Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын саятнууд нутгаасаа дүрвэсээр байна

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Саяхны тайлангаас харвал Хятадын саятнуудын 64% нь эх орноосоо дүрвэсэн эсвэл дүрвэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Тэдний шинэ нутгаар хамгийн эхэнд АНУ сонгогдож байгаа юм.

Хятадын баячуудын талаар судалгаа хийдэг Hurun компанийн судалгаагаар 16 саяас дээш хөрөнгөтэй хүмүүсийн гуравны нэг нь аль эрт гадагшаа шилжсэн байгаа аж.

Тэдний ингэж шилжилт хөдөлгөөн хийх болсон гол шалтгаан нь үр хүүхдэдээ сайн боловсрол олгох, Хятадын бохирдолтой, хэт бөөгнөрсөн хотуудаас холдох гэжээ.

Гэхдээ үүний цаана нуугдмал нэг шалтгаан нь хөрөнгөө хамгаалах асуудал байгаа юм. Сүүлийн үед Хятадын засгийн газар авлигатай ширүүн тэмцэл өрнүүлэх болсон нь бизнес, мөнгө олох арга нь ямар нэг байдлаар төртэй хэлхээ холбоотой баячуудыг багагүй айлгаж байна.

Энэ шалтгаанаар өөрийн хураасан хөрөнгөө Хятадын засгийн газар хүрч чадахааргүй тэр газарт шилжүүлэх урсгал өрнөж байгаа ажээ.

WealthInsight-ын тоо баримтаас харвал Хятадын оффшор дансанд байршсан хөрөнгө 658 тэрбум хүрч байгаа ба дараачийн гурван жилд хоёр дахин өсөхөөр байгаа гэнэ.

Хятадын баячуудын энэ шилжилт хөдөлгөөн тансаг ангиллын бүтээгдэхүүний борлуулалтанд том цохилт болж байна.

Ийм барааны борлуулалт 2013 онд 15% унасан нь сүүлийн хэдэн жил тохиогоогүй үзэгдэл болжээ. Bentley автомашины борлуулалт ч ийм шалтгаанаар буурсан гэдгийг албаны хүмүүс баталж байна.

Энэ бууралт нь Хятадын чинээлэг худалдан авагчид зарцуулалтаа багасгасан биш харин өөрсдөө энэ зах зээлээс алга болж байгаатай холбоотой нь нэгэнт тодорхой болжээ.

Тэдний шилжин нүүдэллэж байгаа улсуудын эхэнд АНУ байгаа ба араас нь Европ, Канад, Австрали, Сингапур, Хонг Конг жагсаж байгаа ажээ.