АНУ-ын засаг захиргаа Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар ногдуулж, Оросын газрын тосыг худалдаж авсных нь төлөө нэмж шийтгэхээр болсныг ерөнхийлөгч Дональд Трамп зарлажээ.
Дэлхийн ихэнх улс орны эсрэг зарласан Трампын худалдааны дайн маргааш буюу наймдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм.
Тэрбээр улс орнуудад АНУ-тай худалдааны нөхцөлөө шинэчилж гэрээ байгуулах хугацаа өгөхийн тулд хэрэгжилтээ 90 хоногоор хойшлуулсан нь өнөөдөр дуусаж байна.
Энэтхэг улсын хувьд энэ хугацаанд гэрээ байгуулж амжаагүй юм.
Өнгөрсөн онд АНУ-ын Энэтхэгтэй хийдэг худалдаа $45.8 тэрбумын алдагдалтай байжээ. Трамп энэ алдагдлыг бууруулахыг хүсэж байгаа.
Трамп сошиал хуудсандаа Энэтхэгийг АНУ-ын “хамгийн өндөр татвартай түнш” болж байгааг харамсан бичжээ.
Тэр бас “Украинд явуулж буй Оросын аллагыг зогсоохыг бүгд хүсэж байхад” Энэтхэгийн эрх баригчид Оросоос газрын тос, зэр зэвсэг худалдан авсаар байгааг шүүмжилсэн байна.
Үүнийх нь төлөө ямар нэг шийтгэл оноохоо Трамп амлажээ.
Энэтхэгийн засгийн газрын төлөөлөгч Трампын мэдэгдлийн үр дагаврыг судалж байгаагаа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Талууд дөрөвдүгээр сараас хойш худалдааны нөхцөлөө шинэчлэх яриа хэлэлцээ явуулж байгаа ч үр дүнд хүрээгүй байгаа.
АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн Жэймисон Грир энэ долоо хоногийн эхээр яриа хэлэлцээ үргэлжилж байгааг мэдэгдсэн юм.
Өмнө нь тэр Энэтхэгийн талтай тохиролцоонд хүрэх цаг ойртож байгааг хэлж байв. Гэхдээ “дотоодын зах зээлээ хамгаалах Энэтхэгийн худалдааны бодлого маш олон жил үргэлжилж ирснийг ойлгох хэрэгтэйг” онцолж байжээ.
Хоёр орны худалдааны гол асуудал нь хөдөө аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн юм.
Вашингтоны эрх баригчид олон жилийн өмнөөс Энэтхэгийн хөдөө аж ахуйн салбарт нэвтрэхийг эрмэлзэж, үүнийг хөндөгдөөгүй үлдсэн дэлхийн томоохон зах зээл гэж үздэг байв.
Гэвч Делигийн эрх баригчид хүнсний аюулгүй байдалд санаа зовж, сая сая жижиг тариаланчдынхаа эрх ашгийг хамгаалсан хэвээр байгаа.
Саяхныг хүртэл АНУ нь Энэтхэгийн хамгийн том худалдааны түнш байсан. 2024 онд хоёр орны худалдааны хэмжээ $190 тэрбумд хүрч байлаа. Трамп, Моди нар үүнийг $500 тэрбумд хүргэх зорилт тавиад байгаа.
Энэтхэгийн тал өмнө нь Бурбон виски, мотоцикл зэрэг АНУ-ын олон төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг бууруулсан ч хоёр улсын худалдааны тэнцвэргүй байдал арилахгүй байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!