Өмнөговийн Гурвантэс суманд байрладаг уурхайд хоолны хордлогын сэжигтэй тохиолдлууд бүртгэгдэж, 117 хүн ХӨСҮТ-д хэвтжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөговь аймгийн Цогтцэций болон Гурвантэс суманд байрладаг уурхайд хоолны хордлогын халдварын сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэнийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээлэв.

Эхний тохиолдлууд Цогтцэций суманд байрлах уурхайд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн. Тухайн үед ХӨСҮТ-д 119 хүн хэвтэн эмчлүүлснээс 91 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. 19-60 насны эдгээр хүнд усархаг шингэнээр суулгах, гэдэс базлах, халуурах зэрэг шинж илэрч байжээ. Уг газарт ХӨСҮТ-ийн баг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн ажилласан байна. Мөн Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, салбарын хяналтын төлөөлөл ажиллаж, зовуурь илэрсэн ажилтнуудаас шинжилгээ авах, орчин, хоол хүнс болон уснаас дээж авч шинжилж байгаа аж. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүмүүсээс шинжилгээ авахад Salmonell spp илрээд буй. 

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах уурхайд хоолны хордлогын сэжигтэй тохиолдлын дэгдэлт бүртгэгджээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа "Цогтцэцийд ажиллаж байсан манай шуурхай баг Гурвантэс суманд шилжин ажиллаж байна. Тухайн компанид ажиллаж байсан 20-50 насны хүмүүс өвдсөн. Одоогоор эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 117 хүн ХӨСҮТ-ийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Хоол хүнс, орчин, уснаас дээж авч шинжилж байгаа. Урьдчилсан байдлаар Salmonell spp илэрсэн" гэлээ. 

Salmonell-ийн бүлгийн нянгууд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, цөцгийн тос, өндгөнд үрждэг бөгөөд усанд хоёр сар, хөрсөнд 4-5 жил, тасалгааны тоосонцорт гурван сар, хуурай ялгадсанд 2-4 жил амьдардаг байна. 

Энэхүү нянгийн халдвараас сэргийлэхийн тулд "Хувь хүмүүс ариун цэвэр, эрүүл ахуйн дадал хэвшлээ зөв байлгах, олон хүний хоол хүнсийг хариуцаж буй албан байгууллага нь хяналттай байх, баталгаат газраас хүнсний бүтээгдэхүүнээ авч, зөв хадгалах, зөв технологиор боловсруулах дэглэмээ баримтлах ёстой" хэмээн Н.Сувдмаа эмч зөвлөлөө.

зураг