Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэнтэй хүүхэд хамгааллын зардлын зарцуулалтын явцын талаар ярилцлаа.
- Салбар яамд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн судалгаагаар Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад эдийн засгийн өсөлттэй үед 21 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гаргасан. Үүнд үндэслэн улсын төсвөөс хүүхэд хамгааллын зардалд энэ онд 20.6 тэрбум төгрөг тусгасан. Үүнийг ямар аргачлалаар зарцуулж байна?
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 52.8-д хүүхэд хамгааллын үйлчилгээний /ХХҮ/ зардлыг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын нормативыг Засгийн газар батална гэж заасан. Үүний дагуу хүүхэд хамгааллын зардлыг санхүүжүүлэх аргачлал, нормативыг 2024 онд Засгийн газрын 236 дугаар тогтоолоор баталсан. Хэрэгцээ, шаардлагыг нь тодорхойлсон гэсэн үг.
Өмнө нь энэ аргачлалыг 2022 онд Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар зохицуулж байв. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээнд гарч буй алдаа, дутагдал, бэрхшээлийг тухай бүрд нь тодорхойлж, чанар, үр нөлөөг нь дээшлүүлэх зорилгоор аргачлал, зааврыг боловсруулан мөрдүүлэх ёстой талаар Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл НҮБ-ын Хүүхдийн сан, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ХХҮ аргачлал, нормативыг шинэчлэх, боловсруулах зөвлөх баг сонгон шалгаруулснаар энэ аргачлалыг боловсруулсан юм.
- Та аргачлал боловсруулах ажлын хэсэгт ажилласан байх аа?
- Би 2023 оны нэгдүгээр сард энэ албан тушаалдаа томилогдсон. Хүүхэд хамгааллын зардлыг санхүүжүүлэх аргачлал боловсруулахад багагүй хугацаа шаардагдсан л даа. 2023 оны зургаадугаар сараас хойш зөвлөх баг энэ аргачлалыг боловсруулж эхэлсэн санагдаж байна. Миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан. Маш олон өөрчлөлт оруулсан.
Энэ аргачлал, нормативд шуурхай тусламж, хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх гэсэн үйлчилгээний гурван хэлбэрийг тусгасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бараа материал, бусад зардалд юу орохыг тодорхой болгож өгсөн.
Тухайлбал шуурхай тусламж үзүүлэхэд тухайн хүүхдэд анхан шатны багц хэрэгтэй. Өмнө нь тухай бүрд нь худалдан авдаг байсан бол одоо шинэ аргачлал, нормативын дагуу аймаг, дүүргийн газар, хэлтсийнхэн нэгдсэн байдлаар анхан шатны багцыг бэлдэж тавьдаг болсон. Жишээ нь А гэдэг хүүхэд бие, махбодын хүчирхийлэлд өртсөн байлаа гэхэд түүнд хэрэгтэй багц буюу эм, ахуйн хэрэглэл, шаардлагатай тохиолдолд хувцас бэлэн байна гэсэн үг.
- Тэгэхээр анхан шатны багцыг урьдчилж бэлдээд нөөцөд байлгана гэсэн үг үү?
- Тийм ээ. Тухайн газар, хэлтсийнхэн урьдчилж бэлдсэнээр хүүхдэд илүү шуурхай тусламж үзүүлэх боломжтой болсон. Шаардлагатай зүйлсийг нөөцөд байлгана, гэхдээ их хэмжээгээр худалдаж авахгүй. Өмнөх жилийнхээ статистик тоо, тухайн сарын үлдэгдэл нөөцөд үндэслэж худалдан авалт хийнэ.
Засгийн газрын 236 дугаар тогтоолоор хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлалд бүх үйлчилгээг нарийвчлан тусгасан. Анхан шатны тусламжийн багцад эм, ариун цэврийн хэрэглэл, зөөлөн эдлэл, шаардлагатай тохиолдолд хувцас гэх мэтээр тодорхой зааж өгсөн.
Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх зураглал баталсан. Үүгээр ямар тохиолдолд зардал олгохгүйг хүртэл нарийвчилж гаргалаа. Жишээ нь 108 дугаар утсанд дуудлага аваад зөвлөгөө өгч хаасан тохиолдолд санхүүжилт олгохгүй. Цагдаа аюулгүй байдлын зэргийн үнэлгээ хийж, “бага эрсдэлтэй” гэж үзвэл мөн санхүүжилт олгохгүй. Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн хэрнээ кэйс нээгээгүй тохиолдолд санхүүжилт өгөхгүй байх нь.
Харин нөхцөл байдлыг нь үнэлж, кэйс нээж, төлөвлөгөө гаргаж ажилласан тохиолдолд санхүүжилт олгоно. Тухайлбал, бичиг хэргийн зардал 5,000, харилцаа холбооны зардал 4,000 төгрөг гэх мэтээр тооцдог. Түүнчлэн эрүүл мэндийн төлбөртэй тусламж, сэтгэл засал, сэтгэл зүйн, хууль зүйн гэх мэт үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай зардлыг тусгаж, салбар дундын баримталж байгаа норм, нормативаар тооцогдохоор байгаа.
- Нөхцөл байдлыг хэн, яаж үнэлэх вэ?
- Хамтарсан багийнхан үнэлнэ. Хамтарсан баг гэж хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, холбон зуучлах үйлчилгээг хамтран үзүүлэх сум, хорооны Засаг даргаар ахлуулсан зохион байгуулалтын хэлбэрийг хэлнэ.
- ХХҮ-ний төсөв болох 20.6 тэрбум төгрөгийг хаана хаана, хэрхэн хуваарилсан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
- Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний хөтөлбөрийн төсөв 2023 онд 7.9, 2024 онд 13.7 тэрбум төгрөг байсан. Харин энэ онд 20.6 тэрбум төгрөг болж өссөн. Зардлын аргачлал, норматив, тухайн нутаг дэвсгэр дэх нийт болон зорилтот өрх, хүн амын тоо, мэдээллийн нэгдсэн сан болон кейсийн тоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан хүний тоо, үзүүлсэн үйлчилгээний гүйцэтгэл зэрэг нь төсвийг нэмэхэд нөлөөлсөн. Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний зардалд 2025 онд анх 20.6 тэрбум төгрөг батлагдсан ч 2025 оны төсвийн тодотголоор 20.3 тэрбум төгрөг болгож буурууллаа.
ХХҮхөтөлбөрийн төсвийн
2025 оны гуравдугаар улирал буюу есдүгээр сарын 30-ны байдлаар Хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээний хөтөлбөрийн батлагдсан төсөв 16.1 тэрбум төгрөгөөс 9.2 тэрбум төгрөг буюу 57.5 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Бид гүйцэтгэлийн явцын талаар, шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох газруудад албан бичиг хүргүүлж, мэдээллийг нэгтгэж авсан. Тухайн байгууллагын нягтлан бодогч, удирдлага солигдох нь гүйцэтгэлд нөлөөлж байна. Мөн төсвийн тодотголоос хойш Монгол Улсын төсвийн орлого бүрдэхгүй байгаатай холбоотой зарим зардлыг дараагийн сард нь хуваарилах, албан хаагчдын ажлын ачаалал их, анхан шатны баримт бүрдүүлэлт хангалтгүй, хүний нөөцийн дутмаг байдал гэх зэрэг олон хүчин зүйлийн улмаас санхүүжилтийн гүйцэтгэл ийм хэмжээнд гарсан.
- Шинэ аргачлал, норматив хэрэгжүүлж буй мэргэжилтнүүдээ хэрхэн сургаж байна?
- Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, зардлын нормативын талаар өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр зөвлөх багийнхан тухайн газар, хэлтсийн дарга, нягтлан бодогч, хүүхэд хамгааллын ахлах, мэргэжилтнүүдийг хоёр өдөр танхимын сургалтад хамруулсан. Сургалтад хамрагдсан албан хаагчид тухайн газар, хэлтсийнхэндээ мэдээлэл түгээж, сургах ажлаа зохион байгуулаад явж байгаа. Мөн 10 гаруй сургагч багш бэлтгэгдсэн. Үндэсний хэмжээнд таван бүс болгон, сургагч багш нар газар дээр нь очиж ажиллах байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас болоод явж чадаагүй л байна.
- Хүүхэд хамгааллын чиглэлээр хамгийн сайн ажилласан, энэ хэрээр санхүүжилт их зарцуулсан нь аль газар байна вэ?
- Орон нутгаас Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар 92.8 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ.
Нийслэлээс Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь төсвийнхөө 88.7 хувийг зарцуулсан бол Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс нь удаалж байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18.9-д нөхцөл байдлын үнэлгээ хийсэн, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, зардлын нормативын дагуу урамшуулал олгоно гэж заасан. Үүний дагуу 236 дугаар тогтоолын 2.7-д нөхцөл байдлын үнэлгээ хийж, кэйс төлөвлөгөө боловсруулахад оролцсон хамтарсан багийн гишүүн, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд олгох урамшууллыг сар бүр тооцон улирал бүр олгоно гэж тусгасан юм.
Тодруулбал нэг кейсд хамтарсан багийн бүх гишүүн, эсвэл зөвхөн нийгмийн ажилтан, цагдаа байлцсан тохиолдолд оролцсон гишүүн бүрд 63 мянган төгрөг олгох юм. Энэ урамшууллыг оруулж өгснөөр хариуцлагыг нь нэмэгдүүлж буй. Сайн ажиллавал урамшуулал авах тогтолцоог бүрдүүлсэн гэсэн үг. Тухайн хүүхдэд чанартай үйлчлэх нь чухал. Түүнээс дуудлага, мэдээллийг “мөнгө” гэж харж болохгүй. Үнэн зөв, үүрэг хариуцлагаа ухамсарлаасай гэж урамшуулал олгож байна.
- Түр хамгаалах байраар үйлчлүүлж буй хүүхдэд дээрх төсвөөс хэдий хэр зардал олгох бол?
- Гэр бүлээс тусдаа орчинд үйлчилгээ авч буй хүүхдийн хоолны зардлын санхүүжилт, мөн бусад зардлыг ХНХ-ын сайдын 2023 оны А/130 тушаалын дагуу олгож байгаа. Харин түр хамгаалахад байрлаж буй насанд хүрэгчдийн зардлыг ХХҮ зардлаас олгохгүй. Тухайн аймаг, дүүргийн орон нутгийн төсвөөс энэ асуудлыг шийдэх юм. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/150 дугаар тушаалаар баталсан “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардлыг тооцох журам”-ыг шинэчлэн боловсруулж, журмын төсөлд санал авч байгаа.
Түр хамгаалах байрны хамгаалалтад авах хүүхдэд зарцуулах зардлын нормативын уялдааг хангах, бараа ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт зэрэгтэй уялдуулан журмаар тогтоосон хувьсах зардлын тарифыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон.
- Шинэ аргачлалыг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарч байна уу?
- Засгийн газраас баталсан Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, ХХҮнэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив нь 2022 оныхоос нэлээд боловсронгуй тодорхой, процессын давуу талтай болсон. НҮБ-ын Хүүхдийн сан, Сангийн яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, зөвлөх багийнхандаа талархаж байна.
Шинэ аргачлалыг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн тогтворгүй байдал сөргөөр нөлөөлөх тохиолдол гарч байна. Хүүхэд, гэр бүл, нийгэм нь асуудал ихтэй, хүнд салбарт тооцогддог. Өмнө нь хүүхэд, гэр бүл гэж хоёр тусдаа салж байсныг нэгтгэсэн. Үүнийг дагаад өөрчлөх, шинэчлэх зүйл их бий.
Хүүхэд хөгжил, хамгааллын үйлчилгээний хөтөлбөрийг эрсдэлийн болон нөхцөл байдлын үнэлгээ хийх, шуурхай тусламж, хамгаалах нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэж ангилж байсан бол 2025 оноос хөгжил оролцоо гэсэн зардлын зүйл анги нэмэгдсэн. Мөн Хөгжил оролцооны аргачлал, нормативыг батлуулахаар ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!