Хятад улс гадаадын технологийн мэргэжилтнүүдэд тусгай виз олгож эхэлжээ
Өнгөрсөн наймдугаар сард Хятад улсын засгийн газар гадаадын технологийн мэргэжилтнүүдэд зориулсан тусгай виз гаргах болсноо зарлаж байв.
“K visa” хэмээн нэрлэгдэж буй уг визийг олгох ажил өчигдөр буюу Лхагва гарагаас хэрэгжиж эхэлжээ.
Үүнийг гадаадын зарим хэвлэлүүд АНУ-ын “H-1B” төрлийн визтэй адилтгасан байна. Трампын засаг захиргаа өнгөрсөн сард уг визийн босгыг өндөрсгөж, $100,000-ын хураамжтай болгосон юм.
Мягмар гарагийн дугаартаа Хятадын төрийн төв хэвлэл Ардын Өдрийн Сонин энэхүү арга хэмжээний ач холбогдлыг “Хятад улс дэлхийн тавцанд гарахын хэрээр сайн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна” хэмээн тайлбарлажээ.
Тус улсын засгийн газар K визийг “STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлийн” мэргэжилтнүүд авах боломжтой гэж тайлбарласан байна.
Наймдугаар сард анх зарлахдаа “Хятад болон гадаадын нэр хүндтэй их сургуулиудын STEM салбарыг бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, эсвэл эдгээр сургуулиудад багшилж, судалгааны ажил явуулж буй хүмүүс”-т зориулсан гэж тайлбарлажээ.
Харин насны хязгаар, төгссөн сургуульд тавигдах шаардлага зэрэг бусад мэдээллүүдийг өгөөгүй юм.
Ямартай ч виз мэдүүлэгчдэд Хятадын ажил олгогчоос баталгаа шаардахгүй, ямар хугацаанд, хэдэн газарт ажиллах хязгаар байхгүйг дурджээ.
Хятадын гадаад хэргийн яам K визийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хилийн чанад дахь өөрийн элчин сайдын яамдаар дамжуулан түгээхийг мэдэгдсэн ч хэзээнээс ийм мэдээлэл авч болох талаар тодорхой хугацаа хэлээгүй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
