АНУ-ын Висконсин мужийн дээд шүүхийн шүүгчийн сонгуульд Ардчилсан Намын дэмжсэн нэр дэвшигч ялалт байгуулсан нь өчигдөр тодорхой болжээ.
Энэ сонгууль нь АНУ-ын шүүхийн сонгуулийн түүхэнд хамгийн өндөр зардалтайгаараа дээд амжилт тогтоосон юм.
Либерал нэр дэвшигч Сюзан Крауфорд консерватив өрсөлдөгч Брэд Шимелийг ялснаар Висконсин мужийн дээд шүүх дэх Ардчилсан Намын суудлын давамгайлал 4:3 харьцаатай хэвээр үлдэж байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп, түүний шадар хүн Илон Маск нар Шимелийг хүчтэй дэмжиж байлаа. Энэ сонгуульд хоёр өрсөлдөгч нийтдээ $100 гаруй саяын зардал гаргасны $20 саяыг Маск дангаараа гаргажээ.
Мужийн дээд шүүх нь 2026 оны Конгрессын завсрын сонгууль, 2028 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяанд нөлөөлөх чухал шийдвэрүүдийг гаргах тул маш чухал ач холбогдолтой юм.
Висконсин нь өнгөрсөн оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдсэн долоон “хувьсагч” мужуудын нэг байв. Трамп энд өрсөлдөгчөө нэг хүрэхгүй нэгж хувийн зөрүүгээр ялсан юм.
Тиймээс Маск “Харьцангуй жижиг мэт энэ сонгууль Өрнөдийн соёл иргэншлийн хувь заяаг шийдэх хачирхалтай нөхцөл байдлыг үүсгэж байна” гэж Мягмар гарагт сошиал хуудсандаа бичиж байв.
Саналын хуудасны ихэнхийг тоолж дууссаны дараах байдлаар Крауфорд 54 хувь, Шимел 45 хувийн санал авсан нь тодорхой болжээ.
Сонгуульд ялсныхаа дараа Крауфорд үг хэлэхдээ “Шударга ёсонд үнэ ханш байдаггүйг Висконсин өнөөдөр чангаар хэллээ. Манай шүүхийг худалдаж авах боломжгүй” гэж мэдэгдсэн байна.
Ардчилсан Намын сенатор Элизабет Уоррен “Висконсин худалдагдахгүй. Манай ардчиллыг худалдан авах боломжгүй. Бид тулаанд яллаа” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд Трампыг ялуулахын тулд их хэмжээний мөнгө зарцуулж байсан Маск энэ удаа бас ижил арга хэрэглэхийг оролдсон нь бүтэлгүйтэж байна.
Дональд Трампын хувьд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялснаасаа хойш анхны томоохон ялагдал амссан нь энэ юм.
Сонгуулийн дүн гарсны дараа Маск “Би ялагдахаа мэдэж байсан. Гэхдээ байр сууриа бэхжүүлэхийн тулд ялагдал хүлээх нь үнэ цэнтэй юм” гэж X хуудсандаа бичсэн байна.
Тэрбээр өнгөрсөн Ням гарагт Висконсинд ажиллахдаа либерал шүүгчийн эсрэг хөдөлгөөнд нэгдсэн хүмүүсийн дундаас хоёр азтаныг тус бүр $1 саяын чекээр шагнасан юм. Бас уг хөдөлгөөнд нэгдсэн хүн бүрд $100 тараажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!