Трамп: Гринландыг хяналтдаа авахын тулд цэрэг зэвсгийн хүч хэрэглэхээс буцахгүй. Харин Канадыг ингэх магадлал бага

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

НАТО-гийн гишүүн Дани улсын захиргаанд өөртөө засах эрхтэй оршдог дэлхийн хамгийн том арал Гринландыг хяналтдаа авахын тулд цэрэг зэвсгийн хүч хэрэглэхээс буцахгүйгээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дахин мэдэгджээ.

Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн цагаасаа хойш энэ санааг дахин дахин илэрхийлж байгаа.

Гринланд арал нь батлан хамгаалах болон эрдэс баялгийн нөөц талаасаа стратегийн өндөр ач холбогдолтой газар нутагт тооцогддог.

Ням гарагт NBC сувгийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцсон Трампаас сэтгүүлч Гринландыг цэрэг зэвсгийн хүчээр авах боломжийг асуусан юм.

Ингэхэд тэр “Энэ боломжийг би үгүйсгэхгүй. Би шууд ингэнэ гэж хэлэхгүй ч бас юу г ч үгүйсгэхгүй. Гринланд бидэнд маш их хэрэгтэй. Гринландад маш цөөн хүн амьдардаг. Бид тэдэнд анхаарал тавих болно, тэднийг халамжлах болно. Гэхдээ бидэнд олон улсын аюулгүй байдлын үүднээс энэ газар хэрэгтэй” гэж хариулжээ.

Трампаас бас хойд хөрш Канад улсыг цэрэг зэвсгийн хүчээр эзэлж, АНУ-ын 51 дэх муж болгох боломжтой эсэхийг асуусан байна.

“Ингэх магадлал маш бага. Би Канадад ийм зүйл болно гэж бодохгүй байна” гэж Трамп энэ асуултад хариулжээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Канадын шинэ ерөнхий сайд Марк Карнитай утсаар ярилцсанаа, энэ үеэр Канадыг АНУ-ын нэг хэсэг болгох тухай сэдвийг хөндөөгүйгээ баталсан байна.

Гэхдээ Трамп ойрын үед Карнийг Вашингтонд айлчлах үеэр нь энэ талаар ярилцахаа амлажээ.

Канадчуудын 90 орчим хувь энэ санааг эсэргүүцэж буй нь олон судалгаанаас харагдаж байгаа. Гэхдээ Трамп энэ сэдвээр хэлэлцэхэд нээлттэй байгаагаа илэрхийлжээ.

“Би энэ талаар үргэлж ярих болно. Яагаад гэдгийг та мэдэж байгаа биз дээ? Бид Канад улсад жил бүр $200 тэрбумын татаас төлдөг. Бидэнд тэдний автомашин хэрэггүй. Үнэндээ бид тэдний автомашиныг сонирхдоггүй. Бидэнд тэдний эрчим хүч ч хэрэггүй. Бидэнд хангалттай бий. Бидэнд тэдний мод хэрэггүй. Бидэнд маш сайн мод бий. Миний хийх ёстой зүйл бол тэднийг байгаль орчныг хамгаалагч гэх галзуу хүмүүсээс чөлөөлөх юм” гэж Трамп ярьсан байна.

Тэрбээр цааш нь “Хэрвээ Канад улс АНУ-ын нэг хэсэг байсан бол биднээс ямар ч зардал гарахгүй байх байсан. Үнэхээр сайхан байх байлаа. Үл хөдлөх хөрөнгийн салбарын хүнийхээ хувьд газрын зургийг харахад олон жилийн өмнө хоёр улсыг хуваахдаа зүгээр л шугам татчихсан нь тодорхой харагддаг. Хэрвээ энэ шугам байгаагүй бол ямар сайхан орон байх бол” гэж хэлжээ.

Өнгөрсөн сард нийтлэгдсэн ABC News сувгийн судалгааны үр дүнгээс Америкчуудын 68 хувь нь Гринландыг нэгтгэх асуудалд Трамп нухацтай хандаж байна гэж үзсэн бол Канадыг нэгтгэх асуудалд 53 хувь нь ингэж хариулсан байна.

Гэхдээ тэдний 86 хувь нь Канадыг нэгтгэхийг, 76 хувь нь Гринландыг эзлэх санааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: AFP