Д.Сүхбаатарын талбайд болж буй 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн "A", "C" болон эмэгтэйчүүдийн "B", "D" хэсгийнхэн эхний хоёр тоглолтоо хийлээ.
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг "D" хэсэгт Испани, Герман, Украин, Бразилын багтай оноолт таарсан билээ. Тэгвэл эхний тоглолтоо Бразилын багтай хийж, 16:14-өөр ялалт байгууллаа.
Манай тамирчид үндсэн цагийн 2:15 минут хүртэл 8:14-өөр дийлдэж байсан ч сүүлийн найман оноог дараалан авснаар ДАШТ-ийг ялалтаар эхлүүлэв.
Тоглолтын үндсэн цаг өндөрлөхөөс дөрвөн секундийн өмнө Н.Нандинхүсэл холын зайн шидэлтээ оновчтой болгож, багаа хожилд хөтөллөө. Цаг дуусахтай зэрэгцээд Бразилын багийн Габриела Д'Арриго холын шидэлтээ алдсан юм.
Уг тоглолтод Б.Ариунцэцэг долоон оноо авсан бол эцсийн цэгийг нь хатгасан Н.Нандинхүсэл дөрөв, О.Хулан таван оноо авлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!