Сүүлийн өдрүүдэд тэрбумтан Илон Маск одоо Трампын засаг захиргаанд хашиж байгаа албан тушаалаасаа татгалзаж магадгүй тухай яриа тараад байгаа.
Тэрбээр АНУ-ын холбооны засгийн газрын төсвийн үр ашигтай байдлыг хариуцсан Doge хэмээх агентлагийг удирддаг.
Маскийн үйл ажиллагаа олон нийтийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарч, энэ нь түүний хувийн бизнест сөргөөр нөлөөлөх болсон.
Түүний албан тушаалын статус “засгийн газрын тусгай ажилтан” бөгөөд хуулиараа энэ нь 130 хоногийн хугацаатай байдаг гэнэ.
Хэрвээ Трампын тангараг өргөсөн өдрөөс эхлэн тоолбол Маскийн ажиллах хугацаа тавдугаар сарын сүүлээр дуусах юм.
Хэвлэлүүдээр бичигдэж байгаа хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа татгалзах тухай мэдээг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт “дэмий яриа” гэж няцаасан.
Лхагва гарагт Маск үүнийг бас үгүйсгээд “Doge-ийн гайхамшигтай ажил дуусмагц төрийн тусгай ажилтны албан тушаалаа хүлээлгэж өгнө” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Тэгвэл АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс өчигдөр Fox News сувгаар ярихдаа “Doge агентлагт хийх ажил их байгаа. Илон явсан ч энэ ажил үргэлжилнэ. Гэхдээ Илон цаашдаа ерөнхийлөгч бид хоёрын найз нөхөр, зөвлөх хэвээр байх болно” гэж хэлсэн байна.
“Илоныг ирэхэд бид засгийн газрыг илүү оновчтой ажилладаг болгох, хүнд суртлыг арилгах, зардлыг бууруулах шаардлагатай байгааг түүнд хэлсэн. Тэгээд Илон зургаан сарын дотор энэ бүхнийг хийхээр бидэнтэй тохиролцсон. Гэхдээ Doge-ийн ажил дуусах яагаач гүй байна” гэж Вэнс цааш нь ярьжээ.
Энэ долоо хоногийн эхээр Висконсин мужийн дээд шүүхийн шүүгчийн сонгуульд Илон Маск консерватив нэр дэвшигчийг олон саяар дэмжиж, уг сонгуулийг АНУ-ын шүүх засаглалын түүхэнд хамгийн өндөр өртөгтэй сонгууль болгосон юм.
Гэхдээ түүний дэмжсэн нэр дэвшигч Ардчилсан Намын дэмжлэгтэй либерал шүүгч Сюзан Крауфордод ялагдсан билээ.
Ялалтаа зарлахдаа Крауфорд “Би Висконсин мужид шударга ёс тогтоох сонгуульд дэлхийн хамгийн баян хүнтэй өрсөлдөнө гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Гэсэн ч бид яллаа!” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
|