Өчигдөр буюу Лхагва гарагт Ираны эрх баригчид Израилийн талд тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэгдэж байсан хүнийг цаазалжээ.
34 настай гэгдэх Мохсен Лангарнешинийг өчигдөр үүрээр Тегераны ойролцоо оршдог Гезелхезар шоронд дүүжилснийг хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн байна.
Эцэг эх хоёр нь шөнийн турш шоронгийн гадна хүүгийнхээ амийг өршөөхийг гуйн мөргөж байсныг Ираны сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэг, гэрэл зургууд харуулжээ.
Хуулийн байгууллагын эх сурвалж Лангарнешинийг тус улсад явуулдаг Израилийн Моссад тусгай албаны ажиллагаанд оролцдог, “өндөр зэрэглэлийн тагнуулч” байсан гэж мэдээлсэн байна.
Харин хүний эрхийн байгууллагууд үүнийг няцааж, Лангарнешинийг хууль бусаар эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэж мэдээлжээ.
“Шударга бусаар эрүүдэн шүүж, Израилийн тагнуулч болохыг нь хүчээр хүлээлгэсэн Мохсен Лангарнешинийг өнөөдөр өглөө эрт дүүжилсэн байна” гэж Норвегид төвтэй Ираны Хүний Эрх (IHR) байгууллагын захирал Махмууд Амири-Могхаддам мэдэгдсэн байна.
Британийн хүний эрхийн тэмцэгч, Ираны уугуул Назанин Бониади “Цусанд ханадаггүй Исламын Бүгд Найрамдах Улс дахин нэг гэмгүй хүнийг цаазаллаа” гэж сошиал хуудсандаа харуусан бичжээ.
Ираны хувьсгалт гвардын хурандаа Сайад Ходаейн аллагад Лангарнешинийг буруутгаж байсан юм.
Түүнийг 2022 оны тавдугаар сард Тегераны гудамжинд гэртээ харихаар явж байхад нь мотоциклтой хоёр этгээд буудан алж байжээ.
Израилийн Моссад ийм ажиллагааг Ираны нутаг дэвсгэрт байнга явуулдаг гэлцдэг. Тухайлбал 2020 онд Ираны цөмийн мэргэжилтэн Мохсен Фахризадег бас ийм аргаар алсныг Өрнөдийн шинжээчид Моссадын явуулсан ажиллагаа гэж дүгнэж байв.
Гэхдээ ийм ажиллагааг гүйцэтгэсэн этгээдүүд ихэнхдээ Иранаас оргож чаддаг тул эрх баригчид гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг гэж хүний эрхийн байгууллагууд үздэг байна.
Фахризадегийн аллагад оролцсон хэрэгт таван хүн холбогдож, бүгд цаазлуулсан юм.
Иран улс нь цаазын ял гүйцэтгэлийн тоогоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд энэ он гарснаас хойш нийт 335 хүн цаазлуулсан гэх тоог IHR байгууллага гаргажээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!