“Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-н хүрээнд “Хуванцар дахин боловсруулалтын технологи” шинэ хичээлийн агуулга хөтөлбөрийг гаргаж, гарын авлагыг боловсруулжээ. Их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт шинээр оруулж байгаа тус хичээлийг зарим сургуульд оюутнууд судлаад эхэлсэн байна.
Энэ хичээлийг шинээр боловсруулах болсон шалтгаан болон түүнд багтсан агуулгууд, энэ хичээлийг судалснаар оюутнуудад бий болох ажлын байрны шинэ боломжууд, хүрээлэн буй орчинд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар МУИС-ийн Инженер технологийн сургуулийн дэд профессор Т.Энхдөлтэй ярилцлаа.
- Хуванцар боловсруулах технологи хичээлийг шинээр боловсруулах болсон шалтгаан, хэрэгцээ шаардлага юу байсан бэ?
Дэлхийн улс орнуудад тулгамдаж байгаа нэг асуудал бол яахын аргагүй хуванцар хог хаягдлын асуудал болоод байна. Яагаад гэхээр далай тэнгис рүү хуванцар орсноос тухайн орчин өөрчлөгдөж, далайн амьтад үхэж үрэгдэх ийм нөхцөл байдал үүссэн. Дээрээс нь хүний бие организм болон байгаль дэлхийд хуванцар нэлээд их тархсанаас бохирдлыг үүсгэж байна. НҮБ-ын Эрүүл мэнд, Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс “Олон улсын хуванцрын конвенц”-г боловсруулж байна. Үүнээс улбаалаад дэлхий дээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд Монгол улс ч мөн хөл нийлүүлэн алхаж, оролцох хэрэгцээ шаардлага үүсэж байна.
Тэр утгаараа хүрээлэн байгаа орчинд тархаад байгаа хуванцрыг дахин ашиглах, байгаль дэлхий дээр хаяж булшлах биш харин эдийн засгийн эргэлтэд оруулаад хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага гарч байгаа.
Энэ шаардлагын хүрээнд хуванцар материал гэдэг чинь ямар төрлийн материал юм бэ?, түүнийг яаж боловсруулбал аюулгүй боловсруулах боломжтой юм бэ? гэдгийг мэдэх шаардлагатай болоод байна. Тийм учраас их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт сонгон судлах хичээлээр тусгая гэсэн саналыг Европын Холбооны Свич-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэй хэрэгжсэн “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-с санаачилж оруулаад зарим сургуульд хичээлийн агуулга нь батлагдаад явж байна.
- Шинэ хичээлийн агуулгын онцлогийг танилцуулж өгнө үү?
Дотоодын зах зээлээ харах юм бол манай дахин боловсруулах үйлдвэрүүдийн дийлэнх нь хуванцар материалыг дахин боловсруулдаг. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 18 үйлдвэр байна. Тэд нарт маань ямар бэрхшээл тулгамдаж байгаа вэ гэхээр энэ материалыг халаавал юу ялгарах вэ?, өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?, аюултай юу, хортой юу? гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр энэ хичээлийн агуулгад ерөнхий хуванцар материалын шинж чанар, бүтэц бүрэлдэхүүн, түүнээс улбаалаад хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ? гэсэн агуулгуудыг тусгасан.
Нийт дөрвөн дэд сэдэв бүхий 16 долоо хоногийн хичээл байгаа.
Эхний сэдэв нь: Хуванцар ба түүний шинж чанар, ерөнхий найрлага. Үүнд дэлхийн улс орнуудад хуванцартай холбоотой ямар бодлогын бичиг баримт хэрэгждэг болох, мөн орчин үед хуванцрын кредит гэж яригдаад байгаа хуванцрын зах зээлийн тухай орсон. Эдгээр ерөнхий ойлголтууд нэгдүгээр дэд сэдэвт багтсан байгаа.
Хоёр дахь бүлэг сэдэвт хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах механик боловсруулах аргуудын талаар судална. Механик гэдэг нь бодисын химийн найрлагыг өөрчлөхгүйгээр бүтцэд нь өөрчлөлт хийх байдлаар дахин боловсруулж байгаа энэ арга юм. Энэ аргад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, технологийн талаар танилцуулга орж байгаа.
Гурав дахь дэд сэдэв нь химийн дахин боловсруулалтын тухай. Энэ бүлэгт химийн процесс буюу химийн найрлагыг өөрчлөх замаар дахин боловсруулах аргуудыг танилцуулсан.
Дөрөв дэх сэдвээр биологийн дахин боловсруулалт буюу ер нь биологийн хувьд задрах боломжтой хуванцар материал гэж юуг хэлэх вэ?, түүнийг яаж гаргаж авах боломжтой вэ? ямар техник технологи ашиглаж байна вэ? гэдгийг судлах юм.
- Оюутнууд танхимаар олж авсан мэдлэгээ бодит практик дадлага хийж, бататгах боломж Монголд бий юу?
Тийм боломж бүрэн бий. Эдгээр сэдвүүдийг лекцээр үзэхээс гадна 8 удаагийн семинарыг тусгасан. Үүнд мэтгэлцэх, кейс судалгаа хийх багийн ажлууд орсон.
Хуванцар боловсруулах технологи хичээл нь 3 багц цагийн 3 кредит хичээл. 32 цагийн лекц, 16 цагийн семинар, дадлага ажилтай. Мөн хуванцар материалыг дахин боловсруулахтай холбоотой хуванцрыг таних, холимог хуванцар материал таних, хүрээлэн буй орчинд тархсан макро, микро хуванцрыг тодорхойлох зэрэг туршилтын ажлуудыг хийх боломж бүрдэж байна.
2025 оны 2-р сард төсөл хэрэгжүүлэгч Каритас Чех Репаблик ОУТББ байгууллагаас Монгол Улсын Их Сургуульд хуванцар таних багажийн хүлээлгэн өгсөн. Энэ нь 12 төрлийн хуванцрыг таних, таньж тодорхойлсон дээрээ үндэслээд хуванцрыг дахин боловсруулах, шинэ бүтээгдэхүүн боловсруулах гэх зэрэгт ашиглах боломжтой. Үүнийг бас дахин боловсруулах үйлдвэр болон судлаач, оюутнууд нээлттэй ашиглаж болно.
- Олон улсад энэ чиглэлийн хичээлийг ямар улсуудад хэрхэн судалдаг вэ, энэ нь шинээр боловсруулсан хичээлийн агуулгад хэрхэн тусгагдсан бэ?
Хичээлийг боловсруулахдаа нэлээд судалгаа хийсэн. Ингэхдээ олон улсад ямар байдлаар хэрэгжиж байгааг гаднын их сургуулиудын материалыг авч үзсэн байгаа. Хоёрдугаарт нь дотоодод ажил олгогч буюу дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдээсээ судалгаа авсан.
Гаднын улс орнуудад сүүлийн хоёр жил "Хуванцар боловсруулах технологи" гэдэг хичээлийг сургалтын хөтөлбөртөө идэвхтэйгээр тусгаж өгсөн байдаг юм байна. Герман болон Дани, Энэтхэгийн зарим хими, хүрээлэн буй орчны инженер, материал судлалын ангиудад ийм агуулга тусгагдсан байдаг. Мэргэжлийн боловсролын сургалт, политехник коллежуудад яг хуванцар дахин боловсруулах чиглэлээр дагнасан мэргэжилтэн бэлтгэдэг хөтөлбөрүүд гарч ирсэн байна. Бид энэ агуулгуудыг харж байгаад ерөнхийдөө ийм 4 дэд бүлэг сэдэв бүхий 3 кредитийн хичээл байхад болох юм байна гэж үзсэн.
Дотоодын судалгаагаар болохоор бид гаднын орнуудтай харьцуулсан судалгаан дээр үндэслээд энэ хичээлээр олгох мэдлэг чадвар, хандлагыг тодорхойлсон. Мөн сэдвүүдээ тодорхойлж гаргаж ирсэн байгаа. Түүн дээрээ ажил олгогчдоосоо энэ тодорхойлсон сэдвүүд маань танай үйлдвэрийн одоо Монголд ашиглаж байгаа чиглэлтэй зохицож байна уу?, алийг нь илүү сайжруулах вэ?, алийг нь өөрчлөх хэрэгтэй вэ? гэдэг санал асуулгыг авсан. Түүн дээр үндэслээд зарим нэг зүйлсийг засаж сайжруулснаар сургалтын хөтөлбөр агуулга маань боловсруулагдсан.
- Оюутнууд шинэ хичээлийн агуулгыг хэзээнээс судалж эхлэх вэ?
Энэ хичээлийг МУИС, Монгол Германы Технологийн Их Сургууль болон ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь харьяа сургууль хамтраад боловсруулсан. Дарханы ХААИС-ийн хувьд “Хог хаягдлын менежмент” гэсэн хичээлийнхээ агуулгад хуванцар дахин боловсруулах агуулгыг тусгаж, үндсэн хичээлийн агуулгаа сайжруулж оруулсан. Одоо оюутнууд судлаад эхэлсэн байгаа. МУИС-ийн хувьд сонгон судлах хичээлд тусгаж оруулахаар саналаа өгсөн. Одоо хөтөлбөрийн хороогоор хэлэлцэгдээд явж байна. Хэрэв амжилттай болбол ирэх хичээлийн жилээс оюутнууд судлах боломжтой болно гэсэн үг. Германы Монголын Технологийн Их сургууль мөн хөтөлбөрийн хороогоороо хэлэлцүүлж байна.
- Энэ хичээлийг ямар чиглэлийн оюутнууд судлах боломжтой вэ?
Инженерчлэлийн салбарын тэр дундаа материал судлал, боловсруулах үйлдвэрлэлийн, химийн болон хүрээлэн буй орчны инженерчлэлийн салбарын оюутнууд сонгон судлах боломжтой. Байгаль орчинд бараг задрахгүй удаан хугацаагаар бай бохирдол үүсгэдэг материалыг түүхий эдийн эргэлтэд орж байгалийн шавхагдах нөөцийг хамгаалах, зүй зохистой хэрэглэх тойрог эдийн засгийн зарчимд суралцах, хуванцар материалыг хими, физик, механикийн аргаар дахин боловсруулах технологийн нөхцөлийг сурч мэдэх боломжтой. Хуванцар дахин боловсруулж буй үйлдвэрүүдэд мөн тодорхой чиглэлийн хичээлийг үзсэн төгсөгчийг авч ажиллуулах нь эргээд үйлдвэрийн бүтээмж, өсөлтөд эергээр нөлөөлнө гэж бодож байна.
Мэдээж багаж болгоны ажиллах горим нь хоорондоо ялгаатай байх болохоор ажлын байран дээрээ дадлага байдлаар суралцаад сайжраад явна гэсэн үг. Энэхүү хичээлийг зарим нэг үйлдвэрүүдтэй хамтран танилцах болон үйлдвэрийн дадлага хийх байдлаар зохион байгуулахыг зорьж байгаа.
Энэ хичээл маань зөвхөн их дээд сургуулийн агуулгаар хязгаарлагдахгүйгээр энэ агуулгыг ашиглаад мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд болон богино хугацааны сургалтын агуулгаар одоо ажиллаж байгаа дахин боловсруулах үйлдвэрийн ажилчдад сургалт зохион байгуулах бүрэн боломжтой болж байгаагаараа бас ач холбогдолтой.
- Ярилцсанд баярлалаа.