УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн ээлжит хуралдаан товлосон цагтаа эхэлсэн ч АН-ын бүлгийн гишүүдийн хүсэлтээр үдээс хойш 14:00 цаг хүртэл завсарлав.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх Зээлийн мэдээллийн сангийн тухай, Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай зэрэг хуулийн төслүүд дээр АН-ын бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагатай байна. Хоёрдугаарт, УИХ-ын зарим гишүүний бүрэн эрх хүчинтэй байгаа эсэх тухай зарчмын асуудал байгаа тул чуулганы хуралдаанаас завсарлага авах шаардлагатай байна.
Зарчмын асуудлыг тухайд өнгөрөгч долоон хоногт Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулахдаа гаргасан хандлага, байр суурь бол хувь хувь хүмүүсийн хоорондын харилцааны асуудал биш юм.
Засгийн газар бол УИХ-аас томилогдож, хуулийн хэрэгжилтийг хангаж, ажлаа УИХ-д тайлагнах үүрэгтэй байгууллага. АН-ын бүлэг хуралдаад Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн болон УИХ-аас уучлал гуйх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тиймээс АН-ын бүлгийн зүгээс эдгээр асуудал дээр ажлын гурав хоногийн завсарлага өгнө үү гэдэг хүсэлт гаргаж байна” гэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын дэгийн тухай хуульд тухайн хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авна гэдэг заалт бий. О.Цогтгэрэл гишүүний гаргасан хүсэлт хэлэлцэж байгаа асуудалтай холбогдохгүй байна. Гурав хоногийн завсарлага гэхээр УИХ-ын чуулган ирэх Даваа гарагт хуралдах шаардлагатай болно. Байр сууриа нэгтгэнэ гэж байгаа хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг явуулаад гишүүд байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр зөвхөн санал хураалт явуулна. АН-ын бүлэг байр сууриа нэгтгэнэ гэсэн тул нэг өдрийн завсарлага өгье.
Ер нь энэ асуудалтай холбогдуулаад гишүүд хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй байна. УИХ-ын болон Засгийн газрын гишүүд бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандаж байх ёстой. Бид төрийн ажлын тасралтгүй явуулах үүрэг хүлээсэн. УИХ дээр маргалдах, мэтгэлцэх зүйл гардаг.
УИХ-ын гишүүдээс гомдол ирдэг. Асуултад нь хариулт өгч байгаа албан тушаалтан ихэрхсэн хандлага байна гэхчлэн. Гишүүд илүү мэргэжлийн, оновчтой асуулт асууж, хариултаа авдаг байх ёстой.
УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Гэхдээ хариуцлага хүлээхгүй гэдгийг далимдуулж УИХ-ын гишүүд бие биеийнхээ нэр төрд халддаг байж болохгүй. Нөгөө талаас УИХ-ын гишүүд хэт эмзэг байгаад хэрэггүй. Улс төрийн ажил олон янзын хэлбэрээр явагдаж байдаг. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлын дундуур улс төрч хүн туулдаг. Үүнийг давж чадсан нь улс төрч болж чаддаг. Давж чадаагүй нь байрандаа очдог. Олон нийтээс ирж байгаа шүүмжлэл, гүтгэлгийг тэсэж, тэвчиж чаддаг байх нь улс төрч хүнд байх ёстой чанар" гэдэг хариулт өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!