Бямба гарагт Бразил улсын өмнөд бүсийн Санта Катарина мужид агаарын бөмбөлөг шатаж, газарт унахдаа зорчиж байсан найман хүний амийг хөнөөсөн тухай тус улсын онцгой байдлын албаныхан мэдээлжээ.
Халуун агаараар хөөрдөг бөмбөлөг тэнгэрт шатаж байхад хоёр хүн түүн дээрээс газарт унасныг сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэг харуулсан байна.
Агаарын бөмбөлөгт нисгэгчийг нь оролцуулаад нийт 21 хүн зорчиж байснаас 13 хүн амьд үлдэж, эмнэлэгт хүргэгджээ.
“Бид гашуудаж байна. Эмгэнэлтэй үйл явдал боллоо. Яагаад ийм зүйл болсныг бид шалгах болно. Одоогоор хамгийн чухал нь засаг захиргааны байгууллагууд чадах бүхнээ хийх явдал юм” гэж мужийн захирагч Жоржино Мелло мэдэгдсэн байна.
“Амьд үлдсэн хүмүүсийн нэг болох нисгэгчийн ярьснаар анх зорчигчдыг тээвэрлэдэг сагсанд гал гарсны улмаас бөмбөлөг уруудаж эхэлсэн байна. Бөмбөлөг газарт ойрхон ирэх үед тэр зорчигчдыг сагснаас үсрэхийг тушаажээ. Гэвч зарим зорчигч үсэрч чадаагүй байна” гэж Прайа Гранде хотын цагдаагийн албаны төлөөлөгч Тиаго Луйз Лемос ярьжээ.
Ийм агаарын бөмбөлөг газраас 1,000 метрийн өндөрт 45 минутын хугацаанд аялуулахдаа зорчигч бүрээс 550 реалийн ($100 орчим) төлбөр авдаг тухай орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Католик шашны гэгээнтнүүдэд зориулсан баяр тэмдэглэдэг жилийн энэ үед Бразилын өмнөд нутагт агаарын бөмбөлөг хөөргөх арга хэмжээ түгээмэл зохион байгуулагддаг юм.
Өнгөрсөн Ням гарагт Сан Пауло мужид агаарын бөмбөлөг унасны улмаас 27 настай эмэгтэй амиа алдаж, 11 хүн бэртэж байжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|