Сүүлийн өдрүүдэд Иран улсад агаарын хэт халалт үргэлжилж, зарим нутагт агаарын температур Цельсийн 50 хэмийг даваад байна.
Үүнтэй холбогдуулан Тегераны эрх баригчид ард иргэддээ усны хэрэглээгээ багасгахыг уриалжээ.
Өнгөрсөн долоо хоног Ираны хувьд энэ оны хамгийн халуун долоо хоног болсон юм.
Нийслэл орчмын Тегеран мужид усны хэрэглээг багасгах зорилгоор энэ долоо хоногийн Лхагва гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгох шийдвэр өчигдөр гарчээ.
“Агаарын хэт халалт үргэлжилж байгаатай холбогдуулан ус, эрчим хүчийг хэмнэх зорилгоор Лхагва гарагийг Тегеран мужид бүх нийтийн амралтын өдөр болгож байна” гэж засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фатеме Мохажерани өчигдөр сошиал хуудсаараа зарласан байна.
Ням гарагт Тегеран хотод агаарын температур Цельсийн 40 хэм хүрсэн бол Даваа гарагт 41 хэм хүрэх урьдчилсан таамаг гарчээ.
Усны хомсдол Иран улсын хувьд ноцтой асуудал байсаар ирсэн. Ялангуяа тус улсын хуурай цаг агаартай өмнөд бүс нутаг хамгийн өндөр эрсдэлтэй байгаа.
Саяхан Тегеран хотын захирагч Мехди Чамран “дусал усыг ч хэмнэх”-ийг оршин суугчдадаа уриалсан юм.
Үүнтэй ижил төстэй уриалгыг Ираны хэд хэдэн бүс нутгийн удирдлага гаргаад байна.
Тегеран мужийн ус хангамжийн компани иргэн бүрийг усны хэрэглээгээ хамгийн багадаа 20 хувиар бууруулахыг зөвлөжээ.
Олон жил үргэлжилсэн ган гачгийн улмаас Тегераны усны байгууламжуудын нөөцийн хэмжээ “зууны хамгийн доод”түвшиндээ хүрснийг тус байгууллага анхааруулсан байна.
Бямба гарагт Тегеран хотын зарим хэсэгт цэвэр усны хангамж тасарсан юм. Маргааш нь Ираны эрчим хүчний сайд Аббас Алиабади нөөцөө зөв зохион байгуулах зорилгоор зарим хэсгийн усны хангамжийг зориуд бууруулснаа тайлбарлаж, иргэдээсээ уучлал гуйжээ.
Эх сурвалж: Aljazeera
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!