Өнөөдөр буюу Лхагва гарагт Өмнөд Солонгос улсад 1950-1953 оны Солонгосын дайн эхэлсний 75 жилийн ой тохиож, энэ дайнд амь үрэгдсэн хүмүүсээ дурсаж байна.
Үүнтэй зэрэгцэн нэгэн адууны байгуулсан гавьяаг бас дурсаж байгаа ажээ.
Саяхан солонгос хэл дээр хэвлэгдсэн “Түрүүч Аймшиггүй: Солонгосын дайны адуу” нэртэй ном нь энэ тухай түүхийг өгүүлдэг юм байна. Уг ном нь энэ адууны түүхийг олон жил судалсан Робин Хаттоны 2015 онд АНУ-д хэвлүүлсэн номын орчуулга ажээ.
“Түрүүч Аймшиггүй” гэж нэрлэгдсэн гүү нь Солонгосын дайны хамгийн их цус асгаруулсан тулаанд онцгой гавьяа байгуулсан түүхтэй юм байна.
1953 оны гуравдугаар сарын 26-ны өдөр өнөөдрийн Гёнги мужийн Ёнчон дүүрэгт Умард Солонгосын талд байлдаж байсан Хятадын зэвсэгт хүчин болон АНУ-ын тэнгисийн явган цэргийн анги, Өмнөд Солонгосын армийн цэргүүдийн хооронд ширүүн тулаан эхэлж байжээ.
Таван өдөр үргэлжилсэн энэ тулаанд АНУ, Өмнөд Солонгосын талаас 1,000 орчим, Хятадын талаас 2,000-3,000 орчим цэрэг амиа алдсан юм.
Уг тулааны үеэр Түрүүч Аймшиггүй галын шугамд сум зөөх, шархадсан цэргүүдийг ар тал руу татах үүрэг гүйцэтгэж байжээ.
“Би түүнийг амьд үлдэнэ гэж хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ тэр үүнийг хийж чадсан. Түүнийг тэнгэрийн элч унаж явсан байх” гэж ахмад дайчин Харольд Уэдли дурссаныг дээрх номд бичсэн байна.
Тэрбээр цааш нь “Тэр 75 мм-ийн сумыг тэнцвэртэй авч явахын тулд толгой хүзүүгээ сунгаж, хаа хүрэх ёстойгоо мэдэж байгаа мэт алхдаг байсан. Тэр үнэхээр зорилгоо мэддэг байсан. Шархадсан цэргийг тэр нуруундаа тээгээд исгэрэх сум, дэлбэрэлтийн дундуур аюулгүй газарт аваачдаг байлаа. Эмч нар шархтай цэргийг буулгаад оронд нь сум ачихад тэр буцаад алхдаг байсан. Тэр огт амралгүй ажилладаг байв” гэж дурсжээ.
Солонгосын дайны баатар болсон гүү 1949 онд Сөүлд төрсөн юм.
Түүнд эзэн нь болох алдарт адуу үржүүлэгч Ким Хүк Мүн анх “Өглөөний мандах нар” гэсэн утгатай солонгос нэр өгч байжээ. Түүний үүлдэр тодорхойгүй ч Монгол адуу, эсвэл Жэжү арлын уугуул адуу болон цэвэр солонгос адуу хоёрын дундаас төрсөн Халла адуу хоёрын нэг гэж үздэг байсан юм байна.
1952 оны аравдугаар сарын 26-нд Сөүлд ирсэн АНУ-ын тэнгисийн явган цэргийн нэгдүгээр дэслэгч Эрик Питерсон уулархаг газар нутагт сум, хангамж тээвэрлэх морь хайж яваад Ким Хүк Мүнтэй уулзаж байжээ.
Энэ үед Ким газрын минад хөлөө алдсан эгчдээ хиймэл хөл хийлгэхийн тулд Түрүүч Аймшиггүйг түүнд $250-аар зарсан байна.
Цэргийн ангид ирснийх нь дараа түүнд “Түрүүч Аймшиггүй” (Sgt. Reckless) хэмээх нэрийг Питерсин өгч байжээ.
Энэ нь тухайн үед радио харилцаа холбоонд АНУ-ын тэнгисийн явган цэргийн тавдугаар ангийг нэрлэдэг байсан тэдний аймшиггүй эр зоригийг илэрхийлсэн түлхүүр үг гэнэ.
“Тэр их бууны дуу гарахад чихээ сортолзуулаад газар хэвтдэг байсан. Сум дэлбэрсний дараа босоод нуувч руу давхидаг байсан нь үнэхээр гайхалтай” гэж ахмад дайчин Уиллард Бэрри дурсжээ.
Номд бичсэнээр Түрүүч Аймшиггүйн хоол тэжээл цэргүүдийг гайхшируулдаг байсан гэнэ.
Тэрбээр шарсан өндөг, кофе, самрын тос, лаазалсан мах гээд юу ч хамаагүй иддэг байжээ. Тэр ч байтугай кока кола, шар айраг, виски хүртэл хүртдэг байсан гэнэ.
Дайны дараа амьд мэнд эх орондоо буцсан тэнгисийн явган цэргийн хурандаа Эндрю Гирийн өдрийн тэмдэглэл баатарлаг адууны түүхийн гол баримт болжээ.
1954 оны дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-ын тэнгисийн явган цэргийн ангийн удирдлага Аймшиггүйд албан ёсоор түрүүч цол олгосон байна.
Үүнээс хойш долоо хоногийн дараа “Saturday Evening Post” сэтгүүлд Түрүүч Аймшиггүйн баатарлаг түүхийг нийтэлж байжээ.
Уг нийтлэлийг дэд хурандаа Гир бичсэн нь олны анхаарлын төвд орсон байна.
Улмаар АНУ-д уг адууг үндэсний баатрын хэмжээнд өргөмжилж, Солонгосоос авчрах хөдөлгөөн өрнөжээ.
Үүний үр дүнд 1954 оны арваннэгдүгээр сарын 10-нд Сан-Франциско хотод Түрүүч Аймшиггүй ирсэн байна.
1957 оны зургаадугаар сарын 12-нд АНУ-ын тэнгисийн явган цэргийн хүчин түүнд штабын түрүүч цол олгосон нь түүхэнд уг цолыг анх удаа хүн биш, амьтан хүртсэн тохиолдол болжээ.
Баатарлаг гүү үлдсэн амьдралаа Калифорни мужийн Кэмп Пэндлтонд өнгөрүүлэхдээ дөрвөн удаа унагалсан юм байна.
Тэрбээр 1968 оны тавдугаар сарын 13-нд нурууны үе мөчний үрэвсэлтэй холбоотой хөлийн гэмтлийн улмаас нас баржээ.
2013 онд Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойгоор Виржиниа мужийн Тэнгисийн Явган Цэргийн Үндэсний Музейн үүдэнд Түрүүч Аймшиггүйн хөшөөг босгосон байна.
Дараа нь түүний өөр таван хөшөөг АНУ даяар босгожээ.
2018 онд түүний оролцсон цуст тулааны дурсгалд зориулсан Ёнчон Горанпо дурсгалын цэцэрлэгт Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дэх анхны хөшөө нь боссон байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!