Б.Бадамцэцэг: Хандив гуйгаад гадаадад эмчлүүлж байгаа хүүхдүүдийнхээ араас улс нь "Яаж байна" гэж асуудаг ч үгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 25 төрлийн өвчнийг гадаадад эмчлүүлэхэд зардлынх 50 хувийг хувийг төрөөс олгодог байна. 

Харин бусад төрлийн хүнд өвчнийг гадаадад эмчлүүлэхэд ямар нэг дэмжлэг байдаггүй, ядаж л хандив цуглуулаад гадаадыг зорьсон хүүхдүүдийг "Яаж байна" гэж асуудаггүй хэмээн Сөүл их сургуулийн эмнэлэгт хоёр жил гаруй хугацаанд эмчлүүлж буй Б.Цэрэнлхам охины ээж Б.Бадамцэцэг өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ халаглаж байлаа. 

Хэдийгээр Б.Цэрэнлхам охины өвчнийг Монголд эмчлэх боломжтой гэсэн ч зарим эм нь энд байдаггүй учраас харь улсад эмчлүүлэхээс өөр аргагүй байгаагаа тэрбээр учирласан. Түүнчлэн Солонгос улсад эмнэлэгт үзүүлж, оношлуулахад Монголд эмчлэх боломжгүй 25 өвчний жагсаалтад орох өвчин байсныг ч хэллээ.

Иргэн Б.Бадамцэцэг "Монголд эмчлэх боломжтой гэсэн боловч манай хүүхэд Солонгост таван эм уудаг. Түүнийх нь гурван эм нь Монголд бий, хоёр нь байхгүй учраас өөрийн улсдаа эмчлүүлэх боломжгүй. Удахгүй хүүхэд маань түнхний хагалгаанд орох ёстой. Монголдоо хийлгэх талаар эмнэлэг, эмч нараас асуухад эмчлүүлж байгаа газартаа л хийлгэсэн нь дээр байхаа гэх хариу өгсөн.

Эмчилгээний визээр амьдардаг учраас ажил хийх эрх байдаггүй. Энэ бол ганц манай гэр бүлд биш маш олон айлд тохиолдож байгаа асуудал. Иймээс бүхэлд нь харж гарц гаргалгаа олоосой гэж Гадаад Харилцааны Яам(ГХЯ), Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ), Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ГБХНХЯ)-нд удаа дараа хандсан. Хийх гэж байна, одоо хийлээ гэхээс илүү бодит ажил болгохгүй Солонгос улсад эмчлүүлж байгаа 150 хүүхдийн ирээдүй хүнд байна. С-3-3 визээр гараад, очоод эмчилгээний G1 үнэмлэхтэй болж, виз сунгагдахад тэр улсын даатгал тусламж гээд юунд ч ордоггүй. Ямар ч гаргалгаа алга" гэж байв.

Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн салбарт, улс нь иргэдийнхээ төлөө цогц бодлогогүй байгааг шүүмжилж "Иргэдийнхээ төлөө бодлого байх хэрэгтэй. Ард иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулна гэчхээд хөрсний, агаарын бохирдолтой. Манай хүүхэд уушгины асуудалтай. Энэ агаарын бохирдолд хүүхдээ авчрахад хүнд. Гэлээ гээд би хүний нутагт шигдэж амьдармааргүй байна. Эх орондоо ирмээр байна. Монгол иргэншилтэй хүн Монголдоо амьдармаар байна шүү дээ. 

Хүннү хот нээлээ, захирагч томиллоо л гэнэ. Бид тэр шинэ хотод нь очиж амьдармаар байна. Гэтэл боломжгүй байгаа учраас бухимддаг.

Хандив цуглуулаад эмчлэгдлээ гэхэд бидний араас энэ хүүхэд яаж байгаа бол гэж ЭМЯ-наас, газар хэлтсийн дарга, эмч нь ч юм уу холбогддоггүй. Бид хүний нутагт ойд төөрсөн мэт л байдаг. Хандив гуйгаад яваад болоод байгаа мэт харагддаг ч өөрт байгаа хэрэгтэй бүхнээ зардаг, тэнд очоод хүүхдийнхээ амины төлөө л явдаг. 

Миний хүүхдийн адил G-80 оноштойгоор Солонгос руу гарсан хүүхдүүдийн ээж, аав 4,000 гаруй байна. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 14-15 мянган хүн халамж авч байна. Халамж хавтгайрсан юм биш. Бид эхийн хэвлийгээс ураг яагаад ингэж төрөөд байна гэдгийг тогтоодоггүй. Судалгаагаа хийж, иргэд соён гэгээрүүлэх хэрэгтэй. Бидэнд ямар ч мэдээлэл байдаггүй. Хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй төрөх хүртэл манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ийм их байдаг гэж мэддэггүй байлаа. Улс даяар над шиг зовлонтой ээж, аав маш их байгаа.

Эмийн чанарын асуудал үнэндээ газар хэвтчихсэн. Гадаадаас баахан мэдсэн мэдээгүй эм оруулаад ирдэг. Тогтолцоондоо, бүтцэдээ өөрчлөлт оруулаач. Эрүүл мэндийн салбартаа өөрчлөлт оруулмаар байна. Бидний төлөө ажиллана, бодлого боловсруулна гэж төрд гарсан хүмүүс нь ажлаа хийгээч гэж хэлмээр байна.

ЭМЯ-наас гаргасан журамд гадаадад эмчлүүлэх 25 өвчний жагсаалтад хүүхдийн эмчилгээнд 50 хувь, том хүнд 20 хувийг өгнө гэсэн байдаг. Гэтэл миний судалснаар Солонгос улсад тэр 20, 50 хувиа авсан аав ээж байдаггүй. Маш олон зүйл шаарддаг. Манай хүүхдийн Монголоос гарсан онош нь тэр 25-д байхгүй учраас буцаан олголт өгөхгүй гэдэг боловч Солонгост гарсан онош нь 25-д нь багтдаг. ЭМЯ-наас ямар нэг юм өөрчлөөд танайд өгнө гэдэг. Ингэж болохгүй. Ямар нэг юм гэж нэг хүний асуудал шийдэхээс илүү тогтолцоогоор нь өөрчлөх ёстой" гэв.