Японы эзэн хааны мөнгийг хулгайлсан ажилтныг ордноос хөөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Эзэн хаан Нарүхито болон түүний гэр бүлийн хэрэгцээнд зориулсан бэлэн мөнгөнөөс нэг жил гаруй хугацаанд нийт 3.6 сая иенийг ($24,770) хулгайлсан ажилтныг халсан тухай Японы хааны ордны захиргаа өчигдөр мэдээлжээ.

Хулгай хийсэн хүн нь тус ордонд ажилладаг 80 орчим үйлчлэгчийн нэг болох 20 гаруй насны ажилтан байсныг мэдээлэлд дурдсан байна.

Ийм ичгүүртэй хэрэг орчин үеийн түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүйг ордны захиргаа баталжээ.

Энэ оны нэгдүгээр сард эхэлсэн дотоод хяналт шалгалтын үеэр мөнгөний авдар дахь бэлэн мөнгөний үлдэгдэл болон нягтлан бодох бүртгэлийн дэвтэр хоёрын хооронд зөрүү үүссэнийг тогтоосноор хулгай анх илэрсэн гэнэ.

Хамгийн сүүлд гуравдугаар сарын сүүлээр 30,000 иен дутахад тухайн шөнө үүрэг гүйцэтгэсэн ажилтнаас мэдүүлэг авахад санхүүгийн хүндрэлийн улмаас хулгайлснаа хүлээжээ.

Сэжигтэн 2023 оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын сүүл хүртэл хугацаанд хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 3.6 сая иен хулгайлсан нь илэрсэн юм байна.

Тэрбээр дөрөвдүгээр сарын дундуур хулгайлсан мөнгөө бүрэн буцааж төлснийг ордны захиргаа мэдээлжээ.

Хулгайлсан мөнгө нь эзэн хаан, түүний гэргий Масако, охин Айко, эцэг Акихито, эх Мичико нарын амьжиргааны зардалд жил бүр төсвөөс олгодог 324 сая иений нэг хэсэг байсан байна.

Мөнгө хулгайлсан ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн газарт шалгуулахаар гомдол гаргаснаа ордны захиргаа мэдээлжээ.

Мөн ордны санхүүгийн бүртгэлд хангалттай хараа хяналт тавиагүй үндэслэлээр хулгайг анх илрүүлсэн туслах менежэрт нэг сарын цалин хасах шийтгэл оноосон байна.

Ордны захиргааны тэргүүн Ясүхико Нишимүра санаанд багтамгүй хэрэг гарсанд гүн харамсал илэрхийлээд эзэн хаан болон түүний гэр бүлээс уучлал гуйсан тухай NHK мэдээлжээ.

Тэр бас ордны нийт ажилтнуудын сахилга батыг дээшлүүлэхээ амласан байна.

 

Эх сурвалж: Japan Today