Афганистан улстай харилцаагаа хэвийн болгох бодлогын хүрээнд Орос улсын эрх баригчид өчигдөр Талибаныг террорист байгууллагын жагсаалтаас хасах шийдвэр гаргажээ.
Москва сүүлийн хорь гаруй жилийн турш тус байгууллагыг “террорист” ангилалд багтааж байсан юм.
2021 оны наймдугаар сард АНУ-ын цэрэг Афганистанаас гарсны дараа тус улсын засгийн эрх Талибанчуудын гарт шилжсэн.
Одоогоор дэлхийн ямар ч улс Талибаны засгийн газрыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа.
Харин Оросын эрх баригчид тэдэнтэй алхам алхмаар харилцаагаа бэхжүүлсээр байна.
Өнгөрсөн онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин терроризмтой тэмцэх үйлсэд Талибаныг холбоотноо болгож буйг зарлаж байв.
Орос улс 2003 онд Талибан хөдөлгөөнийг террорист байгууллагын жагсаалтдаа албан ёсоор нэмж байжээ.
2024 оны гуравдугаар сард Москвагийн ойролцоох концертын танхимд зэвсэгт этгээдүүд халдах үеэр 145 хүний амь үрэгдэж байв. Уг халдлагыг Исламын Улс байгууллага үйлдсэнээ хүлээсэн юм.
Зэвсэгт этгээдүүд Исламын Улс байгууллагын Афганистан дахь салбар Хорасан (Isis-K) бүлгийн гишүүд байсныг АНУ-ын тагнуулын албаныхан тогтоосон тухай Вашингтоны эх сурвалж тухайн үед мэдээлж байжээ.
Одоо Талибаны засгийн газар уг бүлгийг Афганистаны нутаг дэвсгэрээс устгахаар ажиллаж байгаа гэдэг.
Өрнөдийн орнууд Талибаны эрх баригчдын эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан бодлого, үйл ажиллагаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөд нь гол саад болж байгаа гэж үздэг.
Талибанчууд засгийн эрхийг авсныхаа дараа охид бүсгүйчүүдийн сурч боловсрох эрхийг хааж, эрэгтэй харгалзагчгүйгээр олон нийтийн газарт зорчихыг нь хориглосон юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
122 СЭТГЭГДЭЛТЭЙ
|