Урантай холбоотойгоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумын байгаль орчин, мал амьтанд нөлөөлөл үзүүлж байгаа эсэхийг хянаж шалгах ажлын хэсэг байгуулагджээ.
Олон талын байгууллагын төлөөлөл багтсан уг ажлын хэсэг. 2025 оны гуравдугаар сарын 25-нд газар дээр нь ажиллаж, авсан дээжүүдээ шинжлэн гарсан хариуг өнөөдөр танилцуулав. Тэд ургийн гажигтай төрсөн гэх мал, ус, хөрс, бэлчээрээс дээж авсан байна.
Мал Эмнэлгийн Ерөнхий Газар(МЭЕГ)-ын дарга Б.Болдбаатар "Ажлын хэсэгт аймгийн Мал эмнэлгийн газрын лабораторийн бүтэн баг явсан. Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн дутуу төрсөн ихэр хээл, мөн н.Батбаатар хэмээх малчны ургийн гажигтай төрсөн хурганаас дээж авч шинжиллээ. Шинжилгээг эд эрхтэнд цацрагийн болон хүнд металлын үлдэгдлийг үздэг. Ингэхэд цацраг идэвхт бодис аль алинаас илрээгүй. Хоёрдугаарт элэг, бөөрөнд хийсэн шинжилгээнд хүнд металлын илэрц нь хэвийн хэмжээнээс даваагүй. Иймээс ямар нэг химийн гаралтай хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэх бололцоогүй.
Ургийн гажиг бол жил бүр янз янзын тоотойгоор тохиолддог. Тухайлбал энэ жил он гарснаас хойш Баян-Өлгийн аймгийн Улаанхуст суманд нийлсэн ихэр гэж ярьдаг, хоёр толгойтой болчихсон нэг ихэр дутуу хээл, толгойн гажигтай ишиг бүртгэгдсэн байна. Он гарснаас хойш МЭЕГ-т албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлууд нь энэ.
Нэг удаагийн шинжилгээ хийгээд ургийн гажиг юунаас болсныг бүрэн тогтоох бололцоо муутай.
Ер нь ургийн гажиг бол биологийн, химийн, физикийн, механик хүчин зүйлээс хамаардаг. Ялангуяа мал аж ахуйн хувьд мал үржлийн ажлыг эмх замбараагүй болгосон, төрөл ойртох, цус ойртох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг. Одоогийн байдлаар ердийн тохиолддогоос ихэссэн, давтамж нэмэгдсэн бүртгэл байхгүй" хэмээв.
Усны Газрын дарга З.Батбаяр "Ураны асуудалтай холбоотойгоор гадар доорх усны чанарын мониторингийг анх удаа хийх гэж байна. Өмнө нь газрын доорх усны мониторинг хийх нь цооногийн түвшний бууралтын тухай асуудал байсан.
Харин Улаанбадрах суманд ураны үйл ажиллагаа эхлэх хүртэл тухайн үйл ажиллагаа явуулах компани нь өөрийн лицензийн талбайдаа мониторингийн цооногуудыг хийнэ. Энэ бол лицензийн талбай доторх мониторинг. Мөн лицензийн талбайгаас гадна газрын доорх усны нөөцийн байдал, урсцын шинж чанараас хамаараад урсцыг угтуулсан байдлаар мониторингийн сүлжээ байгуулах юм. Энэ сүлжээг байгуулсан цагаас эхлээд ураны үйл ажиллагаа явагдсанаар газрын доорх усны чанарт ямар нөлөө үзүүлж байгааг бүрэн хянана.
Өөрөөр хэлбэл ураны үйл ажиллагаатай холбоотойгоор Монгол Улсад газрын доорх усны чанарын мониторингийн сүлжээг анх удаа байгуулах гэж байна. Дээр дурдсан ажлын хэсэгт манайхаас төлөөлөл багтаж, Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах суманд ажиллаж таван цэгээс дээж авч шинжиллээ. Цаашид энэ таван худгаас тогтмол дээж авна. Учир нь нэг удаагийн шинжилгээгээр бүрэн хэлэх боломжгүй байдаг.
Ажлын хэсэгт цөмийн энергийн салбар чиглэлийг төлөөлж, Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам, Цөмийн Энергийн Комиссын Ажлын алба, Стандарт, Хэмжил Зүйн Газрын шинжээчид багтжээ.
Тэд хүн малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд цацрагийн сөрөг нөлөө байгаа эсэхийг тодруулахаар Сайншанд, Улаанбадрах сумын нэр бүхий малчин иргэдийн хаваржаа, ойр орчмын хүн малын ундаалдаг гар худаг, малын хашаа, бэлчээр зэрэг нийт 13 цэгт гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж, тус цэгүүдээс байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотоп тодорхойлохоор хөрсний 14 дээж, ундны усны долоон дээж, судалгааны зорилгоор усны долоон дээж авчээ.
Дүгнэлтийг Улсын ахлах байцаагч н.Цэрэнчимэг танилцуулав. Тэрбээр "Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тус бүс нутгийн хүн малын ундаалдаг гүний худаг, малын хашаа, бэлчээрт хийсэн гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүн нь байгалийн дэвсгэр түвшинд байна.
Мөн Стандарт, Хэмжил Зүйн Газрын үндэсний лавлагаа лабораторид хүргүүлсэн хөрс, усны дээжүүдийн шинжилгээний дүн цацрагийн аюулгүйн нормд заасан түвшинд, ундны усны цацрагийн аюулгүйн үзүүлэлтээс хэтрээгүй байсан" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!