9 дүгээр сарын 16- Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр
Доктор, профессор Ц.Адъяасүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Озоны үндэсний албаны захирал.
Шинжлэх ухааны нээлт, ололт. Хүн төрөлхтний шинжлэх ухаан, технологийн дэвшлийн үр дүнд 1928 онд хлорфтортнүүстөрөгч (ХФН) хэмээх хөргөх бодис буюу хлор, фтор, нүүрстөрөгчийг нийлэгжүүлсэн зохиомол химийн бодис гаргаж авч, хөргөлтийн технологид шинэ дэвшил авчирч, түүний үр дүнд хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа мах, жимс, хүнсний ногоо муудаж, сүү гашлахгүй болсон.
Гэвч эрдэмтэд 1970-аад оны үед дээрх хөргөх бодисууд нь хөргөх системээс алдагдахаараа Дэлхийн агаар мандал дахь озоны үе давхаргыг задлаад байгааг олж нээж, эрдэм шинжилгээний уулзалтууд дээр удаа дараа танилцуулж, 1974 онд эрдэмтэн залуус Шервуд Ровланд болон Марио Молина нар шинжлэх ухааны ололтын тухай мэдээлдэг “Байгаль” сэтгүүлд хлорфтортнүүрстөрөгчид (ХФН) хэмээх эдгээр химийн бодисууд нь Дэлхийн агаар мандал дахь озоны давхаргыг сүйтгэж байгааг тодорхойлсон эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж Дэлхийн озоны давхарга цоорч байгаа тухай хүн төрөлхтөнд анхны түгшүүрийн “харанга” дэлдсэн билээ.
1995 онд Шервуд Ровланд, Марио Молина болон Паул Куртизан нарын Дэлхийн озоны давхарга үүсэх, задрах талаар хийсэн судалгааг үнэлж, химийн салбарт Нобелийн шагнал хүртээсэн. 1985 онд Антарктид дээр хаврын улиралд озоны цоорхой бий болж байгаа тухай Англи улсын Антарктидын судалгааны эрдэмтдийн анхны тайлан гаргаж, дэлхийн хиймэл дагуулаас авсан зураг мэдээгээр Антарктид дээр озоны цоорхой үүссэнийг улам бүр баталгаажуулсан билээ.
Олон улсын хамтын ажиллагааны шинэ талбар. Эрдэмтэд судлаачдын шинжлэх ухааны ололт амжилтаас үүдэн дэлхий нийтээрээ сэрж, бас озоны давхарга цоорсноор хүн төрөлхтөнд учрах аюул заналыг сайтар ухаарч ойлгосноор түүнийг гэтлэн давах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл, түншлэл үүсэж хөгжсөн.
1977 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс “Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, 1985 онд дэлхийн улс орнууд саналаа нэгтгэн дипломат шугамаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хороо байгуулж “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”-ийг боловсруулж, уг конвенцод нэгдэн орох тухай гарын үсэг зуржээ.
Улмаар 1977 онд “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-ыг хэлэлцэн боловсруулж, 1987 оны 9 сарын 16-нд 24 орон гарын үсэг зурж баталж, 1990,1992, 1997, 1999, 2016 онуудад дээрх протоколд 5 удаа нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан. 1995 оны 9 сарын 16-аас эхлэн энэ өдрийг “Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр” болгож Дэлхийн бүх улс онуудад тэмдэглэж, мэдээлэл сурталчилгааны асар их ажил өрнүүлэх болсон.
Энэ жил Венийн конвенцын 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Шинжлэх ухаанаас Дэлхий нийтийн үйл хэрэг” сэдвийн доор тэмдэглэж байна.
Монреалийн протоколоор эхний ээлжид хөгжилтэй орнууд 1996 онд, дараа нь хөгжиж буй орнуудад 2010 оноос хлофтортнүүрстөрөгчийн үйлдвэрлэл, хэрэглээг бүр мөсөн зогсоох үүрэг хүлээлгэсэн.
Технологийн дэвшил, инновацын дэвшил. Хлорфтортнүүрстөрөгчид бодис озоны давхаргыг сүйтгээд байгаа тул өөр төрлийн хөргөх бодисоор орлуулж хөргөлт, агааржуулалтын үйл ажиллагааг явуулахын тулд зах зээлд харьцангуй хямд өртөгтэй, хэрэглэхэд хялбар бас эрэлт хэрэгцээ ихтэй байгаа гидрохлорфтортнүүрстөрөгчийн (ГХФН) төрлийн химийн бодисыг хөргөлт,агааржуулалтын салбарт үлэмж ихээр хэрэглэх болов.
Хөргөлт, агааржуулалтын салбарт гидрохлорфтортнүүрстөрөгчөөс гадна бас гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН) төрлийн олон бодисын хэрэглээ нэгэн зэрэг нэвтэрч эхэлсэн боловч эдгээр нь маш хүчтэй хүлэмжийн хий бөгөөд Дэлхийн дулааралд асар муу нөлөө үзүүлж байгаа тул тэдгээр химийн бодисуудыг цаашид үргэлжлүүлэн хэрэглэвэл байгаль орчинд хамгийн аюултай бөгөөд зайлсхийх шаардлагатай үйлдэл болж үлдэх юм.
Тэдгээрийн зарим нь нүүрсхүчлийн хийгээс хэд дахин хүчтэйгээр Дэлхийн дулааралд нөлөөлөх чадавхтай байна. Ахуйн зориулалттай хөргөгчид ердөө 300 гр фторт хий шаардагддаг. Харин агаар мандалд 300 гр HFC-134a ялгарч гарах нь “Волксваген гольф” машинаар Лондоноос Москва хүрэх замд ялгарах нүүрстөрөгчийн ялгаралтай тэнцэнэ. ГФН-ийн ялгарлын хурдацтай өсөн нэмэгдэж буй хор уршиг нь цочирдмоор бөгөөд судлаачдын гаргасан мэдээ, тайлангаас үзэхэд зөвхөн CO2 -ийн хэмжээг бууруулахад анхаарал хандуулаад ГФН-үүдийг орхигдуулбал 2050 он гэхэд нийт ялгарлын 28% - 45% -тай тэнцэхүйц хэмжээний нүүрстөрөгчийн ялгарал бий болно. CO2 -ийн хэмжээг бууруулахад анхаарал хандуулахгүй байсан хэдий ч ГФН-үүд нь 2050 он гэхэд 10% - 20% -тай тэнцэхүйц хэмжээний нүүрстөрөгчийн ялгарлыг бий болгоно.
Гэвч энэ сацуу гарсан сайн мэдээ гэвэл өнөө үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж, бас туршлагаар батлагдсан байгаль орчинд ээлтэй технологи бий болж , хөгжиж буй орнууд ГХФН-үүдийг хэрэглээнээс гаргахын тулд шинэ орлуулах технологийн сонголт хийх шатандаа орлоо. ГФН-үүдийг сонгосноор өөрсдийгөө уур амьсгалын өөрчлөлтийн аюулд хүргэх, аль эсвэл байгаль орчинд ээлтэй орлуулах дэвшилтэт технологийг сонгосноор гараг Дэлхийгээ хэдэн тэрбум тонн хүлэмжийн хийн ялгарлаас аврах салаа зам дээр ирээд байна. Гидрофторт нүүрстөрөгчүүдийг ХФН-ийн оронд озонд ээлтэй түр орлуулах хөргөх бодис болгон ашигладаг.
ГФН-үүд озоны давхаргад халгүй хэдий ч үлэмж хүчтэй хүлэмжийн хийд тооцогдох бөгөөд тэдгээрийн зарим нь ХФН-үүдээс ч илүү нөлөөтэй байна. Иймд 2016 онд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хороо ГФН-үүдийн хэрэглээг бууруулахын тулд Монреалийн протоколд нэмэлт, өөрчлөлтийг оруулж, Руанда улсын Кигали хотноо болсон Монреалийн Протоколын Талуудын Бага хурлаар гидрофторт нүүрстөрөгч (ГФН)-ийг үе шаттай бууруулах тухай Монреалийн протоколд нэмэлт оруулах хэлэлцээрийг дуусгаж, “Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлт” хэмээх олон улсын гэрээг баталсан билээ.
Монреалийн Протоколоор нийтдээ 40 төрлийн ГХФН бодисыг хянадаг бөгөөд тэдгээрийн озон задлах чадвар нь 0.001-ээс 0.52-ийн хооронд хэлбэлздэг. ГХФН хөргөх бодисыг озон задлах чадвар өндөртэй ХФН бодисын түр зуурын орлуулагч гэж үздэг. Учир нь ГХФН нь ХФН-ийн озонд үзүүлэх нөлөөний зөвхөн 5-10%-ийг л үзүүлдэг. 2007 онд МП-ын Талуудын бага хурал (ТБХ) нь ГХФН -ийн хэрэглээ хүлээгдэж байснаас хамаагүй хурдан өссөн тул үе шаттайгаар зогсоох хуваарийг баталсан болно.
ГХФН нь нэлээд хүчтэй хүлэмжийн хий бөгөөд тэдгээрийн дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар нь 77 (ГХФН -123)-оос 2310 (ГХФН -142b) хүртэл хэлбэлздэг. Тиймээс ГХФН -ийн ялгарал нь уур амьсгалын өөрчлөлтөд шууд нөлөөлдөг. ГХФН ашигладаг төхөөрөмж нь чулуужсан түлшнээс эрчим хүч зарцуулж, уур амьсгалын өөрчлөлтөд шууд бусаар нөлөөлдөг.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөтэй дээрх бодисуудын үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттай бууруулах талаарх Талуудын 2007 оны бага хурлын шийдвэрийн дагуу өнөө үед дэлхийн улс орнуудад 2030 он гэхэд гидрохлортфторт нүүрстөрөгчийг тэглэх зорилго бүхий “Гидрохлортфторт нүүрстөрөгчийг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр” боловсруулан баталж, өнөөгийн үе шатанд амжилттай хэрэгжүүлж, зохих үр дүнд хүрсээр байна. ХФН, ГХФН болон бусад химийн бодисыг Монреалийн Протоколын хүрээнд үе шаттайгаар зогсоосноор 5 гигатонн CO₂-эквивалент ялгаруулалтыг бууруулсан нь 1990 онтой харьцуулахад дэлхийн хүлэмжийн хийн нийт ялгаруулалтын 25%-иас илүүг эзэлж байна. Энэ нь Киотогийн Протоколын зорилго болох хүлэмжийн хийг 5 дахин бууруулах зорилтыг давсан амжилт юм.
Шинжлэх ухаан технологийн дэвшлийн үр дүнд Дэлхийн озоны давхаргад нөлөөгүй шинэ төрлийн хөргөх бодис гаргаж авсаар байгаа. ГХФН бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж 2030 он гэхэд озоны давхарга, дэлхийн дулааралд нөлөөтэй бодисуудыг солих, мөн орлуулах технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар МП-ын талууд хүчин чармайлтаа нэгтгэн ажилласаар байна.. Дээрх бодисуудыг орлуулах шинэ төрлийн хэд хэдэн төрлийн бодис бий болгож мөн хөргөлт, агааржуулалтын салбарын хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Эдгээр шинэ төрлийн оруулах бодисууд нь озон, дэлхийн дулааралд ээлтэй ч гэсэн өндөр даралттай, шатамхай, бас хоруу чанартай учир тэдгээрийн хэрэглэх, ялангуяа засвар үйлчилгээ хийх үед аюулгүйн арга ажиллагааг хангах асуудал чухал болж байгаа тул дээрхи хэрэгцээ, шаардлагаас үүдэж засвар үйлчилгээний техникч нарт зайлшгүй зөв дадал, сайн арга туршлага эзэмшүүлэх талаар техникийн ажилтныг гэрчилгээжүүлэх асуудал өнөөгийн цаг үед бас онцгойлон тавигдаж байгаа болно.
Олон талын оролцоо, түншлэлийн жишээ. Дэлхийн хэмжээний озоны давхаргыг хамгаалах, дэлхийн дулаарлыг бууруулах эдгээр асуудалд маш олон талын оролцоо, хамтын ажиллагаа, түншлэл, хүчин чармайлт хэрэгтэй тул Дэлхийн бүх улс орнуудын улс төрчид, эрдэмтэд, нийт хүн зон хүн-байгалийн шалтгаанаас гаралтай, хүн төрөлхтөнд онцгой аюул занал учруулах дээрх асуудлыг сайтар ухамсарлан ойлгосон тул тэдгээрийн нөлөөллийг бууруулах, улмаар зогсоох талаар хамгийн дээд түвшинд хүртэл санаа тавьж, бүх талаар хамтран ажиллаж байна.
Улс орнуудын улс төрчид Венийн конвенц, Монреалийн протокол, тэдгээрийн нэмэлтүүдэд нэгдэн орох талаар шуурхайлан ажиллаж, хамтын хүчээр аюул заналыг даван туулах, хөргөлт, агааржуулалтын хэрэглээнд шинэ технологи нэвтрүүлэх, шинэ төрлийн оруулах бодисын хэрэглээг дэмжих талаар жилээс жилд ахиц, дэвшил гарсаар байгаа тул өнөө үед хлорфторт нүүрстөрөгчийн үйлдвэрлэл хэрэглээг 99 хувь хүртэл бууруулж чадаж байгаа бөгөөд олон оронд өнөөгийн шатны зорилт болох гидрофторт нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ажил эхэлж байна. Дээрх зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр дэлхийн хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нэг нөхцөл хангагдаж, бас эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологи нэвтэрснээр эдийн засгийн багагүй үр ашгийг нийт хүн ам хэрэглэгч нар хүртэж байгаа юм.
Монреалийн протоколыг амжилттай хэрэгжүүлэх үйл хэрэг нь үйлдвэрлэгчид, худалдаа арилжааныхан, судлаачид, технологи боловсруулагчид, төрийн байгууллага, боловсролын байгууллага зэрэг маш олон талын оролцоо, хамтын ажиллагааны бүтээлч үр дүн болж байгаа юм.
Дэлхий гарагийн хүн бүрийн хувь нэмэр. Шинэ төрлийн бодисууд, шинэ технологийг туршиж, судалж, хэрэглэх болсноор дэлхийн хүн амын хөргөлт, агааржуулалтын салбарын хэрэглээний дүр төрх үндсэндээ өөрчлөгдөж нийт хүн ам хэрэглэгчид тэдгээрийн үр шимийг хүртэж байгаа юм.
Дэлхий дахин өнөөдөр ногоон хөгжлийн үзэл санаагаар хамтран ажиллах шинэ эрин үедээ шилжин ороод байгаа нь Монреалийн протоколыг хэрэгжүүлэхэд бас нэг түлхэц болж байна. Нөгөө талаар Монреалийн протоколын хэрэгжилт ч бас өөрөө ногоон хөгжлийг дэмжихэд зохих хувь нэмрээ оруулсаар байна.
Дэлхий хүн бүр хүртэх өгөөж. Манай гараг дэлхий дээр амьдарч байгаа бүх 8 тэрбум гаруй хүн зон Венийн конвенц, Монреалийн протоколын үр шимийг бүгд адилхан хүртэж Нарны хэт ягаан туяаны аюулаас дэлхийн бүх хүн амын эрүүл мэндийг хамгаалж, тэднийг нүдний хараа муудах, арьсны өвчлөлөөс бас урьдчилан сэргийлж байна. Мөн тэдний дархлааг хамгаалахад ч бас их хувь нэмэр оруулсаар байгаа болно.
Монгол Улсын оролцоо. Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн Протоколын нэмэлтүүд түүний дараа бусад бүх нэмэлтүүдэд нэгдэн орсноос хойш озоны давхаргыг хамгаалах, озон задалдаг бодисыг хэрэглээнээс гаргах болон дэлхийн дулааралд нөлөөлөх бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах үүргээ тууштай биелүүлж ирсэн. Монгол улс Озоны давхаргыг хамгаалах болон озон задалдаг бодисын хэрэглээг бууруулах талаар 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 20 гаруй журам баталж мөрдөн ажиллаж, 2010 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хлорфтортнүүрстөрөгчийн импорт, худалдааг бүр мөсөн зогсоосон бөгөөд хууль бус худалдааг хянаж чадсан болно. 2022 онд Монгол Улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, дэлхий дахинд уг нэмэлт, өөрчлөлтийн соёрхон баталсан 137 дахь орон болсон.
Монгол улс нь дэлхийн дулааралд үлэмж нөлөө бүхий гидрохлортфтортнүүстөрөгчийг 2030 хүртэл бууруулах хөтөлбөрийг одоогоор амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд мөн Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орж, түүнийг хэрэгжүүлэх хүрээнд гидрофтортнүүстөрөгчийг бууруулах хөтөлбөрийг боловсруулж байна.
Озон задалдаг бодисын импорт, хэрэглээг үе шаттай бууруулах, хяналт шалгалтыг сайжруулах ажлын хүрээнд зөвшөөрөл олголт, бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгож, цахимжуулсан ба олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Гаалийн ажилтнууд, хөргөлтийн инженер, техникчдийн чадавхыг дээшлүүлэх сургалтуудыг жил бүр зохион байгуулж, олон улсын гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байна. Нийтдээ давхардсан тоогоор 2000 гаруй гаалийн ажилтан нарт сургалт явуулжээ. Хөргөлт-агааржуулалтын инженер техникийн ажилтан нарыг сайн засвар үйлчилгээний чиглэлээр гэрчилгээжүүлэх хөтөлбөрийг ажилттай хэрэгжүүлж байна. Өнөөгийн байдлаар 68 техникийн ажилтныг гэрчилгээжүүлэв.
Олон нийтийн мэдээлэл сурталчилгааг тогтмол явуулж, залуучууд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэний нийгмийн оролцоог өргөжүүлэн хөгжүүлж байна.
Цаашдын хандлага, сорилт. Венийн конвенц, Монреалийн протоколын зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх явцад хөргөлт,-агааржуулалтын салбарын техникчид, засвар үйлчилгээ хийдэг бүх мэргэжилтнүүдийн мэдлэг дээшилж, тэдний мэргэжлийн чадавх эрс сайжирч, хүний хөгжилд ихээхэн ахиц дэвшил гарсан бөгөөд байгаль орчинд ээлтэй шинэ шинэ арга, технологиуд улам бүр бий болж нэвтэрсээр байна.
Нөгөө талаар Монреалийн протоколын хэрэгжилт нь Дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн тодорхой нэг тулгамдсан асуудал, өмнөө тавьсан үндсэн зорилтыг хамтдаа шийдвэрлэж чадаж байгааг харуулсан үлгэр загвар болж байна. Хөргөлтийн зориулалтаар ашиглаж буй хөргөх бодисоос үүдэлтэй их хэмжээний хүлэмжийн хийн ялгарлаас зайлсхийх боломж байгаа болно. Эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлж (хөргөлтийн системийн загварыг сайжруулах, хөргөлтийн ачааллыг тохируулах гэх мэт) фторт хөргөх бодисын оронд байгалийн хөргөх бодис ашигласнаар энэ салбар дахь ялгарлыг мэдэгдэхүйцээр бууруулж чадна.
Озоны цоорхойгүй Дэлхий гараг. Венийн конвенц, Монреалийн протоколын хэрэгжилт нь хүн төрөлхтний хамтын ажиллагаа, түншлэлийн бахдам сайхан ололт амжилт, бодитой үр дүн болж чадсан билээ. Дэлхийн бүх улс орнуудын хамтын хүчин чармайлтаар Дэлхийн озоны давхарга урьдчилан таамаглаж байгаар 2065 оны орчим нөхөгдөж сэргэх хэтийн төлөв нэгэнт ажиглагдаж эхэлсэн нь МП-ын хэрэгжилт, үр дүнгийн гайхамшиг билээ.
Хүн төрөлхтөн аливаа тулгамдаж буй асуудлаа хамтын оролцоо, хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэж, бүгд нэгэн зэрэг чармайлт тавьж байвал үеийн үед амар амгалан аж төрөх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!