Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Армени улсын эрх баригчид гадаад паспортын тамганаасаа Арарат уулын дүрсийг хасах шийдвэр гаргаад шүүмжлүүлэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Арарат уул нь эртнээс армени үндэстний бэлгэдэл болж ирсэн түүхтэй.

Далайн түвшнээс 5,100 метрийн өндөр энэ уулын дүрс Армени улсын төрийн сүлдэнд байдаг. Арарат нэртэй архи, тамхи, хөлбөмбөгийн баг хүртэл бий.

Харамсалтай нь энэ уул Арменийн нутагт байдаггүй. Харин хилийн цаана, Турк улсын нутагт оршдог юм.

Есдүгээр сарын 11-ний өдөр Арменийн засгийн газар гадаад паспортын тамган дээрээсээ Арарат уулын дүрийг хасах шийдвэр гаргасан нь тус улсын ард иргэдийн зүгээс ширүүн шүүмжлэлтэй тулгараад байна.

Хүмүүс үүнийг саяхан Армени, Азербайжан улсууд олон жил үргэлжилсэн зөрчил маргаанаа дуусгаж, харилцаагаа хэвийн болгосны нэг буулт гэж үзэж байгаа аж.

Азербайжан болон түүний холбоотон Турк улсууд олон жилийн өмнөөс Армени улс Арарат уулыг үндэсний бэлгэдэл болгохыг нь эсэргүүцэж, бүр газар нутгийн маргааны хэмжээнд авч үздэг байв.

Арваннэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх шийдвэрээ Арменийн ерөнхий сайд Никол Пашинян хамгаалахдаа “Бидний хүлээсэн үүрэг бол зөвхөн хууль ёсны хил доторх аюулгүй байдлыг хангах асуудал биш юм” гэж тайлбарлажээ.

зураг
 

Турк улс, Зөвлөлт Холбоот Улстай 1921 онд Карсын гэрээг байгуулахдаа армени үндэстэн голлон суудаг бүс нутгийг өөрийн харьяанд оруулсны дотор Арарат уул багтсан юм.

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Османы эзэнт гүрэн 1.5 сая армени хүнийг аймаглан устгасныхаа дараа тэдний амьдарч байсан уугуул нутагт хяналтаа тогтоож байжээ.

Пашиняны тайлбар арменичуудын бухимдлыг намжааж чадаагүй юм.

Сөрөг хүчний улс төрч Сейран Оханян паспортын тамгыг засварласныг Анкарагийн эрх баригчдын таалалд нийцүүлсэн алхам гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Арарат уулын цаст оргил нийслэл Ереван хотын олон хэсгээс тод харагддаг юм.

Турк улс 1990-ээд оноос хойш хилээ хаалттай байлгаж ирсэн нь далайд гарцгүй Армени улсын эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Пашиняны энэ алхам Турктэй харилцаагаа сайжруулах зорилготой нь холбоотой бололтой.

Армени, Азербайжан улсууд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа 1990-ээд оны эхээр Уулын Карабахын газар нутгийн маргааны улмаас хоорондоо дайтаж байв.

30,000 хүний амь үрэгдсэн энэ дайны төгсгөлд Азербайжаны хууль ёсны энэ нутаг Арменийн эрх баригчдын дэмждэг армени үндэстний цөөнхийн хяналтад үлдсэн юм.

2020 онд зургаан долоо хоног үргэлжилсэн дайны үеэр хоёр талд нийтдээ 7,000 орчим цэргээ алдаж байжээ.

Энэ дайны үеэр Азербайжан улс Уулын Карабахын нэлээд хэсэгт хяналтаа тогтоож чадсан байна.

Гурван жилийн дараа Азербайжан улс дахин довтлохдоо Уулын Карабахыг бүхэлд нь хяналтдаа авч, 100,000 гаруй армени үндэстэн энэ нутгаас дүрвэсэн юм.

Энэ дайны дараа талууд сөргөлдөөнөө намжаах арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Өнгөрсөн сард Пашинян болон Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев нар АНУ-ын зуучлалаар Цагаан ордонд энхийн гэрээгээ эцэслэн байгуулсан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe