З.Мөнх-Оргил: Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.6%, 2026 онд 5.9% өсөх төлөвтэй байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн Хөгжлийн Банк(АХБ)-наас өчигдөр "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайлангийн энэ оны шинэ дугаараа танилцууллаа. 

Үүнээс Монгол Улсын эдийн засгийн төлөвийг онцолъё. 

АХБ-ны Ахлах эдийн засагч З.Мөнх-Оргил "Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг байна гэж харж байгаа. Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий өсөлт 2023 онд 7.4 хувь байсан бол 2024 онд 4.9 хувь байлаа. Өмнөх жилээсээ өсөлтийн хувь буурсан нь хөдөө аж ахуйн салбар агшилтаас шалтгаалсан. Хэрэв зудаас улбаатайгаар хөдөө аж ахуйн салбар агшаагүй байсан бол эдийн засгийн өсөлт 2024 онд өмнөх жилтэйгээ ижил болон түүнээс дээш хувьтай байх байсан тухай тооцооллыг үндэслэн 2024 онд эдийн засгийн өсөлт эерэг, мөн ирэх жилүүдэд ч өсөлт үргэлжилнэ гэж харж байна. 

Тодруулбал 2025 онд эдийн засгийн өсөлт 6.6 хувь, 2026 онд 5.9 хувь байх төсөөлөл гарсан. Үүнд үйлчилгээний салбарын болон уул уурхайн салбар, ялангуяа Оюутолгойн гүний уурхайн олборлолт үйлдвэрлэл чухал нөлөөлнө гэж харж байгаа.

Инфляцын тухайд энэ жил өндөр инфляцтай байхаар харагдаж байна. 2025 оны жилийн дундаж инфляцын түвшин 9.1 хувь, 2026 онд 7 хувь байх төлөвтэй байна. Эдийн засгийн өсөлтийг эергээр харж байгаа ч сөргөөр нөлөөлөх эрсдэл бий. Тухайлбал түүхий эдийн үнийн бууралт, инфляцын дарамт, худалдааны зөрчлөөс үүдэх дам нөлөө голлоно" гэлээ.