Уншиж байна ...

Германы намууд өрийн хязгаараа цуцалж, батлан хамгаалах зардлаа өсгөх тохиролцоонд хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 19 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Герман улсын дараагийн канцлер болох гэж буй Фридрих Мерц ирэх 12 жилийн хугацаанд батлан хамгаалах, аюулгүй байдлын зардлаа өсгөхийн тулд бусад намуудтай өрийн хязгаарыг цуцлах тохиролцоонд хүрснээ өчигдөр зарлажээ.

Мерцийн консервативууд болон тэдэнтэй эвсэж засгийн газар байгуулахаар болсон Социал Демократ намынхан өчигдөр засгийн газрын өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувиас хэтрүүлэхгүй байх хязгаарыг цуцлахаар Ногоон намтай тохиролцсон байна.

Ингэснээр Герман улс батлан хамгаалах зардлаа урьд өмнө байгаагүй хэмжээнд хүргэж өсгөхөөс гадна дэд бүтцийнхээ шинэчлэлтэд 500 тэрбум еврогийн хөрөнгө оруулах боломжтой болжээ.

“Герман буцаж ирлээ” гэж хэлсэн Мерц энэхүү тохиролцоо нь холбоотнууд болон дайснууддаа Герман улс өөрийгөө хамгаалахад бэлэн болсныг илэрхийлж буйг мэдэгдсэн байна.

Өрийн хязгаарыг канцлер Ангела Меркель 2009 онд тогтоож байжээ. Бас засгийн газрын шинээр авах зээлийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 0.35 хувиар хязгаарлаж байв.

Сүүлийн жилүүдэд эдийн засагчид болон хөрөнгө оруулагчид Герман улсад өрийн хязгаараа цуцлахыг уриалж байсан юм.

Трампын засаг захиргаа АНУ-ын уламжлалт гадаад бодлогыг өөрчилж, Европын холбоотнуудтайгаа харилцаагаа муутгасан цаг үед Герман улс ийнхүү өөрчлөгдөж байна.

Пүрэв гарагт парламентад үг хэлэхдээ Мерц “Батлан хамгаалах зардлыг өсгөхийг цаашид хойшлуулах нь маш хариуцлагагүй явдал болно” гэж анхааруулж байв.

Өрийн хязгаарыг цуцлахын тулд Германы парламентын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг авах шаардлагатай.

Ногоон нам өмнө нь энэ санааг эрс эсэргүүцэж байсан юм. Мерц дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулах мөнгөнөөсөө 100 тэрбум еврог уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулахаар Ногоон намд амласнаар тохиролцоонд хүрч чаджээ.

Хоёрдугаар сард болсон сонгуульд Мерцийн консерватив намуудын эвсэл хамгийн олон санал авсан юм.

Уг сонгуулиар байгуулагдсан шинэ парламентын эхний чуулган гуравдугаар сарын сүүлээр хуралдана.

Шинэ парламентад суудал авсан хэт барууны AfD болон хэт зүүний Die Linke намууд Мерцийн төлөвлөгөөг эсэргүүцэж, батлагдахад нь саад учруулахаар бэлдэж эхэлжээ.

 

Эх сурвалж: Aljazeera