Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн бараг бүх улсын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноох шийдвэрээ зарласан билээ.
Үүний улмаас өчигдөр Азиас эхлээд Европ, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд дараалан унасан байна.
Тухайлбал Америкийн хамгийн том 500 компанийн үзүүлэлтийг харуулдаг S&P 500 индекс 4.8 хувиар унасан нь 2020 оны цар тахалтай холбоотой уналтаас хойших хамгийн огцом уналт байлаа.
Бусад индексүүд Dow Jones 4 хувиар, Nasdaq 6 орчим хувиар тус тус унасан байна.
Nike, Apple, Target зэрэг бараа бүтээгдэхүүн нь импортоос хамааралтай томоохон компаниудын хувьцааны ханш тус бүр 9-өөс дээш хувиар унажээ.
Трампын худалдааны дайны гол бай болсон Хятад улс, Европын Холбоо хоёр өчигдөр АНУ-ын импортын барааны эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.
Дэлхийн Худалдааны Байгууллага болж буй үйл явдалд “маш их санаа зовж байгаа”-гаа илэрхийлээд дэлхий дахины худалдааны хэмжээ энэ онд нэг хувиар буурах төлөвтэй байгааг мэдэгджээ.
Олон арван жилийн турш АНУ-ын тэргүүлсэн либералчлал өнөөдрийн дэлхийн худалдааны дэг журмыг бий болгосон юм.
Энэ үйл явцыг буцаах нь зөв эсэхийг өчигдөр сэтгүүлчид Трампаас асуухад “Маш сайн үр дүн гарна гэж би бодож байна. Энэ бол өвчтөнийг хагалгаанд оруулахтай адил үйл явдал. Би яг ийм үзэгдэл болно гэдгийг хэлж байсан. Зах зээл удахгүй өснө. Хувьцааны ханш өснө. Улс орон маань үсрэнгүй хөгжих болно” гэж хэлжээ.
Одоо АНУ-ын компаниуд импортын өндөр татварыг өөрөө бүрэн хариуцах, эсвэл түншүүдтэйгээ хуваалцах, эсвэл үнээ өсгөн хэрэглэгчдэдээ үүрүүлэх гэсэн хэцүү сонголттой тулгарч байна.
Аль ч тохиолдолд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой байгаа.
АНУ-ын хэрэглээний зардал дэлхийн эдийн засгийн 10-15 хувийг эзэлдэг тул маш их нөлөөтэй байдаг.
Лхагва гарагт Трамп бас АНУ-д импортолдог бүх автомашинуудад 25 хувийн татвар оноох шийдвэр гаргасан юм.
Jeep, Fiat зэрэг брэндүүдийг эзэмшдэг Stellantis компани Мексикийн Толука, Канадын Уиндсорт байдаг үйлдвэрүүдээ түр хугацаанд зогсоож байгааг өчигдөр зарлажээ.
Үүний улмаас дээрх үйлдвэрүүдтэй холбоотой ажилладаг АНУ дахь таван үйлдвэрийнхээ 900 ажилчныг түр халахаар болсон байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
111 СЭТГЭГДЭЛТЭЙ
|