Жил бүр хүмүүс Apple компанийг ямар загвартай iPhone гаргах бол хэмээн хүлээцгээдэг. Энэ хүлээлтийг дагаад олон янзын цуурхал тардаг билээ.
Тэгвэл дараачийн iPhone-ы талаар өнөөг хүртэл гарсан бүх цуу яриаг нэгтгэж байна. Таарах магадлал 50-аас дээш хувьтай гэж бодож байна.
- Загварын хувьд iPhone 5/5S-ээс өөр байх болно. Түүхээс харахад Apple компани төхөөрөмжийн хийц дизайнаа хоёр жил тутамд нэг сольдог. Тэгэхээр энэ жил гарцаагүй солигдох байх.
- Илүү том дэлгэцтэй гарах магадлал өндөр. Самсунг компани хэрэглэгч том дэлгэцэнд дуртайг баталсан. Тиймээс дараачийн iPhone том дэлгэцтэй гарна гэж үзэцгээж байна. Бүр 4.7, 5.5, 6 инчийн гурван сонголттой гарахыг ч үгүйсгэхгүй байна.
- Илүү нимгэн iPhone гарах тухай ярьцгааж байна. Уг нь iPhone хангалттай нимгэн утас. Гэхдээ хүмүүс өшөө илүү нимгэнийг хүсэж байна. Зарим нь 6 миллиметр болох байх гэж байгаа. Одоогийнх нь 7.6 миллиметр л дээ.
- Камерны сайжруулалт. Зураг авах нь маш чухал хэрэглээ тул камерны сайжруулалтад эцэс төгсгөл байхгүй. Гэхдээ энэ удаа 8 мегапиксел хэмжээг хэвээр үлдээж харин “optical image stabilization” буюу дүрсийг илүү цэвэрхэн буулгадаг технологи нэвтрүүлэх байх.
- Чипийг нь сайжруулж илүү хурдан болгоно. Жил бүр л Apple утасныхаа чипийг сольж хурдыг нь эрс нэмэгдүүлдэг. Энэ уламжлал хадгалагдаж А8 чипээ нэвтрүүлэх байх. Одоогийн чип нь А7 байгаа.
- Баттерейны багтаамж нэмэгдэнэ. Мэдээж дэлгэц томорч байгаа болохоор түүнийг тэжээх баттерей нэмэгдэх ёстой. Хэмжээ томорч байгаа тул илүү том баттерей багтаах орон зай ч нэмэгдэнэ.
- Нэрний хувьд? Хамгийн амархан хариулт бол iPhone 6. Гэхдээ өөр нэг хувилбар нь Macbook Air, iPad Air гэх мэттэй ижлээр iPhone Air гэж нэрлэгдэх магадлал өндөр байна.
- iPhone 5C юу болох бол? Apple iPhone 5C-гээ цааш үргэлжүүлэх үү? Эсвэл зогсоож зөвхөн 5S-ээ үлдээх болов уу? Эсвэл 5C-ын гадаад хэлбэрийг үлдээж 5S-ээр дотор талыг нь солих уу? Сүүлийн үеийн мэдээллээр 5C загвар нь төдийлөн амжилт олоогүй сурагтай. Тэгэхээр бүтээгдэхүүний цувралдаа засвар оруулж нэг тийш нь шийдэх байх
- Хэзээ шинэ iPhone гарах вэ? Үүнд хоёр хувилбар яригдаж байгаа. Нэг бол 5 сард, үгүй бол 9 сард. Гэхдээ уламжлалыг харвал 9 сард гарах магадлал нь хамгийн өндөр.