хүртэл байх юм бол бүх ААН энэ боломжийг ашиглана. Татвар ногдох орлогын дүн 300 сая төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг бол 10%-аар бодож татвар төлөөд, төлсөн татварын 90%-ийг буцааж авна. Татвар ногдуулах орлого 6 тэрбум төгрөг хүртэл болбол 10%, 6 тэрбум төгрөгөөс дээш бол 6 тэрбум төгрөг хүртэл 10%-аар бодоод 600 сая төгрөг, үүн дээр 6 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 25%-аар татвар ногдуулдаг.

- Тэгэхээр зэрэг шаталсан хувиар гэдэг орлогуудыг нэмж байгаад энэ рүү орох юм байна. Тийм үү?

- Ер нь бол тийм. Дээр нь 2020 оны ААНОАТ-ын тухай хуульд орсон нэг том өөрчлөлт бол хялбаршуулсан горим. Хялбаршуулсан горим ашиглахад үндсэн 3 шаардлага байгаа. Нэгд, өмнөх жилийн татвар ногдох орлогын дүн 50 сая төгрөгөөс бага байх. Хоёрт, тайлант жилийн 3 дугаар улиралд буюу 9 сарын 30-ны дотор татварын албанд хүсэлтээ гаргасан байна. Гуравт, татварын алба хянаж үзээд хүсэлтийг нь зөвшөөрсөн байх. Энэ 3 шаардлага хангасан бол тухайн ААН хялбаршуулсан горимоор татвараа тайлагнаж болно. Татвараа хялбаршуулсан горимоор тайлагнах үед ААН үйл ажиллагааны орлогод татвар ногдуулж байгаа хэдий ч хасагдах зардлыг тооцохгүйгээр зөвхөн нийт орлогынхоо 1%-аар бодож төлөх татвараа тооцно. Ашгаасаа биш нийт орлогоосоо, гэхдээ 1%-аар ногдуулна. Хялбаршуулсан горимд хүсэлт гаргасан тохиолдолд хуульд заасан бусад төрлийн татварын хөнгөлөлт эдлэхгүй гэдэг хязгаарлалт байгаа. Үүнийг анхаарах хэрэгтэй.

- За дараагийн гол ярих зүйл бол алдагдал шилжүүлэх тухай асуудал. Ашигтай ажилласан тохиолдолд татвар авч байна. Харин алдагдалтай ажилласан бол яах вэ гэдэг зүйл.

- ААНОАТ-ын тухай хуулиар ААН тухайн жилд алдагдалтай ажилласан бол татварын тайлангаа илгээж, харьяа татварын албаар уг алдагдлыг баталгаажуулсан байх шаардлагатай. Дараа нь тэр алдагдлыг дараагийн 4 жилд шилжүүлэн тооцож, ирээдүйд төлөх татвараасаа хасах боломжийг татварын хууль олгож байдаг. Жишээ нь 2025 онд алдагдалтай ажилласан бол дараагийн 4 жилд буюу 2026, 2027, 2028, 2029 оны татварын жилүүдэд 2025 оныхоо алдагдлыг шилжүүлээд, эдгээр жилүүдэд төлөх татвараа бууруулж болно. Энд 2 л шаардлага байдаг. Нэгд, алдагдалтай ажилласны дараагийн дараалсан 4 жилд шилжүүлнэ. Өмнөх тохиолдолд жишээ нь 2025 оны алдагдлаас шилжүүлэх хугацаа 2029 оноор дуусгавар болно. 2030 онд шилжүүлэн тооцох боломжгүй гэсэн үг. Хоёрт, шилжүүлэн тооцох алдагдлын дүн нь тухайн жилийн татвар ногдуулах орлогын 50%-аас хэтрэхгүй байх гэсэн ийм 2 шаардлага байгаа.

Эцэст нь татварын тайлагнах хугацааны талаар товч тайлбар өгье. Тэгэхээр орлогын дүнгээсээ хамаараад татварын тайланг ямар хугацаанд өгөх вэ гэдэг нь ААН бүрийн хувьд ялгаатай. Жишээ нь, өмнөх жилийн татвар ногдуулах орлого 6 тэрбум төгрөгөөс дээш ААН-үүд жилд 4 удаа буюу улирал болгон татварын тайлан өгөх ёстой. Харин 6 тэрбум төгрөг хүртэл татвар ногдуулах орлоготой ААН-үүд хагас жил тутамд буюу эхний хагас жилийн тайланг 7 сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 сарын 10-ны дотор өгнө.

- Тайлант жилд шинээр үүсгэн байгуулагдсан компани байвал яах вэ гэж?

- Шинээр үүсгэн байгуулагдсан ААН-ийн хувьд хагас жил тутамд, хэрэв жилийн эхний хагаст байгуулагдсан бол 2 удаа, сүүлийн хагаст байгуулагдсан бол нэг удаа тайлан өгнө. Хялбаршуулсан горим ашиглаж байгаа ААН-үүд жилд нэг л удаа, мөн үйл ажиллагаа явуулаагүй буюу бид нар “Х” тайлантай ААН гээд байдаг, ийм ААН-үүд жилийн эцэст нэг удаа татварын тайлан өгнө. ААНОАТ-ын тайланг жилийн эхнээс өссөн дүнгээр гаргадаг тул улирал бүр буюу 4 удаа гаргалаа гэхэд улирал бүр оны эхнээс өссөн дүнгээр нь гаргана. Тухайн татварын тайланг харьяалах татварын алба хүлээж аваад, хянаж үзсэний үндсэн дээр татварын илүү, дутуу төлөлт тодорхойлогдоно. Дутуу төлөлт байх юм бол мэдээж хуулийн хугацаанд төлж барагдуулна. Илүү төлөлт үүссэн бол татвар төлөгчийн илүү төлсөн татварыг нь төрийн сангаар дамжуулан буцаан олгох ерөнхий зарчимтай.

- За. Танд маш их баярлалаа.