Энэтхэг улс Франц улсаас 26 ширхэг Rafale сөнөөгч онгоцыг 630 тэрбум рупигээр ($7.4 тэрбум) худалдаж авах гэрээг өчигдөр байгуулжээ.
Эдгээр нь Францын Dassault Aviation компанийн ганц суудалтай 22 ширхэг, хоёр суудалтай дөрвөн ширхэг сөнөөгч онгоцноос бүрдэх юм байна.
Энэтхэгийн агаарын зэвсэгт хүчний ашигладаг сөнөөгч онгоцнуудын ихэнх нь Оросын МиГ-29 байдаг боловч үүнээс өмнө нийт 36 ширхэг Rafale худалдан авч байжээ.
Нарендра Модигийн засгийн газар зэвсэгт хүчний шинэчлэлдээ $100 тэрбумыг зарцуулахаар төлөвлөөд байгаа.
Оросын тал өмнө нь Камов нисдэг тэрэг, Сухой сөнөөгч онгоцнууд нийлүүлэх санал удаа дараа тавьж байсан ч Энэтхэгийн эрх баригчид Францын онгоцнуудыг ийнхүү сонгосон байна.
Ер нь сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсын зэр зэвсгийн худалдан авалтад Оросын эзлэх хувь хурдтай багасаж байгаа.
Тухайлбал 2010-2014 онуудад Энэтхэгийн зэвсгийн нийлүүлэлтийн 72 хувийг Орос улс эзэлж байсан бол 2020-2024 онуудад 36 хувь болон буурсныг SIPRI (Stockholm Peace Research Institute) хүрээлэнгийн тайланд дурдсан байна.
Энэ нь 1960-1964 оны таван жилийн хугацаанаас хойш Энэтхэгийн зэвсгийн худалдан авалтад Оросын эзлэх хувь анх удаагаа талаас доош хэмжээнд хүрсэн тохиолдол ажээ.
2023 онд Энэтхэгийн засгийн газар Оросоос Ka226T нисдэг тэрэг, Су-30МКИ сөнөөгч онгоц худалдаж авах яриа хэлэлцээгээ зогсоосон юм.
Мөн Су-57 загвар дээр суурилсан тав дахь үеийн сөнөөгч онгоц хамтран бүтээх төслөө зогсоож байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!