Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Бадарсан: Ажил тарах үед авто замын 12 уулзвараар нэвтрэх дундаж хурд 5.6 км/цаг явган хүний хурдтай бараг л адилхан

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хиймэл оюун ба шинжлэх ухаан: Хотын авто замын түгжрэлийн гарц, шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Шинжлэх Ухааны Академи (ШУА)-д өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр "Улаанбаатар хотын авто замын түгжрэл ба түгжрэлийг бууруулах гарц, шийдэл" сэдэвт илтгэлийг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан танилцуулсан юм. 

Түгжрэлийг бууруулах шийдлийн судалгааны үр дүнгийн талаар түүнээс тодруулснаа уншигч Та бүхэнд хүргэж байна. 



Нийслэлийн 1,700,000 гаруй иргэний өмнө тулгарч буй томоохон асуудлуудын нэг бол түгжрэл. 

Тэгвэл ямар шалтгааны улмаас авто замын түгжрэл үүсэж байгааг судлах нь зүйтэй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хүн амын тоо гурав дахин нэмэгдлээ. Үүний зэрэгцээ хотын хэлбэр нэлээд өөрчлөгдсөн.

Суурьшлын бүс тэлж, зургаа дахин өсжээ. Эдгээрээс шалтгаалан хүмүүсийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж байна гэсэн үг. Тодруулбал өдөрт дунджаар 3.2 сая зорчилт хөдөлгөөн хийж байна. 

Нийслэлийн авто замын ачаалал ямар түвшинд хүрсэн бэ? 

Сүүлийн 10 гаруй жилд томоохон гүүр, нүхэн гарц, зуслангийн чиглэл, Налайх, Яармаг зэргээр шинэ магистрал замууд баригдаж байгаа. Гэвч энэ хугацаанд 450 километр байсан зам 1,267 километр хүртлээ нэмэгджээ. Хэдий ийм боловч өнөөдрийн ачааллыг дийлэхгүй байна.

Нийслэлчүүдийн 30 гаруй хувь нь л нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл 50-60 хувь орчим нь дандаа хувийн автомашинаар зорчиж байгаа гэсэн үг. Үлдсэн 10 орчим хувь нь дугуй, скүүтер, явган болон такси үйлчилгээ. 

Эрдэмтэн судлаачид богино, дунд хугацаанд хийж хэрэгжүүлж болох ажлыг тооцоолсон. 

Замын барилга байгууламжийн талаар дурдвал нийслэлд бэлэн байгаа 90 орчим зураг төсөл бий. Эдгээртэй холбох замууд болон шинэ баригдах замуудын зураг төсөл байгаа.

Эдгээр замыг Авто замын хөгжлийн сангаар 1-2 жилийн хугацаанд бариулна гэдэг боломжгүй. Алийг нь түрүүлж барих вэ гэдгийг тодорхойлохоор Авто замын хөгжлийн газарт зөвлөх үйлчилгээ авч, математик тоо тооцоолол хийлгэж байна.

2026 оны төсвөөс эхлээд аль замыг хамгийн түрүүнд барих эрэмбийг судалгаа тооцоотойгоор хийх нь зүйтэй. 

Уулзваруудын ачаалал их байна. Эдгээр уулзварыг

  • олон түвшний буюу хоёр түвшинд болгох,
  • нүхэн гарцаар гаргах,
  • гүүрэн байгууламж барих,
  • автомашинууд хоорондын огтлолцож байгаа цэгүүдийг бууруулах хэрэгтэй байгаа юм.

Ажил тарах үе буюу 18:00 цагийн байдлаар үзэхэд 12 уулзварын дундаж 5.6 километр цаг буюу явган хүний хурдаас бага зэрэг л илүү гарсан. Нийслэл хотын өдрийн дундаж хурд 10.8 километр цаг байдаг. Оргил ачааллын цагаар хоёр дахин унаж байна гэсэн үг. 

Нийслэлийн зураг хариуцсан газрынхан зургаан уулзварын зургийг эхлүүлсэн байгаа.

Жишээлбэл

  • Баянбүрдийн тойрог,
  • 32-ийн тойрог,
  • Офицеруудын тойрог зэрэг дээр ТЭЗҮ-ийн зураг хийж байна. 

Хоёр түвшний уулзвар хийхээс өөр арга байхгүй. Ингэснээр авто замын ачааллыг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа.

Уулзварын гэрлэн дохион зохицуулалт байна. Замын цагдаагийн алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж, хөдөлгөөн зохицуулдаг. 

Тухайн уулзварт аль чиглэлээс ирж байгаа машины тоо нь олон байна вэ гэдгийг AI буюу радараар арай илүү ухаалгаар хэмжих нь чухал. Үүнтэй уялдуулан тухайн уулзварын гэрэл дохиог хүний оролцоогүй программаар удирдах ажлыг нийслэлийн Тогтвортой зам төслийнхөн хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 

Дээр дурдсан шийдлүүдийг нийлүүлбэл зам, барилга байгууламж, замын хөдөлгөөнийхөө байдлыг өөрсдөө удирдана, сайжруулна. Ингэснээр замын хөдөлгөөний хурд нэмэгдэх боломжтой.

Нөгөө талаас маш чухал хүчин зүйл бол нийтийн тээврийн үйлчилгээ. Улаанбаатарчуудын 30 орчим хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байна.

Наймдугаар сарын 18-наас эхлээд төв магистрал буюу М1, Таван шараас Ботаник хүртэлх чиглэлийг цагдаагийн 42 алба хаагч, замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн камераар хянаж байна. 

Нэгдүгээр эгнээнд орж байгаа автомашинуудыг автобусны эгнээгээр зорчуулахгүй байх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Ингэснээр дунджаар 9.8 байсан ашиглалтын цагийн хурд 14.8 километр цаг хүртэл нэмэгдсэн өдрүүд бий. Энэ хэмжээгээр нийслэлийн иргэд автобусаар үйлчлүүлэх тоо нэмэгдэж байна.

Өдөрт нийтийн тээврээр 420,000-430,000 хүн үйлчлүүлж байсан бол дээр дурдсан өдрүүдэд 650,000 хүртэл нэмэгдсэн байгаа юм.

Энэ хэмжээгээр нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэдэг бол өдөрт 570,000 хүрч байгаа автомашины тоо буурах боломжтой гэсэн үг. Тэгэхээр нийтийн тээврийнхээ чиглэлийг математик загвараар шинэчлэх хэрэгтэй. 

Хотын захаар байгаа автобусны үйлчилгээний хүртээмжгүй байдлыг зөв тооцож нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Чиглэлийн оновчлолоо сайжруулах шаардлагатай.

Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-иуд үнэхээр хүртээмжгүй байна. Зарим газарт ганц хоёрхон улсын сургуультай.

Тухайлбал Зайсанд Хан-Уул дүүргийн бүтэн хоёр хороо байдаг. Гэтэл хуучин 32 дугаар сургуулиас өөр ЕБС алга.

Хүүхэд багачууд бараг автобусны найман буудал явж байж сургуульдаа очдог гэсэн тохиолдлууд байна. Жишээ нь Сонгинохайрхан дүүргийн 42, 43 дугаар хороо. Онцлоод үзвэл тэр хороонд сургуулийн насны 1,503 хүүхэд сурдаг. Ийм асуудлууд байгааг судалж үзсэн.

Судлаач нарын хийсэн тооцооллоор математик загвар дээр судалгаа хийхэд:

Эхний ээлжид 33 байршлын сургуулийг барьж байгуулъя. Хамгийн холдоо 800 метр радиус дотор яваад хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ хүрэх нь олон давуу талыг бий болгоно. Тэр хэмжээгээр сурагчид түгжрэл сааталд цаг алдалгүй эрдэм мэдлэгт шамдан суралцана.

Хамгийн чухал нь өдөрт 170,000 орчмоор автомашины зорчилтыг бууруулна гэж дээр дурдсан. 

Нийслэл хотынхон маш сайн мэднэ. Өвөл, хаврын амралтын үеэр сургууль амарсан долоо хоногийн хугацаанд замын хөдөлгөөний эрчим эрс сийрэгждэг, багасдаг. Үүнийг тоо тооцоолол нотолж байгаа. Эдгээр багц ажлуудыг авч үзсэнээр өнөөдрийн байгаа 10.8 километр цагийн хурдыг 18 километр цагийн хурд руу хүргэх бололцоо бий болно.

Эрдэмтэн судлаачдын судалгаа, монгол инженерүүдийн хийж байгаа, харж байгаа өнцгүүдийг сонсож байна. Энэ дундаас томоохон шийдлүүдийг гаргаж, тоо тооцоололтой шийдсэнээр үр дүнтэй болно гэж харж байгаа.