Монгол улсын нутгаар хий дамжуулах “Сибирийн Хүч 2” төслийн оронд Оросын эрх баригчид өөр нэг төсөл санал болгосныг Хятадын тал хүлээж авахаас татгалзсан тухай Интерфакс агентлаг мэдээлжээ.
“Сибирийн Хүч 2” төслийн яриа хэлэлцээ үр дүнд хүрэлгүй зогссоны дараа 2024 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын засгийн газрын шадар сайд Александр Новак өөр нэг төслийг Хятадын талд танилцуулсан юм байна.
Энэ нь Казахстаны нутгаар дамжуулан Хятадын зах зээлд жил бүр 45 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх төсөл байжээ.
“Казахстаны нутгаар дамжуулан Оросоос хий дамжуулах төсөл хэрэгжих боломжгүй. Учир нь ганцхан хоолойд хэтэрхий их ачаалал оногдохоор байна. Хэрвээ энэ замаар Оросоос хий авбал бид шинэ дамжуулах хоолой байгуулах хэрэгтэй болно. Ингэвэл хэтэрхий өндөр зардалтай” гэж ОХУ-д суугаа Хятадын элчин сайд Жан Ханьхуй ярьсныг Интерфакс уламжилсан байна.
2022 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хийн нийлүүлэлтээ жилийн 100 тэрбум шоо метрт хүргэх саналыг Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинд анх тавьж байв.
Энэ нь Газпромын алдсан Европын зах зээлийг Хятадаар орлуулах зорилготой байжээ.
Гэсэн хэдий ч Бээжингийн эрх баригчид саналыг хүлээж авахаас татгалзсан хэвээр байгаа.
Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Хятадын тал “Сибирийн Хүч 2” хоолойгоор нийлүүлэгдэх хийн үнэ тарифыг Оросын дотоодын тарифтай ижил түвшинд буюу мянган шоо метр тутамд $60 байлгах нөхцөл тулгасан гэдэг.
Одоо “Сибирийн Хүч 1” хоолойгоор нийлүүлэгдэж буй хийн тариф мянган шоо метр тутамд $260 байдаг юм байна.
Өнгөрсөн онд Газпром 31 тэрбум шоо метр байгалийн хий Хятадын зах зээлд нийлүүлжээ. Энэ нь Европын Холбоонд нийлүүлдэг байсан хийн 15 орчим хувь юм байна.
Газпром оргил үедээ Европын Холбоонд жилийн 200 тэрбум шоо метр хий нийлүүлдэг байжээ.
Газпром энэ онд “Сибирийн Хүч 1” дамжуулах хоолойн дээд багтаамжид тулгаснаар нийлүүлэлтээ 38 тэрбум шоо метрт хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Эх сурвалж: Интерфакс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!