Сүхбаатар дүүрэг, Зургаан буудлын “Оргил” худалдааны төв орчимд Сэлбэ хотын эхний ээлжийн 4,400 айлын 46 блок орон сууцны барилгыг тавдугаар сарын 29-нөөс барьж эхэлсэн. Эдгээр орон сууцыг 24 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулах гэрээтэй байна.
Орон сууцны барилгын ажлын явцын талаар “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар "Орон сууцны барилгыг гүйцэтгэгч компаниудтай талбайгаа хүлээлцэх, геодезын цэгийн сүлжээг байгуулсан.
Газар чөлөөлөлтийн албаныхан сайн ажиллаж, газрыг бүрэн чөлөөлж, айлуудын үлдэгдэл хог, нүхэн жорлонгуудыг устгаж, ариутгасан байна.
Мэргэжлийн байгууллагууд уг талбай дахь цахилгаан, холбоо дохиоллын өндрийн шугамыг шилжүүлсэн.
Төслийн эхний 46 блок орон сууцны барилгын ажил эхлэхэд бэлтгэл бүрэн хангагдаж, өнөөдөр төслийн талбай хүлээлцэх ажил эхэлж байна.
Сэлбэ хот төсөл бүхэлдээ 160 орчим га газар дээр үргэлжилнэ. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрсдэлийн зураглалыг гаргаж, холбогдох байгууллагад хүргэсэн. Барилгын ажил явагдаж буй тухайн байршилд хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахад анхаарч байна" гэв.
Орчны аюулгүй байдлыг хангах тухайд “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн төслийн удирдлага, бизнесийн хэлтсийн дарга Ш.Ганзориг "Зургаан буудлын “Оргил” худалдааны төв орчимд орон сууцны барилгыг барих хоосон газрыг хашаалсан учраас хоёр талаас ирж буй автомашинд үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул толь суурилуулсан. Одоо авто зам дээр хурд сааруулагч, Зогс тэмдэг байршуулахаар ажиллаж байна.
Сэлбэ хот төслийн 1, 2 дугаар багцын орон сууцны барилгыг барьж эхлэхэд бэлэн болсон" хэмээн танилцууллаа.
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4,400 айлын орон сууцыг ₮826 тэрбумаар барих хоёр багц тендерт 14 компани саналаа ирүүлснээс "China Construction 6th Engineering Bureau Co., Ltd" групп, "China Second Metallurgy Group Co.,Ltd" ХХК шалгарсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!