Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын дөрвөн хайрхныг тахих ёслол болж байна

Б.Манлай
2025 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрхны тахилгаар өнөөдөр эхэлжээ.

"Зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрхнаа тахиж байна.

Тодруулбал Чингэлтэй хайрхны тайлгын Их овоо, Баянзүрх хайрхны Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга болж байна" гэж НИТХ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулж байгаа аж.

Улаанбаатар хотоос жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Мөн жил бүрийн аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна. Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. 

Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Энэ жил нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх - Яармаг - Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС - Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ.

Хүй долоо худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг найман секторт хувааж, 120 цэгт үйл ажиллагаа явуулна. Ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглоно. Соёл урлагийн талбай болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Худалдаа, үйлчилгээ талбайн 120 цэгт иргэд болон ААН-үүд зөвшөөрлийн дагуу хоол худалдааны үйлчилгээ үзүүлэх бөгөөд Монгол гэр болон Фүүд тракаар үйлчилгээгээ явуулна. Дээрх найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

  • A, H секторт есөн дүүргийн соёлын болон хүндэтгэлийн гэр, бэлтгэлийн гэр, асар,
  • B секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод,
  • С, D секторт худалдаа, хоол үйлдвэрлэл,
  • E секторт фүүд трак буюу явуулын хоолны машин,
  • F, G секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байх юм.

Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр наадамчин олондоо зориулж Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулна. Тодруулбал, дээрх чиглэлд нийт 3 вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай. Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой. Давааны зөрлөгөөс /Хүй 7 худаг/ нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэх юм. Эхний галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 08:00 цагт хөдлөөд, Давааны зөрлөгт /Хүй 7 худаг/ 08:50 зогсоно. Харин Давааны зөрлөгөөс 10:06 цагт хөдлөөд, Улаанбаатар өртөөнд 10:55 цагт зогсоно. 

256 бөх барилдана

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

  • 256 бөхийн барилдаан
  • Хурдан морины уралдаан
  • Жороо морины уралдаан
  • Үндэсний сур харвааны тэмцээн
  • Үндэсний шагайн харвааны тэмцээн
  • Морьт харвааны тэмцээн
  • Морьтны үзүүлбэр
  • Цам харайх ёслол
  • Сээр цохих тэмцээн
  • Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт
  • Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт
  • Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт
  • Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн
  • Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
  • Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга
  • Их эзэн Чингис хааны тахилга
  • Балин, тосон урлалын тэмцээн
  • Унзад, голч лам нарын тэмцээн
  • Номын мэтгэлцээний тэмцээн
  • Сор залах, соёмбот туг залах.