Азийн Хөгжлийн Банк(АХБ)-наас Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал 2025, 2026 онуудад ямар байх талаар төсөөллөө өчигдөр танилцуулсан.
Тодруулбал "2025 онд эдийн засгийн өсөлт 6.6 хувь, 2026 онд 5.9 хувь байх төсөөлөл гарсан. Үүнд үйлчилгээний салбарын болон уул уурхайн салбар, ялангуяа Оюутолгойн гүний уурхайн олборлолт үйлдвэрлэл чухал нөлөөлнө гэж харж байгаа" хэмээн АХБ-ны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргил хэлсэн билээ. Гэхдээ эдгээр төсөөлөл нь оны эхний гурван сарын үзүүлэлтүүдэд тулгуурласан бөгөөд их гүрнүүдийн худалдааны тарифын өөрчлөлтүүдийг тусгаагүйг тодотгосон.
Харин учирч болох эрсдэлийн талаар "Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ огцом унах эрсдэл байхыг үгүйсгэхгүй.
БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналттай хэвээр байна. Тус улсын зах зээл дээр гангийн эрэлт буурч байгаа тул Монгол Улсын төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ, экспортын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл бий.
Цаг уурын нөлөөнөөс хамаарч малын тоо толгой төсөөлж байгаа хэмжээнд хүрч өсөхгүй, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт удаашрах эрсдэлтэй.
2025 оны жилийн дундаж инфляц 9.1 хувьтай байна гэж тооцсон ч үүнээс өндөр гарвал мөнгөний бодлогын улам чангаруулах нөхцөл байдал үүсэж магадгүй.
Дэд бүтцийн бүтээн байгуулалт болон хувийн хөрөнгө оруулалттай уул уурхай, эрдэс баялгийн салбарт хэрэгжихээр төлөвлөгдсөн томоохон төслүүдийн хэрэгжилт удааширвал эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй" гэлээ.
Харин их гүрнүүдийн тарифын өөрчлөлтийн нөлөө эцэслэгдээгүй, шинэчлэн зарласаар байгаа тул Монгол Улсад хэрхэн нөлөөлөхийг таамаглахад хүндрэлтэй байгааг тэрбээр мөн дурдсан. Тодруулбал "Шууд үзүүлэх нөлөө нь бага. Монгол Улс 2023 онд АНУ руу гаргасан экспорт нь манай улсын нийт экспортын 0.24 хувийг эзэлсэн. Ийм бага хувийн экспортод тарифын өсөлтийн нөлөө бага байна гэж харж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|