Уншиж байна ...
Зураг
Зураг

14 хоногийн дотор 900 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн Японы арлын оршин суугчдад унтах боломж гарахгүй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Японы өмнөд хэсгийн цөөн хүн оршин суудаг, алслагдсан бүлэг арал дээр сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 900 гаруй удаа газар хөдөлжээ.

Хамгийн сүүлд Лхагва гарагт Токара нэртэй эдгээр арлууд дээр 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Орон нутгийн эрх баригчид зургаадугаар сарын 21-нээс хойш Токарад газар хөдлөлтийн идэвх “маш өндөр” байгааг онцолж, нүүлгэн шилжүүлэлтэд бэлтгэлтэй байхыг оршин суугчдад зөвлөжээ.

Газар байнга чичирч, доргиж байгаагийн улмаас шөнө унтаж чадахгүй байгаагаа арлын нэг оршин суугч өчигдөр орон нутгийн хэвлэлд ярьсан байна.

Токара бүлэг арлуудад өмнө нь газар хөдөлж байсан ч энэ удаагийн идэвхжил ер бусын өндөр байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Япон улс нь Номхон далайн “галт цагариг” гэгддэг газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт, олон тектоник хавтангуудын уулзвар дээр оршдог.

Энэ улсад жил бүр 1,500 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байна.

зураг
 

Токарагийн 12 арлын долоод нь 700 орчим хүн оршин суудаг. Эдгээрийн ихэнхэд нь эмнэлэг байдаггүй тул хүмүүс мужийн төв Кагошима хот руу завиар зургаан цаг орчим явж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг ажээ.

“Газар хөдлөлтийн өмнө далайгаас архирах мэт чимээ сонсогддог нь аймшигтай. Ялангуяа шөнийн цагаар” хэмээн Асахи Шимбүн сонинд Акусэкижима арлын оршин суугч Чизүко Арикава ярьсан байна.

Нойргүй хонож байгаагаас “бүгд ядарч туйлдсан, энэ бүхнийг зогсоосой гэж хүсэж байна” гэж нөхрийн хамт үхрийн аж ахуй эрхэлдэг 54 настай тэрбээр цааш нь ярьжээ.

“Ийм олон газар хөдлөлтийн дараа газар чичрээгүй ч чичирч байгаа мэт санагддаг” гэж Арикава нэмж хэлсэн юм.

Нөхцөл байдлын улмаас Токарагийн зочид буудлууд гаднаас жуулчин хүлээж авахаа зогсоосон бөгөөд гамшгийн үеэр тэднийг хоргодох байр болгон ашиглахаар төлөвлөж байгаагаа орон нутгийн захиргаа мэдээлжээ.

Сүүлийн үед Японд асар хүчтэй газар хөдөлж болзошгүй гэсэн цуурхал тараад байгаа нь хүмүүсийн айдас түгшүүрийг улам нэмэгдүүлж байна.

Энэ цуурхал манга зохиолч Рёо Тацүкигийн 1999 онд хэвлэгдсэн номд дурдагдсан зөгнөлөөс үүдэлтэй. Тэрбээр эхний удаад 2011 оны Фүкүшимагийн гамшгийн талаар зөгнөл нь биелснийг баталж байв. Японы зүүн хойд нутагт тохиосон энэ гамшгийн улмаас 18,000 орчим хүн амиа алдсан юм.

Сүүлд номоо 2021 онд шинэчлэн хэвлүүлэхдээ энэ оны долдугаар сарын 5-нд дараагийн том гамшиг тохиохыг зөгнөсөн юм.

Японы эрх баригчид олон арван жилийн турш зуунд нэг тохиох хүчтэй газар хөдлөлт болж магадгүйг сэрэмжлүүлсээр ирсэн түүхтэй.

Ийм гамшиг тохиолдвол хамгийн муу хувилбараар 300,000 гаруй хүний амь үрэгдэх тооцоо байдаг.

 

Эх сурвалж: BBC