ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ниссан компани төв оффисын барилгаа зараад буцааж түрээслэн ашиглахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн хүндрэлтэй тулгарсан Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компани Йокохама хот дахь төв оффисын барилгаа 97 тэрбум иенээр ($630 сая) зарахаар болсныг өчигдөр зарлажээ.

Гэхдээ тус компани уг барилгыг түрээсийн гэрээгээр үргэлжлүүлэн ашиглах юм байна. Токио хотын үл хөдлөх хөрөнгийн MJI Godo Kaisha компанитай хийж буй энэ наймаанаас 73.9 тэрбум иений ($480 сая) хөрөнгө босгож, үйл ажиллагаандаа зарцуулахаар болж буйг Ниссан мэдэгджээ.

Тухайлбал төв оффисынхоо дотоод системийг шинэчлэх, хиймэл оюунд суурилсан автомат жолоодлогын системийн хөгжүүлэлтээ хурдасгах, бусад үйл ажиллагаануудаа дижиталчлах зэрэгт зарцуулах гэнэ.

Ниссан төв оффисын барилгаа ямар үнээр түрээслэх гэж байгааг зарлаагүй юм.

Өчигдрийн мэдэгдлийн дараа Ниссан компани энэ оны санхүүгийн жилийн эхний хагасын үр дүнгээ танилцуулсан байна.

Энэ оны гуравдугаар сарыг дуустал үргэлжилсэн өмнөх санхүүгийн жилд 670.9 тэрбум иений ($4.4 тэрбум) алдагдалтай ажилласан тус компани одоо ч ашигтай ажиллаж чадахгүй байгаа нь эндээс харагдсан юм.

Оны эхээр Ниссан компани өөрт нь хорь орчим жил ажилласан туршлагатай Мексикийн иргэн Иван Эспинозаг шинэ гүйцэтгэх захирлаараа томилсон нь бизнестээ эргэлт авчрах зорилготой алхам байв.

Зардал хэмнэх зорилгоор дэлхий даяар ажиллах хүчнийхээ 15 хувийг цомхотгож, Канагава мужийн Оппама дахь тэргүүлэх үйлдвэрээ хааж байгааг Ниссан өчигдөр бас зарлажээ.

 

Эх сурвалж: Associated Press