Украины арми ОХУ-ын Курск мужийн нутагт дахин довтолж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Украины арми ОХУ-ын Курск мужийн нутагт нэвтэрч, шинэ байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн тухай хоёр талын эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Тухайн өдөр Украины цэргүүд Курск мужийн нутаг дэвсгэрт нэвтэрч, Тёткино тосгоны ойролцоо оршдог дроны удирдлагын төвийг устгасан тухай тус улсын зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлсэн байна.

Рыльск хотын цахилгааны дэд станц Украины цохилтын улмаас дэлбэрч, эрчим хүчний хангамж тасарсан талаар Оросын албаны хүмүүс бас мэдээлжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Украины арми ОХУ-ын Курск мужийн нутагт цөмөрч, хэсэг газар нутгийг хяналтдаа авч байсан юм.

Тэгвэл Оросын эрх баригчид өнгөрсөн сарын сүүлээр Курскийн нутаг дэвсгэрийг бүрэн чөлөөлснөө зарлаж байв.

Цохилтын улмаас Рыльск хотын дэд станцын хоёр трансформатор гэмтэж, дэлбэрэлтийн үеэр өсвөр насны хоёр хүүхэд шархадсаныг Курск мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Александр Хинштейн өчигдөр Телеграм хуудсаараа мэдээлсэн юм.

Оросын цэрэг дайны сэдвээр бичдэг блогчид бас Украины армийн Курскийн нутагт явуулж буй байлдааны ажиллагааны талаар мэдээлцгээжээ.

Тухайлбал Даваа гарагт Украины арми хил давуулан пуужин харваж, тусгай хуягт машинаар минажуулсан талбайд нэвтэрсэн талаар мэдээлсэн байна.

“Дайсны тал шөнийн цагаар гүүрнүүдийг пуужингаар дэлбэлж, өглөө нь хуягт машинтай явган цэргүүдээр довтолж эхэлсэн. Хил орчимд ширүүн тулаан үргэлжилж байна” гэж RVvoenkor нэртэй блогчин бичжээ.

Даваа гарагт Украины тал мөн “Курскийн ажиллагаа эхэлснээс хойш есөн сарын дараа Украины батлан хамгаалах хүчин Оросын Курск мужийн нутаг дэвсгэрт байр сууриа хадгалсан хэвээр байна” гэж мэдээлсэн юм.

Одоогоор Курск мужид юу болж байгаа талаар Оросын албаны эх сурвалжууд ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.

Харин Москва хотыг чиглэсэн Украины дронуудыг устгаснаа мэдээлжээ.

Тухайлбал Даваа гарагийн шөнө Оросын нийслэлийн чиглэлд нисэж байсан дөрвөн дроныг Подольск орчмын зэвсэгт хүчний анги устгасан тухай Москва хотын захирагч Сергей Собянин сошиал хуудсаараа мэдээлсэн юм.

Нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн Украины нийт 26 дроныг устгаснаа ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр мэдээлжээ.

Хэдхэн хоногийн дараа дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баяр Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдаж, гадаадын зарим улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцох гэж буй цаг үед Украины талаас довтолсон нь энэ юм.

Гуравдугаар сард Украины талаас нэвтэрсэн нийт 337 дроныг устгасны 91 нь Москва хотын ойр орчимд байсныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлж байв.

 

Эх сурвалж: BBC