Уншиж байна ...
Зураг
Зураг

Венец хотод энэ долоо хоногт болох “зууны хурим”-ыг Greenpeace хөдөлгөөнийхөн эсэргүүцэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн байгаль орчныг хамгаалах Greenpeace хөдөлгөөн Италийн Венец хотод энэ долоо хоногт болох Америк тэрбумтан Жэф Безосын хуримыг эсэргүүцсэн арга хэмжээг өчигдөр зохион байгуулжээ.

Амазоны үүсгэн байгуулагч болон сэтгүүлч Лорен Санчес нарын хийх “зууны хурим”-д 200 орчим зочин оролцох ба тэдний дунд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка, хүргэн Жаред Кушнер болон урлаг, соёл, бизнесийн олон алдартнууд байгаа юм.

Гэвч жуулчдын их хөл хөдөлгөөний нөлөөгөөр экосистем нь доройтсон Венец хотын зарим оршин суугчид уг хуримыг эсэргүүцэж байгаа.

Тэгвэл Greenpeace байгууллагын Итали дахь салбар, Их Британийн “Everyone hates Elon” хөдөлгөөний идэвхтнүүд өчигдөр уг эсэргүүцэлд нэгджээ.

Тэд Венец хотын төв талбайд Жэф Безосын инээж байгааг харуулсан гэрэл зураг дээр “Хэрвээ чи Венецийг түрээсэлж чадаж байгаа бол илүү их татвар төлж чадна” гэсэн үгсийг бичсэн аварга том зурагт хуудас дэлгэсэн байна.

Сүүлд цагдаа нар ирж, бичиг баримтыг нь шалгасны дараа идэвхтнүүд уг зурагт хуудсаа хураажээ.

“Асуудал хуримд биш, системд байна. Нэг том тэрбумтан хотыг өөрийн таашаалд зориулан түрээслэх ёсгүй” гэж тэмцэгчдийн нэг Симона Аббате ярьсан юм.

зураг
 

Венец хотын захирагч Луижи Брунаро болон мужийн захирагч Лука Зайа нар хуримыг дэмжиж байгаа. Тэд үүнийг хотын эдийн засагт чухал нөлөөтэй арга хэмжээ гэж үзэж байна.

Тухайлбал энэ хурим хотын эдийн засагт 20-30 сая евро оруулахаар байгааг Зайа мэдээлж байв.

Мөн Безос хотын экосистемийг хамгаалах зорилготой судалгааны хүрээлэнд багагүй хэмжээний хандив өргөсөн тухай Италийн хэвлэлүүд мэдээлж байна.

Хуримын албан ёсны товыг нийтэд зарлаагүй ч зургаадугаар сарын 26-28-ны өдрүүдэд гурван өдөр үргэлжлэх төлөвтэй байгаа юм.

61 настай Жэф Безос $224 тэрбумын хөрөнгөөрөө дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Тэрбээр анхны гэргий Маккензигээсээ 2019 онд салсны дараа сэтгүүлч Лорен Санчестай хамт амьдрах болсон юм.

 

Эх сурвалж: Reuters