Уншиж байна ...

"Хэн нэг даргад төслийн мэргэн санаа төрж болно. Гэхдээ хэрэгжих боломжтой эсэхийг сайтар судлахгүйгээр түрүүлээд зарлачихдаг"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө 2024 онд батлахдаа 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Гэхдээ ямар нэг байдлаар эрэмбэлээгүй, тооцоолол сайтар хийгээгүйгээс харвал ерөнхийдөө "Хүслийн жагсаалт" юм гэж судлаачид тодорхойлов. 

Уг нь ямарваа төслийг хэрэгжүүлэхийн тулд судалгаа тооцооллоо хийгээд, боломжтой, ач холбогдол өндөртэй гэж үзвэл хэрэгжүүлэх шийдвэр гардаг байхад манай улсад энэ нь яг эсрэгээрээ яваад байгааг судлаач А.Батпүрэв онцолж байна. Тэрбээр Засгийн газар ба нийслэлээс хэрэгжүүлэхээр зарлаад буй 38 мега төслийн талаар албан ёсны эх сурвалжууд ба нийтэд ил тод буй мэдээлэлд үндэслэн судалж, "Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын мега төслүүдийн тойм зураглал"-ыг боловсруулжээ.

Төслүүдийг үндсэн зорилгоор нь ангилбал 

  • Хотын түгжрэлийг бууруулах – 9 төсөл
  • Агаарын бохирдлыг бууруулах – 8 төсөл
  • Нийгмийн дэд бүтцийг сайжруулах – 6 төсөл
  • Экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх – 5 төсөл
  • Эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх – 4 төсөл
  • Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх – 3 төсөл
  • Бусад (судалгааны, нөөцийн үнэлгээ гэх мэт) – 3 төсөл байна. 

Мөн 38 мега төслөөс 22 төслийн Техник, Эдийн Засгийн Үнэлгээ(ТЭЗҮ) хийгдсэн бол бусад 16 төсөлд ТЭЗҮ хийгдээгүй эсвэл тодорхойгүй байгаа юм. Иймээс "Хүслийн жагсаалт" гэж үзэж болохоор байна.

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нийт төсөв нь 37.3 их наяд төгрөг бөгөөд дунджаар нэг төсөлд 2.6 их наяд төгрөг шаардагдахаар байна. Харин хотын хувьд 24 мега төслийнх нь нийт өртөг 55.6 их наяд төгрөг бөгөөд дундаж төсөв нь 2.3 их наяд төгрөг.

Тойм зураглалыг боловсруулсан судлаач А.Батпүрэв "Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлахад буюу 2024 оны наймдугаар сард 14 мега төсөл гэдэг санаа гараад ирсэн. Үүнийг дагаад хот 24 төсөл гээд явсан. Гэтэл эдгээр нь яг төсөл мөн үү гэвэл асуудалтай.

зураг
 

Хэн нэг даргад гоё төсөл хэрэгжүүлье гэдэг мэргэн санаа төрж болно. Гэхдээ техник, эдийн засгийн хувьд хэрэгжих боломжтой юу гэдгийг тодорхойлоод, нийгмийн ач холбогдол, байгаль орчны нөлөөллийг үнэлээд дараа нь санхүүжилт, хэрэгжүүлэх төлөвлөгөөг нь гаргана. Үнэхээр болохоор юм байна гэвэл үүнийг нь Засгийн газар хэрэгжүүлье, төсвийн хөрөнгөөр эсвэл төр-хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлье гэх мэтээр явах ёстой. Мөн Хөгжлийн бодлоготойгоо уялдах учиртай. Ингэхгүйгээр эхэлж зарлаад, хойноос нь судалж байгаа процесс болчихсон.

Хүснэгт 1, мега төслүүдийн санхүүжилтийн төлөвлөсөн эх үүсвэр

зураг
 
Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын мега төслүүдийн тойм зураглал

Бидний хийсэн судалгаа нь зарлагдаад буй мега төслүүдийг сайн муугаар ялгах, хэрэгжих боломжтой эсэхээр үнэлэх гээгүй. Тэгэх ч боломжгүй. Учир нь эдгээрийн тал нь жагсаалт төдий байгаа бол тал дээр нь ТЭЗҮ хийгджээ. Хэр оновчтой вэ, заавал төр хийх ёстой юу гэдэг бол дараагийн асуудал.

Процесс дээр нь ач холбогдол өгч судаллаа. Мега төслүүдийг буруу хэрэгжүүлбэл их хэмжээний мөнгийг үрэн таран хийдэг. Ийм алдааг давтахгүйн тулд том хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийн санааг үнэлэх, сонгон шалгаруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх бүх үе шат нь нарийн процесс байх ёстой, олон нийтийн оролцоотой, хяналттай байх ёстой гэдэг олон улсын стандарт бий.

Энэ хүрээнд төсөл хэрэгжүүлэх чадавхаа сайжруулахгүй бол мега байтугай улсын төсвөөс жил бүр тавьж байгаа жижиг хөрөнгө оруулалтууд нь хүртэл бодлогын уялдаа холбоогүй, хэрэгжилт хангалтгүй, төсөвт өртөг хэд дахин нэмэгддэг зэрэг асуудал байнга гардаг. 

Монгол Улс төслийн менежмент хэрэгжүүлдэг чадавхаа сайжруулж бэхжүүлэхгүй бол баахан мөнгө үрж менежментийн сургалт авсан байдалтай л яваад байна.

Төр өөрөө хэрэгжүүлсэн амжилттай том төсөл гэхээр санаанд бараг ордоггүй. Гашуунсухайтын төмөр замын төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэдэг ч тэрбум ам.долларын төсөл нь өнөөдөр мухар байна. Холбохын тулд дахиад нэг их наяд төгрөг хэрэгтэй байна гээд байгаа.

Энэ мэтчилэн бид алдаа их гаргаж байна. Үүнийг цаашид олон давтахгүйн тулд менежментийн чадавхаа сайжруулах ёстой. Чадавх сайжруулах гэдэг нь дарга сайн байх, хэн нэг сайн мэргэжилтэн ажиллуулах тухай биш юм. Бүх процесс нь зөв байх ёстой" гэв. 

Хүснэгт 2, мега төслүүдийн хэрэгжилтийн байдал

зураг
 
Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын мега төслүүдийн тойм зураглал

"38 төслийн санхүүжилт хаанаас байх нь мэдэгдэхгүй, мега төслүүд хоосон шахам орж ирээд УИХ-аар батлагдчихсан"

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа "Мега төслүүд нэгдүгээрт улс орны хөгжлийн бодлого, зорилттойгоо уялдсан байх ёстой. Хоёрдугаарт төслүүдийн эдийн засаг, нийгмийн ач холбогдол, үр өгөөж, ТЭЗҮ, зураг төсөл, хууль эрхзүйн болон бодлоготой уялдсан эсэх гээд бүх тооцоо судалгаа хийгдсэн байх ёстой.

зураг
 

Гэтэл хоёрдугаар үе шатаа хийгээгүй байж хүслийн жагсаалт шиг, нэмэлт нэр гаргаад урьдчилсан ТЭЗҮ гээд ерөнхий юм хэлээд байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь жилийн хөгжлийн төлөвлөгөөнд ч гарч ирээгүй. Нийт 19 төслийн эх үүсвэр нь тодорхойгүй, 38 төслийн санхүүжилт хаанаас байх нь мэдэгдэхгүй, ялангуяа мега төслүүд хоосон шахам орж ирээд УИХ-аар батлагдчихсан.

ТЭЗҮ хийгдээд, зураг төслийн жагсаалтад оруулах төслүүд нь бүх шаардлагыг хангасан уу гэдэгт хөндлөнгийн үнэлгээ хийлгэх нь манайд хамгийн их орхигдож байна. Судлаачид, эрдэмтдээс бүрдсэн баг экспертийн үнэлгээ хийдэг байх хэрэгтэй. Энэ тал дээр иргэний нийгмийн байгууллагынхны оролцоо их байх хэрэгтэй" гэлээ.

Б.Тэрбиш: Нийслэлд шаардлагагүй газар авто зам, явган зам хийсэн гэх мэтээр зураг дээр асуудал маш их гардаг

АТГ-ын ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш "АТГ өмнө нь томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа шалгадаг байсан бол одоо хэрэгжиж байх үед нь дагаж шалгаж байгаа. ТЭЗҮ нь зөв боловсруулагдсан уу, зураг төсөлд магадалгаа хийгдсэн үү гэх зэргээр бүх үйл ажиллагааг нь шалгаад, төслийн нэгжийнхэнд арга зүйн зөвлөгөө өгч байна. Тухайлбал хотын дарга Х.Нямбаатарт 17 төслийн асуудлаар зургаан удаа асуудал бүхий зөвлөмж өгсөн.

зураг
 

Жишээлбэл

  1. Төслийн нэгжийн хүний нөөцөд анхаарах ёстой. Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжлийн хүний нөөц дутмаг байна.
  2. Магадлалаар баталгаажсан зураг төслийг ашиглах ёстой. Тухайн зураг төсөл дээр гүйцэтгэгч сонгон шалгаруулахдаа гүйцэтгэгчид нь тохируулан техникийн баримт бичиг, тодорхойлолт боловсруулахаа болих ёстой.
  3. Гэрээ байгуулахдаа эрсдэлээс урьдчилан сэргийлсэн, хоёр талын үүрэг оролцоог нарийн тодорхой зааж өгөх. Сангийн Яамны гэрээний загвар хуучирсан байна. 
  4. Зурагт магадалгаа хийлгэх явц, батлагдсан зурагт өөрчлөлт оруулах бол төслийн нэгжүүдийн орон дээр нэмээд зөвлөх инженер, олон улсын байгууллагаар хянуулаач гэж байгаа.
Монголд зураг төсөл боловсруулж, хянадаг 56 байгууллага байна. Эдгээрт явган хүний зам, авто замтай холбоотой болон уулзвар, гарцтай холбоотой олон асуудал үүсдэг. Уулзвар гарц нь иргэдийг аюул эрсдэлд оруулах магадлалтай, шаардлагагүй газар авто зам, явган зам хийсэн гэх мэтээр зураг дээр асуудал маш их гардаг. Иймд зургийн алдааг төслийн нэгж хянадаг болох ёстой. 

Түүнчлэн улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтын төслийг явуулахад албаны мэдээллийг улс төрд нөлөө бүхий этгээдүүд авахыг хүсдэг. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн нэгжийнхэнтэй уулзаж ажиллахад, Ийм тооцоо судалгааг гаргаж явуул гэдэг албан бичиг өдөрт 5-6 ирж байна. Эдгээр хүсэлтүүд ажиллаж буй хүмүүсийн ажлын ачааллын 40 хувийг эзэлж байгаа. Тэр хүмүүс томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой болохоос биш улстөрчдөд тайлан судалгаа гаргаж өгөөд төслөө танилцуулаад байх цаг зав байхгүй.

АТГ-аас мега төслүүдээс гадна гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа барилга байгууламжийн төсөл дээр арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Жишээлбэл БНХАУ-ын тусламжаар хэрэгжиж буй Ногоон нуурын 1,008 айлын орон сууцны төсөл юм. Дарханы зам, Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг зарим төсөл хөтөлбөр эхнээсээ дуусах хүртлээ авлигын эрсдэл өндөр байдаг бол зарим зээл тусламжийн төсөлд авлигын эрсдэл дараа нь байдаг.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа 1,008 айлын орон сууцанд хэн орох вэ гэдэг нь их чухал. НОСК руу эрхийг нь шилжүүлсэн. Энд эрх барьж байгаа намынхан орох уу, бусад намынхан орох уу, эсвэл үнэхээр төрд зүтгэж байгаа, улс орныхоо төлөө гавьяа байгуулсан хүмүүс орох уу, эсвэл болзол шаардлага хангасан хүмүүс сонгон шалгаруулалтаар орох уу гээд л асуудал үүснэ. 

Бид хяналт шалгалтаа хийж байхад Ногоон нуурын цонхны чанар муу байсан. Хятадын талд энэ тухай хэлэхэд хүлээж аваад цонхнуудыг сольсон. Ингээд 1,147,000 юанийн зөрүүтэйгээр цонхыг шинэчлэн сайжруулсан" гэж байв.