АНУ-аас сайн дураараа гарч явах хууль бус цагаачдад нэг удаа $1,000 олгож, эх орондоо буцахад нь замын зардлаар туслах болсноо Трампын засаг захиргаа өчигдөр зарлажээ.
Ингэх нь цагаач нэг бүрийг албадан буцаах үйл ажиллагаатай холбоотой зардлаас хамаагүй хямд тусаж байгааг АНУ-ын дотоод хэргийн яам тайлбарласан байна.
Хууль бусаар оршин сууж байгаа нэг цагаачийг баривчлах, хорих, буцаах нийт зардал дунджаар $17,000 орчим болдог гэнэ.
Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөсөн нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш АНУ-ын засаг захиргаа нийт 152,000 цагаачийг албадан буцаажээ.
Гэхдээ өмнөх ерөнхийлөгч Байденыг хууль бус цагаачлалыг нэмэгдүүлсэнд буруутгаж, олон сая цагаачийг АНУ-аас албадан гаргахаа амлаж байсан Трампын хувьд энэ нь хангалтгүй үзүүлэлт юм.
Тухайлбал өнгөрсөн оны хоёроос дөрөвдүгээр сарын хооронд Байдены засаг захиргаа 195,000 хууль бус цагаачийг албадан буцааж байжээ.
“Хэрэв та хууль бусаар оршин сууж байгаа бол баривчилгаанаас зайлсхийж, сайн дураараа буцах нь АНУ-аас явах хамгийн сайн, хамгийн аюулгүй арга юм” гэж дотоод хэргийн сайд Кристи Ноэм мэдэгдсэн байна.
Мөн сайн дураараа буцсан цагаачдад дараа АНУ-д хууль ёсны дагуу дахин ирэх боломж нээлттэй байхыг амласан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!