“Харанга" хамтлагийн ахлагч, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Энхманлайг сүүлчийн замд нь үдэх ёслол өнөөдөр /2025.5.12/ боллоо.
Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай нь 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр зуурдаар таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, анд найз, төрөл төрөгсөд төдийгүй Монголын хөгжмийн урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.
Ц.Энхманлай нь 1956 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотноо мэндэлж, 1974 онд ерөнхий боловсролын дунд сургууль, Төмөр замын техникумийг дүүргэж, 1975 оноос ажлын гараагаа эхлүүлж УБТЗ-ын ажилчин залуусын “Ногоон гэрэл” хамтлагт хөгжимчин, 1977 онд МҮЭСТО-ы дэргэдэх “Айзам” хамтлагийг үүсгэн байгуулагч гишүүн, 1978 онд ардын армийн 122 дугаар ангийн байлдагч, 1978-1983 онуудад үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Соёмбо” чуулгын хөгжимчин, 1983 онд Улсын циркийн хөгжимчин, 1986-1988 онд “Цирк-Эстрад” хамтлагийн уран сайхны удирдагч, хөгжимчнөөр ажиллаж байжээ.
1989 онд УДЭТ-ын дэргэд “Харанга” хамтлаг, 1993 онд “Харанга” рок төвийг санаачлан байгуулж, залуу хамтлаг, уран бүтээлчдийг бэлтгэл сургуулалтын байр танхим, хөгжмийн зэмсгүүдээр хангаж, уран бүтээл туурвихад нь дэмжлэг үзүүлдэг үлгэр жишээ удирдагч байв. Мөн 2005 онд “Ажнай хуур” үндэсний хөгжмийн хамтлагийг үүсгэн байгуулж, 2017 онд Хүүхдэд зориулсан хамгийн анхны энтертайнмент тайзтай, “49-р гудамж” хүүхэд, залуучуудын театрыг үүсгэн байгуулж, уран сайхны удирдагчаар 2022 он хүртэл ажилласан билээ. Монголын орчин цагийн дуу, хөгжмийн хөгжлийг түүчээлсэн, эстрад, рок поп урлагийн салбарт өөрийн нэрийг дархалсан эрхэм хүмүүн байсан юм.
Тэрээр нь 20 гаруй кино, жүжгийн хөгжмийг туурвисан “Харанга” хамтлагтайгаа 1989 онд “Амьдрал”, 1991 онд “Дэлхий ертөнц”, 1993 онд “Миний рок”, 1994 онд “Харанга” хамтлагийн 5 жилийн ойн тоглолтууд, “Тэртээх өдрүүд”, 1997 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон Монголын Соёлын өдрүүдэд оролцож байв. 1998 онд “Эрин зууны хөг” тоглолт, 1999 онд “Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт, “Бодлын тэнгис” анплагед тоглолт, 2002 онд “Хурд” хамтлагтай хамтарсан тоглолт, 2004 онд “Харанга” хамтлагийн 15 жилийн ойн тоглолт, “Ертөнцийн өнгө” тоглолт, 2009 онд “Харанга” хамтлагийн 20 жилийн ойн тоглолтууд, 2011 онд “Амьдрал-2” тоглолт, 2014 онд “Харанга” хамтлагийн 25 жилийн аялан тоглолтууд, 2018 онд “Хайрла…” тоглолт, 2019 онд “Замд гаръя…” 30 жилийн ойн тоглолт, 2022 онд “BEST of HARANGA” тоглолт, 2024 онд “Амьдрал” амьд хөгжмийн наадам, “Анплагед” тоглолтоо толилуулж байсан билээ.
Ц.Энхманлай нь элбэрэлт ханийнхаа түшиг тулгуур, үр хүүхдүүдийнхээ ачлалт аав, хамтлагийнхаа уран бүтээлийн ундарга, хөгжмийн урлагийн тансаг аялгуу, Монголын гитарчдын Домог- Ноён оргил, үзэгч сонсогчдынхоо сэтгэлийн мөнхийн дуудлага нь байж чадсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!