Төмс бол олон мянган жилийн өмнө Өмнөд Америк тивийн Андын нуруунд анх тариалж эхэлсэн, 16 дугаар зуунаас дэлхий даяар тархсан хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн нэг юм.
НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр төмс нь хэрэглээгээрээ цагаан будаа, улаан буудайн дараа гуравдугаарт ордог, нэг тэрбум гаруй хүний амин чухал хүнс ажээ.
Харин энэ хүнсний ногооны гарал үүсэл өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм.
Тэгвэл таримал төмсний 450, зэрлэг төмсний 56 зүйлийн геномыг судалсан эрдэмтэд есөн сая жилийн өмнө Өмнөд Америк тивд төмстэй төстэй нэг зүйлийн ургамал, зэрлэг улаан лооль хоёр эвцэлдсэний үр дүнд энэ хүнс бий болсныг тогтоожээ.
Байгалийн жамаар явагдсан энэ эрлийзжүүлэлтийн үр дүнд төмс булцуут ургамал болон өөрчлөгдсөн гэнэ.
Тухайлбал ингэж үүссэн ургамал газрын хөрсөн доор өсөж томордог шим тэжээлээр баялаг булцуутай болсон нь төмс байжээ.
Улаан лоолийн ургамлын хүнсэнд хэрэглэгддэг хэсэг түүний жимс байдаг бол төмсний ургамлын хувьд булцуу нь юм.
“Төмс бол үнэхээр хүн төрөлхтний хамгийн гайхамшигтай хүнс бөгөөд олон талт чанар, шим тэжээлийн ач холбогдол, соёлын түгээмэл байдлын хувьд түүнтэй өрсөлдөх үр тариа цөөхөн” гэж Хятадын Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академийн геномын биологич Санвэнь Хуан өнгөрсөн Баасан гарагт “Cell” сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны тайландаа бичжээ.
“Хүмүүс төмсийг жигнэх, чанах, шарах зэрэг бараг бүх аргаар боловсруулж хэрэглэдэг. Төмсийг нүүрс усны нэг үүсвэр гэх хэвшмэл ойлголт байдаг ч С витамин, ислэг, цардуул агуулсан цавуулаггүй, өөх тос бага, илчлэг ихтэй байгалийн эх үүсвэр юм” гэж тэр цааш нь бичсэн байна.
Төмсний ургамлын шинжлэх ухааны нэр Solanum tuberosum юм.
Судалгаагаар төмсийг үүсгэсэн хоёр ургамлын нэг нь Перу улсад одоо ч ургадаг булцуугүй Этуберосум хэмээх ургамал бол нөгөө нь улаан лоолийн ургамал болохыг Хятадын судлаачид тогтоожээ.
Энэ хоёр ургамал 14 сая жилийн өмнө нэг төрөл зүйл байснаа салан хөгжиж, таван сая жилийн дараа санамсаргүй нийлэхдээ эрлийзжсэнээр төмсийг бий болгосон байна.
Энэ үйл явц Андын нуруу өргөгдөх цаг үетэй давхацсан тул төмсний ургамал булцууныхаа тусламжтайгаар уулсын хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицжээ.
“Булцуу нь хүйтэнд дасан зохицохын тулд шим тэжээл хуримтлуулж, бэлгийн бус замаар нөхөн үржих чадвартай байдаг. Энэ нь ургамлыг хатуу ширүүн орчин нөхцөлийг даван туулж, хурдан үржих боломжийг олгожээ” гэж Хуан тайлбарласан байна.
Энэ судалгааны үр дүн өнөөдрийн уур амьсгалын өөрчлөлтөд таримал төмсний ургацыг сайжруулах чухал ач холбогдолтой гэж түүний баг үзэж байгаа гэнэ.
Одоогоор дэлхий даяар 5,000 орчим төмсний сорт байдаг. Төмсний тариалалтын хэмжээгээр Хятад улс дэлхийд тэргүүлдэг юм.
Энэ судалгааны үр дүнд хөрсөн дээр улаан лооль шиг жимс өгдөг, хөрсөн доор төмс шиг булцуу өгдөг шинэ төрөл зүйлийн ургамал бий болгох боломжтой гэж Хятадын судлаачид үзэж байна.
Улаан лооль, төмс хоёр хоорондоо тэс өөр харагддаг ч тэдний ургамал нь хоорондоо маш төстэй байдаг гэнэ.
“Хэрвээ эдгээрийн цэцэг болон навчийг харьцуулж харвал хоорондоо маш адилхан. Хэрвээ төмсний ургамлын үр жимсийг харвал яг л жижигхэн ногоон улаан лооль шиг харагддаг. Гэхдээ үүнийг хүнсэнд хэрэглэдэггүй, амт нь тийм ч таатай биш” гэж судалгаанд оролцсон Лондон хотын Байгалийн Түүхийн Музейн ботаникч Сандра Кнапп ярьжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!