Монголын баримт шалгах төв, Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвийн хийсэн Монгол дахь оросыг дэмжигч хуурамч мэдээлэл, нарративыг ойлгох нь: Сошиал медиа мониторингийн тайланг танилцуулж байна.
Тус судалгаагаар Оросыг дэмжсэн худал мэдээлэл, нарратив түгээх зохион байгуулалттай кампанит ажил нь Монгол дахь цахим хэлэлцүүлэгт хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.
Судалгааны хүрээнд сонгон авсан Оросыг дэмжигч хаягуудын хэлэлцүүлэг, түгээж буй нарративуудыг нь сүүлийн нэг жилийн хугацаанд буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл мөшгөн 3,884 фэйсбүүк постод Орос-Монголын харилцааны гол асуудал, үйл явдалтай холбоотой худал мэдээлэл, Оросыг дэмжсэн нарративуудыг ямар хэмжээнд, хэрхэн түгээсэн талаар танилцуулсан байна.
Хамгийн идэвхтэй нарративуудад хамаарах пост түгээсэн эхний таван хаяг нь Batnasan Darjaa, Bolormaa Natsagdorj, Saagii Sansar, Zorigtbaatar Nergui, Жамъяан Долгор гэсэн хаягууд байна.
Дээрх хаягууд нь хамгийн идэвхтэй оросыг дэмжсэн нарратив, мэдээллийг түгээдэг ба хамгийн тэргүүнд жагсаж буй хаягууд нь хувь хүний буюу Оросын суртал ухуулга, байр суурийг сурталчилсан албан ёсны төлөөлөгч хаяг биш юм. Харин Aist TV гэх хуудас нь Эрхүүд байрлалтай АИСТ телевиз нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 2024 хоёрдугаар сараас эхлэн Орос-Монголын хамтарсан телевизийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Batnasan Darjaa гэх хаяг Оросыг дэмжсэн, Украины талаарх, Барууны орнуудын эсрэг цаашлаад дотоодын улс төрийн агуулгуудаар их пост түгээсэн байна.
Нийт судалгаанд оролцсон хаягууд нь 2024 оны зургаадугаар сард хамгийн өндөр идэвхжилтэй байсан бол тус оны гуравдугаар сард идэвхжил хамгийн бага цаашлаад зургаадугаар сарын өсөлт долдугаар сард огцом унасан байдалтай байна.
Харин жилийн эцсээр буюу арванхоёрдугаар сард идэвхжил буцаж сэргэсэн байна.
2024 оны долдугаар сараас хойш харьцангуй идэвх суларсан байсан хаягууд 2025 оны нэгдүгээр сард эргэн идэвхжиж эхэлсэн нь Монгол Улсын Засгийн газар Францын Орона компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хугацаатай давхцаж байна.
6, 9, 12-р сард өндөр идэвхжилтэй буюу хандалт ихтэй байсан нь Монгол Улс дахь УИХ-ын сонгуультай холбоотой улс төрийн үйл явц 5-р сард эхэлсэн, Путины айлчлал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, хүний паппилома вирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр Монголд эхэлсэн хугацаатай давхцаж байна.
Хандалтын датаг реакц буюу сэтгэл хөдлөл, коммент, шэйрээр харгалзуулбал сонгогдсон хаягууд нь ихээхэн реакц, шэйр авч байсан бол коммент төдийлөн авдаггүй харж болно. Оросыг дэмжигч хаягууд нь онлайн хэлэлцүүлэг үүсгэхээсээ илүүтэй тодорхой тооны дагагчдаа ашиглан мэдээлэл түгээлгэх, реакц өдөөх зорилготой мэдээлэл түгээдэг байна. Мөн энэ нь бодит нийгмийн харилцаа үүсгэдэггүй, бодит бус дагагчидтай, зохиомол хаягуудын зан төлөвтэй нийцэж байгаа юм.
Saagii Sansar, Zorigtbaatar, Nergui, Аминаагийн аав, Жамьяан Долгор, Bolormaa Natsagdorj, Гашуун үнэн зэрэг хаягууд өндөр хандалт цуглуулсан байна. Эдгээр хаяг нь Оросыг дэмжсэн агуулгуудыг идэвхтэй түгээхийн зэрэгцээ өндөр хандалт хүлээж авах мэдээллийг байнга түгээдэг байна.
Хамгийн өндөр хандалттай постууд нь голдуу Оросыг дэмжсэн, Хятадын эсрэг, Украин ба дайны тухай нарративуудад төвлөрсөн байна.
Монгол Орос болон олон улс дахь улс төрийн чухал үйл явдлууд нарративын идэвхжилд нөлөөлснийг харж болно.
Кэйс шинжилгээнд дэвшүүлсэн 10 сэдэвт хамруулсан постуудаас 10 постыг сонгон авч, кэйс тус бүр дээр нарративуудыг илэрхийлэх постуудыг танилцуулсан байна.
Дараах кейс шинжилгээнүүдээс Оросын талыг баримталсан агуулгууд ажиглагдаж байна. Хуйвалдааны онол болон баримтгүй, хуурамч мэдээллийг ашиглах үзэгдэл түгээмэл байна. Дэмжигчдийн өрөөсгөл хандлагыг дэвэргэх хандлага түгээмэл байна. Эдгээр сувгууд нь өөр бусад сувгийн мэдээлэл түгээх гол эх сурвалж болж, бусад сувгууд нь тэдгээрийг дэмжигч хэлбэрээр ажиллаж, олон удаа хуваалцсан постуудыг зохион байгуулалттайгаар олон гишүүнтэй группүүдээр хуваалцсан байдлаас ажиглагдлаа.
Судалгааны дүгнэлт:
Зохион байгуулалттай түгээж буй нарративуудаас хамгийн их нь Оросыг дэмжсэн агуулга байсан ба нийт 841 пост энэ ангиллын мэдээллийг оруулсан байна. Ихэвчлэн “Орос бол агуу гүрэн”, “дэлхий нийтээр Оросоос айж байгаа" гэх буюу технологи, зэвсэглэлээр тэргүүлэгч улс гэж сүр хүчийг мэдрүүлэх зорилготой мэдээллүүд, үүн дээр нэмээд “орос ах нарын Монгол дахь бүтээн байгуулалт”, “хуучны цагт буюу социализмын үед орос ах нарын дэмжлэгт сайхан нийгэм байсан” гэх мэт агуулга энэ нарративт багтаж байна.
Судалгаанд авагдсан хаягуудын оруулсан постуудын нийт хандалт нь 475,006 бөгөөд үүнээс реакц 278,757, шэйр нь 162,372 байсан бол коммент нь 33,877 байна. Коммент бага байгаа нь энд хүн хоорондын бодит хэлэлцүүлэг бага өрнөснийг харуулж байна. Реакц, шэйр өндөр байгаа нь олон нийтийн сэтгэл хөдлөлийг өдөөсөн мэдээллүүд оруулж, түүнийгээ цааш нь олон удаа хуваалцах буюу органик бусаар идэвхжүүлснийг харуулж байна. Дотоодын улс төр, Ураны эсрэг мэдээллийг хамгийн идэвхтэй түгээсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!